Categories
мэдээ цаг-үе

Таван толгой дээр МАН-ынхны тохирох гээд байгаа шинэ хувилбар юу вэ?

Валютын сангаас доллар горьдсон энэ өдрүүдэд өндөр чанарын коксжих нүүрсний их нөөцтэй Таван толгойгоо хөдөлгөчих болов уу гэсэн хүлээлт эдийн засагчдад байна. Эдийн засагчид ч гэлтгүй, долларын ханшид дарлуулсан хэн бүхэнд Таван толгойн ирэх өдрүүдийн өнгө хамаатайн дээдээр хамаатай болчихоод байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр байгуулагдсан ажлын хэсэг Таван толгойн хэлэлцээрийг эхэндээ идэвхтэй нь аргагүй өрнүүлсэн. Тэр үед Таван толгой удахгүй хөдөлнө гэсэн өөдрөг мэдэгдэл хийсэн Ц.Дашдорж сайд одоогоор хэвлэлийнхнээс зай барих тактик барьж байна. Ажлын хэсэг УИХ дахь МАНын бүлэгт Таван толгойг хөдөлгөх хувилбарыг оруулснаас хойш коксжих нүүрсний том орд тойрсон асуудал таг гацсан юм. Яаман дээрх ажлын хэсэг одоогоор хэлэлцээр явуулсан зүйлгүй, гэрээний нөхцөлүүд дээр санал авах, судлах байдалтай байна. Хятадын цагаан сар болоод “Шинхуа”-гийн албаны хүмүүс бүгд амраад явчихсан, ерөнхийдөө түр пауз авсан байдалтай байгаа аж.

Товчхондоо, Таван толгойг ингэж тэгж хөдөлгөнө гэсэн хувилбарын талаар албаны хүмүүс ам ангайх дургүй байна. Сураг ажгаар сонирхвол хоёр, гурван хувилбар яригдаж байгаа бололтой. Таван толгойг 400 сая ам.доллараар Шанхайд зарж магадгүй нь гэх мессэж үе үе сонсогдож буй. Сүүлд гарсан мэдээллээс анзаарахад барьж авч болохоор нэг сэжүүр бий. Тэр нь ЗГХЭГаас гаргасан мэдээлэл. М.Энхсайханы ахалсан багийнхны хөрөнгө оруулагчидтай тохирсон ч УИХын дэмжлэгийг авч чадаагүй хувилбарыг яльгүй өөрчлөх санаа байгаа бололтой. Өмнөх тохироогоор бол олборлолтын тухайд 51 хувь нь дангаараа “Энержи ресурс” гэж яригдаж байсан.

Харин одоо яригдаж буй хувилбараар Таван толгойн 51 хувьд нь “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хамтарч, 49 хувьд нь “Шинхуа” дангаараа оролцоно гэсэн сураг мэдээ дуулдаж байна. “Төмөр зам”-ын тухайд консорциум маягаар хөдөлгөх санаа байгаа бололтой. “Монголын төмөр зам” дангаараа 51 хувь, “Шинхуа” 49 хувийн оролцоотойгоор Хятадтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалт өрнөж магадгүй нь. Мэдээж тодорхой хугацааны дараа төр 100 хувь хүлээж авах тохироо хийгдэж таарна. Урд хөрш рүү нүүрсээ зөөх төмөр зам дээр улстөрчдийн оролцоо, ашиг сонирхол, зөрчил туйлдаа хүрчихсэн, улстөрчид нь төдийгөөс өдий хүртэл төмөр замын бүтээн байгуулалтыг байнга гацааж ирсэн болохоор “Шинхуа” энэ хувилбарт дуртай гэгч нь толгой дохих нь юу л бол гэсэн болгоомжлол судлаачдад байна. Өмнө нь нүүрсээ тээвэрлэх төмөр зам барина гээд санхүүжилт хүртэл босгосон түүхтэй “Энержи ресурс”-ын тухайд төмөр замын бүтээн байгуулалтаас зайгаа барих нь тодорхой болчихсон. Төмөр зам дээр үүнээс өөр ямар хувилбар яригдсан нь одоогоор тодорхойгүй байна.

“Шинхуа”-гийн зүгээс Таван толгойд дангаараа оролцох санал тавьсан гэх сураг ч чих дэлсэж байна. МАН-ын бүлэг дотор “Өмнө ярьсан Монгол, Япон, Хятад гэсэн хослол бүхий консорциумаас татгалзъя, Шинхуад л өгчихье” гэсэн яриа хөөрөөтэй улстөрчид ч байгаа гэх. Хэрвээ “Шинхуа” ийм санал гаргаад тэрийг нь МАН-ын бүлгийн гишүүд дэмжвэл Таван толгойд хятад ажилчид орж ирж, Хятадын техник технологиор олборлолт явуулна, үндэсний ханган нийлүүлэлт, Таван толгойгоос монголчуудад шууд бусаар орж ирэх өгөөж хумигдана, “Чалко”-гийн томсгосон хувилбар болно гэх болгоомжлол бий.

Одоогоор ийм хувилбарууд сонсогдож байна. Гэхдээ хамаг учир нь төсөл зөв буруудаа биш, МАН-ын бүлэг дотроо зориглож, улс төрийн шийдэл гаргаж чадахгүйд байгаа юм. Хэдхэн өдрийн өмнө гэхэд л Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы хуралдааны үеэр “За, та нар надаас мөнгө нэхэж байна, зөв. Надад мөнгө, валют хэрэгтэй байна. Гэхдээ та нарын улс төрийн шийдлүүд хаана байна вэ? Том төсөл хөтөлбөрүүд, хоолойн дээр тулсан асуудлууд дээрээ улс төрийн шийдлүүдээ зоригтой гаргаад, бидэнд чиглэл өгөөч ээ” гэж хэлсэн. Таван толгойн хэлэлцээр тойрсон өнөөгийн дүр төрхийг үүнээс илүүгээр яаж ч илэрхийлэхэв.

Монгол гэдэг улс ойрын хугацаанд 2.7 тэрбум ам.долларын гадаад валютыг гадагш нь гаргахаар болчихсон. Шуудхан хэлэхэд бид энэ хэмжээний өрийг төлөх ёстой. Гэтэл одоо байгаа валютын нөөц маань шавхаад шавхаад нэг тэрбум ам.доллар гаруйхан. Валютыг гуравхан эх үүсвэрээр авдаг. Эхний хоёр нь экспортын орлого ба гадаад хөрөнгө оруулалт. Харин гурав дахь нь зээл, тусламж. Зээлжих зэрэглэл навс унасан, хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ түгээхээ болиод удаж байгаа, хувийн компанийн худалдаад авчихсан хувийг төрд буцааж авна гэх мэт тэс хөндлөн мэдэгдэл хийж суугаа бидний хувьд зээлийн тухай ам нээгээд одоохондоо бүтэшгүй санаа. Тэгэхээр экспортын орлогоо нэмэх, төсөл хөтөлбөрүүддээ гаднаас хөрөнгө оруулалт татах гэсэн хоёр зам л байна.

Таван толгойн хэлэлцээрээ үргэлжлүүлж, улс төрийн зоригтой шийдвэр гаргавал гадаадын хөрөнгө оруулалт татах, гадагшаа ахиу нүүрс зарж дажгүй хэмжээний доллар олох уг нь асуудал биш. Таван толгой улс төрийн гацаанд орчихоод байна. Бодлогуудыг мянга сайхан эрэмбэлж гаргалаа ч хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр нь гарахгүй бол ямар нэмэр байхав.

Хэлэлцээрт оролцогч Монголын талын төлөөлөл “Энержи ресурс” компанийн удирдлагын хэвлэлд өгсөн ярилцлагаас анзаарахад залхсан өнгө аяс анзаарагдсан. Заавал оролцьё гэх юм байхгүй, төр засаг өөрөө яах ийх шийдвэрээ гаргана биз, бидний хувьд урдах ажилдаа л төвлөрөөд явна гэх утгатай үг хэлсэн байсан. Үнэхээр ч төр засаг шийдвэрээ гаргахгүй бол хэн ч байсан залхахаар хугацаа өнгөрчихсөн л дөө. Таван толгойг ашиглах тухай хэлэлцээр яригдаж эхэлсэн 2010 оноос хойш гээд бодохоор чилийсэн долоон жил өнгөрсөн байна.

Одоо байгаа хувилбараараа явуулъя, “Эрдэнэс Таван толгой” уурхайн амнаасаа 70 ам.доллараар зарж болж байгаа юм чинь хөрөнгө оруулалт хэрэггүй гэсэн яриа МАН-ын дотоодод бас яригдаж байгаа сурагтай. Явж болохгүй биш болно л доо. Гагцхүү одоогийн буюу “өрөм хамах” хувилбараар, хамгийн өнгөн давхаргад байгаа сайн чанарын коксжих нүүрсээ хамж гаргаад явбал найман жилийн дараа Цанхийн уурхайн нөөц дуусах тооцоог судлаачид аль хэдийнэ гаргачихсан. Хар ухаанаар бодвол Таван толгойн өнгөн давхаргад хамгийн өндөр чанартай коксжих нүүрс нь бий. Доошлох тусмаа нүүрсний чанар нь муудна гэсэн үг. Дангаар нь зарвал үнэ хүрдэггүй чанар муутай, эрчим хүчний нүүрс доод давхаргуудад нь бий. Одоогоор “Эрдэнэс Таван толгой” өнгөн давхаргын өндөр чанарын коксжих нүүрсийг “өрөм хамах” маягаар олборлож Хятад руу зөөж байна. Зүй нь бүх давхаргын нүүрсээ олборлоод хольж баяжуулаад гаргавал л бид Таван толгойн нүүрсээ өнөөг хүртэл ярьсаар суугаа шигээ 100-200 жил ашиглана. Тэгж байж л Таван толгойн зургаан тэрбум тонн гээд байгаа том тоотой нүүрсээ бүрнээр нь ашиглах нөхцөл бүрдэх юм. Дахин хэлэхэд, өнөөдрийнх шиг өрөм хамах маягаар сорчилж гаргаад байвал Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсний нөөц наймхан жилийн дараа дуусч дэлхийд гэж яригддаг орд маань үнэгүйдэх эрсдэл бий. Хэрвээ тэгвэл иргэн бүрийн нэр дээр байгаа 1072 хувьцаа мөнгө, хөрөнгө болж амилахгүй.

МАН-ын бүлгийн зарим гишүүн “Эрдэнэс Таван толгой”-н олборлолтын зардлыг бусад уурхайгаас долоон ам.доллараар бага гэх мэтээр ярьж тайлбарлаж байгаа юм билээ. Хэдэн тоог эргэж харъя. “Эрдэнэс Таван толгой”-н нэг метр куб уулын цул олборлох зардал 14200 төгрөг. Эдний зардлыг Таван толгойн бүсэд зэргэлдээ ажилладаг жижиг Таван толгой, “Энержи ресурс”-ын олборлолтын өртгөөс 2-3 дахин өндөр тоо гэж судлаачид онцолдог. Уулын цул олборлох зардлыг хөрс хуулалтын коэффицинтээр үржүүлж, нэг тонн нүүрсний олборлолтын зардал гардаг юм билээ. “Эрдэнэс Таван толгой” өнгөрсөн хугацаанд 24 сая орчим тонн нүүрсийг 20-30 доллараар тооцож экспортолсон статистик дуулддаг. Хэрвээ хөрөнгө оруулалт татаад, нүүрсээ угааж баяжуулаад гаргасан бол тонныг нь дор хаяж 120 ам.долларын дундаж үнээр зарах боломжтой гэсэн тооцоо саявтар дуулдсан. Зөрүү нь 90 ам.доллар гээд тооцохоор 2.1 тэрбум ам.доллар нэмж олох боломж бидэнд байсан гэсэн үг. Алдагдсан боломжоо тооцоод үзэхээр ийм аварга тоо гарч байна. Нүүрсээ хямдаар өрөнд гаргах асуудлыг нүдээ аньж өнгөрөөгөөд өрөө л дарж байвал их юм гэж бодлоо гэхэд нэмээд 400 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал бий. Эерэгээр харахад хэцүү тоо.

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Таван толгойг хөдөлгөхгүй нь гэсэн болгоомжлол амьдралд ойрхон дуулдаж байна. Төрд Таван толгойд хөрөнгө оруулалт татах ямар ч сонирхол алга гэсэн байр суурь ч сонсогдож байгаа. Хамгийн тод нотолгоо нь Таван толгойн Зүүн, Баруун Цанхи дээр зэрэг олборлолт хийгээд эхэлсэн явдал гэнэ. Нээрээ л ашиглалт нь ид яваа ордыг ямар ч хөрөнгө оруулагч итгэлтэй гэгч нь хараад, их мөнгө гаргаж ашиглая гэж дуугарах нь юу л бол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *