Тавантолгойн II шатны хэлэлцээ тун амжилттай явж байгааг ажлын хэсгийнхэн онцолж буй. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан ажиллаж байгаа бол дэд уулзалтуудыг хариуцсан ахлагчаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарыг томилсон. ҮАБЗ-өөс Тавантолгойг саадгүй явуулах үүргийг Засгийн газарт өгсөн бөгөөд одоогийн байдлаар хэлэлцээ түр завсарлажээ. Учир нь Хятадын еэвэн сар манай цагаан сартай давхацсан, тиймээс “Шэнхуа”-н төлөөлөгчид нутаг буцсан учраас хэлэлцээг түр зогсоож, ирэх пүрэв гариг буюу энэ сарын 26-наас эхлүүлэх юм байна. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг ирэх сард дуусгахаар төлөвлөөд байгаа аж.