Categories
мэдээ цаг-үе

Таван ихэртэй нэг анги

Увс аймгийн Хяргас сумын Нэгдүгээр дунд сургуулийг 1994 онд төгссөн 8а ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. 1986 онд нэгдүгээр ангид элсэн орсон тэд наймдугаар ангиа төгстлөө хамт суралцсан юм. Ардын боловсролын тэргүүний ажилтан, хөгжмийн багш Маамхүү гуайн шавь гэдгээрээ тэд одоо ч бахархдаг.

Дүрсгүй, хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан хэмээн өөрсдийгөө дурсана. Сургуулиа төгсөөд нэгэнтээ 24 жилийг ардаа үдсэн ч хоорондоо уулзалдахаараа эргээд л гэнэн томоогүй хүүхдүүд шиг болцгоодог. Энэ ангид хурдан морь унадаг хүүхэд олон байж. Цагаан сарын дараа янз бүрийн тахилга, овооны баяр их болдог боловч сурагчдаа хичээлд шамдуулах гэж багш нар нь уралдаанд оролцуулахаас татгалздаг байсан гэнэ.

Нэг удаа тэд ЗИЛ 130 машинтай Сүхтулга гэх нутгийн ахаасаа уралдаанд хүргэж өгөхийг гуйжээ. Тэд хичээл тарсны дараа сургуулийн гадаа байдаг модон жорлонгийн хажууд цүнхээ шороонд булаад тэвшин дээр нуугдан явж байхад нь ангийн багш нь харчихаад 69 машинаар хөөж явсан хөгтэй түүхийнхээ тухай ярьж байлаа. Ангийнхаа хаалганы дээр нурчихсан байсан шаврыг эвтэйхэн тогтоогоод багшийнхаа толгой дээр унагаж дүрсгүйтэж байснаа “Багш нартайгаа ойртон дотносож, найз нөхөд шиг байхыг хүссэн хүүхдийн томоогүй зан байж” хэмээн өдгөө Ататуркийн нэрэмжит улсын тэргүүний Тавдугаар сургуульд дүрслэх урлаг, зураг зүйн багшаар ажиллаж буй Ц.Бадамдорж ярилаа. Тэрээр “Ангийн маань хамгийн дүрсгүй хүүхдүүд багш мэргэжлээр ажиллаж байна. Жишээ нь би” хэмээн хошигнож байсан юм.

Улсын шалгалтдаа бэлдэх гэж билет боловсруулан уншдаг байсан үеэ тэд дурсацгаана. Хөвгүүд ер билет боловсруулна гэж байхгүй. Ангийн охид л 60 гаруй асуултын хариуг бичиж, тэмдэглээд хөвгүүддээ уншиж өгдөг байж. Голын хөвөөн дээр суугаад л шалгалтдаа бэлддэг байсан тэр үе одоо бодоход хамгийн жаргалтай.

Багш нарынхаа сургаал үгнүүдийг одоо ч амьдралдаа хэрэгжүүлж, даган мөрдөхийг хичээдэг гэдгээ дурдаж байлаа. Бид арван жилийн сурагч байхдаа багшдаа загнуулж, шийтгүүлсэн тухайгаа аав ээждээ хэлэхэд багшийнхаа үгэнд орж байхыг л сануулдаг байсан. Хичээлийн эрхлэгч Нямаа гуай багц түлхүүр халаасалж явдаг аж. Тэгээд л сургууль дотор үймүүлж, сахилгагүйтсэн хүүхдүүдийг өнөөх хүнд түлхүүрүүдээрээ нэг ороолгочихдог байсан гэнэ. “Өвдөнө гэж жигтэйхэн” хэмээн тэд хөхрөлдсөн юм. Бага ангийн багш Бадам, Дэдхүү, Тогтох болон дунд ангийн багш Маамхүү, Нямаа нарынхаа зааж сургасан бүхэнд талархдагаа дурсаж байлаа.

Ангийн багш Маамхүүгийн охин М.Уранбилэг, дүрслэх урлагийн багш Сүхээгийн хүү С.Бадрал нар энэ ангид суралцдаг байж. Багшийн хүүхэд гэж давуу эрх эдэлнэ гэж үгүй. Бусдынхаа адилаар л хичээл номондоо шамддаг байсан. Хичээл өдөр нэг цаг гээд тарчихдаг. Үдээс хойш секц, дугуйланд хамрагддаг урлаг, спортын авьяастай, нийгмийн идэвх сайтай хүүхдүүд байж. Сумын сургууль учраас бүгдийнх нь гэр хоорондоо ойрхон. Үдээс хойш дугуйлангаа тарж, гэртээ ирээд хамтдаа усанд явна. Хүүхдүүд л юм хойно оройдоо тоглож наадан, цаг өнгөрснийг ч анзаардаггүй байсан аж. Нэгэн орой С.Бадрал, Ч.Лхагвасүрэн, Ц.Бадамдорж гурав хайрын захиа зөөхөөр явж байгаад дүрслэх урлагийн багш Сүхээд баригдан, зэмлүүлж явснаа мартдаггүй гэнэ. Тухайн үед одоогийнх шиг олон янзын тоглоом гэж байгаагүй тул үзсэн киногоо дуурайн тоглодог байж. Индиантай кино их гардаг байсан болохоор толгойгоо даавуугаар ороож байгаад өд хатган индианчуудыг дуурайн хөөцөлдөж тоглодог байсан тухайгаа ярьж байлаа. Мөн цаасан хайрцгаар теннисийн цохиур хийж, өнөөхөөрөө хөнгөн цагаан дугуйруулж, холбосон гинжийг цохиж, нааддаг байсан нь тэр үеийн хүүхдүүдийн хамгийн их сонирхдог зүйл байжээ.

Энэ төгсөлтөөс гурван гэр бүл төрөн гарчээ. Сургуулиа төгсөөд хамгийн түрүүнд амьдралаа холбосон нь Эрдэнэ-Очир, Уранчимэг хоёр юм. Зургаан хүүхдийн аав ээж болсон тэд өдгөө нутагтаа аж төрж байна. Тэдний дараа Г.Энхбаяр, Б.Нарантуяа нар гэр бүл болсон ба нутагтаа мал аж ахуй эрхлэн, Мянгат малчин цол хүртэж, амжилт дүүрэн амьдарч байна. Харин сургуулиа төгссөнөөс хойш 16 жилийн дараа С.Бадрал, Эрдэнэтуяа нар айл өрх болон амьдралаа нэгтгэжээ. Олон хос төрөн гарснаас гадна эдний ангид Ц.Хайдав, Ц.Жалцав, Б.Нарантуяа, Б.Сарантуяа, Т.Эрдэнэтуяа, Т.Эрдэнэгэрэл зэрэг таван ихэр хүүхэд суралцаж байсан гээд бодохоор их сонин.

Төгсөгчид маань бүгд л эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ амжилт үзүүлэн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна. Төгсөгч Ч.Лхагвасүрэн Говь-Алтай аймагт газар зүйн багшаар ажилладаг. Тэрээр өнгөрсөн жил өөрийн багын найз дүрслэх урлаг, зураг зүйн багш Ц.Бадамдоржийн хамтаар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Багш хүний хөдөлмөрийг үнэлсэн эрхэм шагналаар энэ ангийн хоёр сайн найз нэг жил энгэрээ мялааснаа ихэд бэлгэшээнэ.

Хүүхэд ахуй цагаасаа өдгөө хүртэл нөхөрлөж, амьдралын найзаа ангиасаа олсон тэд хүний зан ааш гэж өөрчлөгддөггүй юм байна хэмээн ярьж байв. Нас нэмж, гадаад төрх байдал өөрчлөгдлөө ч хүний суурь ааш зан гэгч тэр л хэвэндээ байдгийг олон жилийн дараа бие биетэйгээ уулзахдаа мэдэрсэн тухайгаа дурслаа.

Тэд хорин жилийн ойгоо 2014 онд тэмдэглэсэн. Өөр өөрийн ажил, амьдралтай учраас байнга уулзалдах боломжгүй ч фэйсбүүкийн группээрээ дамжуулан өдөр бүр сонин хачинаа ярилцдаг байна. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Увс аймгийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээнд оролцох үеэрээ цугласан тэд удахгүй болох шинэ жилийн баяраа 1996 оны Увс аймгийн нийт төгсөгчдийн хамтаар өнөр олуулаа тэмдэглэхээр төлөвлөөд байгаа гэнэ. 2024 онд ангийнхаа 30 жилийн ойг тэмдэглэх ба Хяргас сумын 100 жилийн ой ч энэ үеэр тохиох ажээ.

Э.МАРАЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *