УИХ 2015 оны төсвийн тодотголыг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн батлав даа. Тодотголыг хэлэлцэж байхад Засгийн газар нефтийн онцгой албан татварыг “Төвийн боомтуудаар импортлох авто бензинийг тонн тутатмд 200 мянган төгрөг, дизель түлшинд 300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэе” гэсэн саналыг оруулж ирсэн байна хэмээн нэлээд шүүмжлэл дагуулсан. Нефть импортлогч компаниуд Онцгой албан татварыг нэмснээр одоо төлж байгаагаасаа гурав дахин их татварыг төлөхөөр болоод байгаа юм. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед хувийн хэвшлийнхнээ хамгийн ихээр анхаарах ёстой гэдэг ч үнэндээ нефть импортлогчдын хүзүүн дээр том хар буулга тавьчихлаа.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хувийн хэвшлийнхэн татварын дарамт доор байгаа ч зүтгэсээр. Төр засаг нь ч мэдсээр байж татвараар дарамталсаар байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн оршин тогтнох боломж үнэндээ хомс болсон. Хомс ч гэж дээ алга болчихсон. Бид гадаадын хөрөнгө оруулалт, гадны бизнес гээд л хөл алддаг. Маахайгаа эргэтэл гүйж, гадныханд найр тавиад өнөөдөр нэмэгдсэн юм юу байна. Гадаадын компаниудаа төр засаг нь байнга дэмжиж ирсэн. Цаашид ч тэгэх дүр зураг харагдаж байгаа. Харин дотоодын хувийн хэвшлийнхэн нь зүтгэсээр л байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийг хэлэлцэнэ. Эдийн засаг хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа ч төсвийнхөө алдагдлыг яаралтай нөхөхийн тулд “дуугүй хүнд дээрэнгүй ноёд” олон гэдэгчлэн авирлаж, тэдний татварыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр болсон. Нефть импортлогчдын татварыг нэмэгдүүлчихвэл он дуустал Онцгой албан татвараас 43.5 тэрбум төгрөг, 2016 оны улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ гэж үзээд байгаа. Гэхдээ үүнийгээ “Бөөний үнэ дээр тавигдаж байгаа татвар” гэж хэлж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ жижиглэнгийн үнэнд зайлшгүй нөлөөлөх нөхцөл бүрдсэн байгааг нефть импортлогч компаниуд хэлээд байна. Манайхан ямар үнэ хөөрөгдөхийг андах биш. Шатахууны үнэ нэмэгдлээ гэнгүүт л талх, гурил, будаа гээд бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмэгдсэн энэ хүндрэл иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлэх нь тодорхой.
Татварын дарамт гэдэг бол ил тод харагдаж, хүн бүрт мэдрэгддэг тийм л зүйл. Манай орон чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжөөд багагүй хугацааг үдээд буй. Төр засгийн татварын дарамт эдийн засгийг эрүүл замд нь ороход чөдөр болж байна. Төрийн зүгээс шударгаар татвараа төлж буй бизнесийнхнээ дэмжихгүй атал “татварын дарамт” дээр “ногоон гэрэл” асаадаг болсон. Төр хувийн хэвшлийн бизнес рүү татвар хэлбэрийн дарамт өгдгөөс болж эдийн засаг хорлогдож байна. Хорлох энэ үйл явцаа зогсоох бүрэн боломж бий. Тэрхүү хорны ерөндөг нь ч төрийн гарт байж л байна.
Ард түмнийхээ нүүрэн дээр гарч ирэхээрээ “Яанаа, ийнээ” болж та бүхнийхээ сайн сайхан амьдралын төлөө бид цаг наргүй зүтгэж байна гэдэг хэдий ч халаасан дотроо гараа зангидан суугааг юу гэх вэ. Татварын энэ таагүй нөхцөлд бизнесийнхэн тэр дундаа үндэсний томоохон компаниуд, уул уурхайнхан бүр мөсөн сөхрөх янзтай. Тэр олон ажилчдаа ажилтай, цалинтай нь байлгахын тулд гүрийж л явна. Гэсэн ч төр засаг нь тэднийхээ эрч хүчийг мохоох “татвар” хэмээх бороохойгоороо балбах гээд л сууж байна даа. Ийм эрүүл бус, зах зээлийн зарчмаасаа ухарсан үйлдлийг Засгийн газар өөхшүүлж байгаа нь нууц биш. Хэрвээ УИХ энэхүү төсвийн тодотголыг нууц тохирооныхоо дагуу баталж орхивол дизель 2200, бензин 2000 хүрч өсөх нь тодорхой болоод байна. Үүнийг дуулсан иргэд өчигдөр цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлж “Баячууд нь Ландаа, борчууд нь Лаазаа уна гэсэн доромжлол. Бензиний үнэ нэмэх юм бол тэмцэхээс өөр арга алга” хэмээн шуугиж байгааг төрийн түшээдэд дуулгачихъя.
Өнгөрөгч нэгдүгээр сард Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ямар ч татварын дарамт өсөхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхий сайд ч гэсэн “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн гурвантаа хэлж, “Ямар ч татвар нэмэгдэхгүй” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэж байгаад хэлсэн цаг саяхан билээ. Нефтийн үнэ ханш нэмэгдээд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл бид хэндээ буруу өгөх вэ. Үнээ нэмсэн гээд нефть импортлогчид руугаа дайрах уу.
Тэдний татварыг нэмсэн Засгийн газар руугаа дайрах уу. Эсхүл татвар нэмж авах шаардлагатай болгосон эдийн засгийн хямрал руу буруу өгөх үү. Энэ бүхнийг зохицуулдаг Монголын төр гэж байна даа. Төрдөө залбирч ирсэн түмнээ бодох цаг иржээ.
Э.БОЛД