Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Тухайн иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг.
Татварын буцаан олголтыг авах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сард хүлээн авч дууссан. Энэ жил нийт 75396 татвар төлөгч иргэн тайлангаа ирүүлж, тэдний 45.8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.
Буцаан олголтыг авахаар энэ оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11727 иргэний төлөлтийг энэ сард багтаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөжээ.