УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.
Гэвч Төсвийн байнгын хорооны дарга дарга Б.Чойжилсүрэн “Байнгын хороогоор Татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, гэвч анхны хэлэлцүүлгийг дууссаны дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын бүлгийн зүгээс Татварын багц хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдэд засвар оруулах хүсэлтээ бичгээ болон амаар ирүүлсэн. Энэ дагуу өчигдөр Төсвийн байнгын хорооны Татварын багц хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаж Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийх нөхцөл байдал үүссэн учраас чуулганыг үргэлжлүүлэхгүйгээр Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийг гүйцээн хэлэлцээд чуулганаар дахин оруулж ирье гэдэг саналтай байна” гэснээр холбогдох байнгын хороо руу буцаалаа.