Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа зургаадугаар сарын нэгнээр дуусгавар болж буй.
Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгааг албаныхан хэлж байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.
Тодруулбал, татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг. Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна.