Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татвар ба Валютын сангийн хөтөлбөр

Төсвийн тодотгол батлагдах нь тодорхой болчихлоо. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөл үүссэн учраас тэгэх ёсгүй, ингэж учиргүй гэж улстөржих хэтээсээ илүүц л дээ. Ерөнхий сайдын хэлж байгаачлан Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлбэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй олон улсын банк санхүүгийнхэн бидэнд үүдээ нээнэ, урсгал нь татраад амь тавих гэж буй гадаадын хөрөнгө оруулалтын талаар таатай мэдээнүүд дуулдаж эхэлнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн чуулганы хуралдааны үеэр гишүүдэд “Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монголын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана” гэсэн тайлбар хийнэ лээ. Санал нэг байна, ийм боломжууд бидний өмнө нээгдэх нь үнэн. Товчхондоо Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй шалтгаан нэгэнт үүсчихсэн. Хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц бидэнд байхгүй.

Гэхдээ “Юманд учир суманд гичир” гэж үг бий. Валютын сангаас ногоон авах зорилготой төсвийн тодотгол нэг л биш гэдгийг дээр, дооргүй шүүмжилж байна. Наад захын жишээ гэхэд баргийн дарамтыг тэвчээд өнгөрдөг бизнес эрхлэгчид нэгдэж тэмцэхээ дуулгалаа. Тэднийг төлөөлдөг Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс мэдэгдэл гаргачихлаа. Компанийн эзэд төсвийн тодотголыг энэ хэвээр нь баталбал татвараа төлөхгүй шүү гэдгээ хугацаа зааж байгаад зарлав. Нэмэгдсэн татвар төлж нуруугаа авахуулснаас татвар төлөөгүйнхээ төлөө торгуулдаг хоногийн 0.01 хувийн алдагдлыг төлсөн нь дээр гэж үзэж байгаа бололтой. Арга чаргатай бол хэн ч илүү мөнгө алдаж алданги төлөх гарц сонгохгүй. Аргагүйдээд сонгосон гарц болов уу гэж харагдаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дан ганц компаниудад ачаа болохгүй. Авдаг хэдээ байрны лизингдээ бараад дуусч буй иргэдэд дарамт нэмэх учраас үйлдвэрчний эвлэл бас дуугүй суусангүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараар оролдох юм бол ажил хаялт зарлана гэчихлээ. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын татварыг нэмэх санал гаргасан төр зардлаа хэдэн зуун тэрбумаар өсгөсөн учраас энэ удаагийн тодотгол “хэрүүлийн алим” болсон хэрэг.

Энэ удаагийн тодотгол Валютын сангийн даалгавраар гэсэн тамгатай болохоор Сангийн сайд ам бардам “Валютын сан ингэж даалгасан учраас бид төсвөө ингэж тодотголоо” гэсэн тайлбар хийж сууна. Валютын санд орох сураг бидэнд “Сезам хаалгаа нээ” гэдэг шиг л сонсогдсон. “Али Баба ба дөчин дээрэмчин” дээр ингэж хэлэхээр эрдэнэс нуусан агуйн үүд нээгддэг дээ. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл бидэнд “эрдэнэсийн үүд” нээгдэнэ. Валютын сангийн амлаж буй 440 сая ам.доллараас гадна Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас гурав орчим тэрбум ам.доллар орж ирнэ. Нийтдээ таван тэрбум гаруй ам.долларын сураг дуулдаж буй. Хамгийн түрүүнд ам.долларын ханш суларч, төгрөг чангарна гэсэн сайн мэдээ бий. Валютын ханшийн галзууралгүй орчин гэдэг бол бизнес хийх таатай суурь гэх мэт эерэг тайлбарууд дуулдаад эхэлчихсэн. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тухайд Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь хөтөлбөр. Хугацаа нь 36 сар. Харьцангуй урт хугацаатай, хүү багатай гэсэн давуу талтай. Гэхдээ “Үнэгүй бяслаг хавханд бий” гэдэг шиг энэ их мөнгө бидэнд зүгээр ирэхгүй. Товчхондоо хариуд нь төлөөс өгөх учиртай мөнгө.

Тэтгэвэрт гарах нас маань нэмэгдэнэ, дээр дурдсанчлан нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар өснө. Мөнгө нь хэрэгтэй ч татвараа нэммээргүй байдаг. Шуудхан хэлэхэд хүсэл, хясал зэрэгцчихээд байна. Энэ талаас нь харахаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголыг нэгэн дуугаар батлахгүй нь эхнээсээ л тодорхой байсан. Төрийн өмчийн компаниудаа ашигтай ажиллуул, алдагдалтайг нь хувьчил гэх мэтээр төр өмчийнхөө компаниудад шударгаар, зах зээлийн зарчмаар хандах хэрэгтэй гэж дуугарсан гишүүн цөөнгүй байлаа. Энэ талаар нэлээд жинтэй үг хэлсэн нь Л.Энх-Амгалан гишүүн. Түүний “Өмч хувьчлалын орлогыг төсвийн орлогод бүртгэхгүй байгааг дэмжихгүй. 100 гаруй төрийн өмчит компани бий. 11.3 тэрбумын алдагдалтай ажилласан. 2012 онд 187 тэрбумын ашигтай ажилладаг байсан. Хувьцаа эзэмшигчдэдээ 8.4 тэрбумын ногдол ашиг хуваарилдаг байсан ч одоо 1.5 тэрбумын ногдол ашиг хуваарилсан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид 2012 онд 40300 хүн ажилладаг байсан бол өнгөрсөн онуудад 455618 болж нэмэгдсэн. Ялсан намын компани болж хувирдгийг нь болиулъя. Удирдлага, менежмэнтийг цоо шинэ шатанд гаргаж ирэх ёстой. 10 их наядын хөрөнгөтэй компани байдаг ч өгөөж нь тэг” гэсэн үг анхаарал татаж байв.

Гишүүдийн шүүмжлэлд өртсөн өөр сэдвүүд гэвэл хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл ба тэтгэврийн нас, нэмэх нь төрийн тансаглал. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг дэмжихгүй. Хувь хүний орлогын албан татвар нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бүлгийнхэнд хамаарч байгаа. Хоёр ч төрлийн татвар нэгэн зэрэг нэмэгдэх болж байна. Ингэвэл иргэдэд дарамт нэмэгдэнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Тэтгэврийн насыг 65 хүргэхээр хатуу хуульчлан тогтоосноос сонголтыг нь өгчих. Хүссэн нь 60 насандаа тэтгэвэртээ гараг, цааш ажиллая гэсэн нь 65-тайдаа тэтгэвэртээ гарч болно” гэж байв. Монгол компаниудын дундаж нас арав гэсэн судалгаа байдаг юм билээ. Арван жил ажиллаад дампуурдаг, алга болдог нь олон гэсэн үг. Тэгэхээр тэтгэврийн нас нэмэгдвэл хувийн хэвшилд ажилладаг хүмүүс хохирч таарна. Төрд ажиллагсдад халгүй ч олонхи иргэдэд халтай заалт гэдгийг эндээс төвөггүй харчихаж болж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал дээр УИХ-ын гишүүн Х.Баделхан “Эдийн засаг хүндрэлтэй үед дарамт учруулна. Үйлдвэр аж ахуйн газрууд хүнд байдалд байгаа учраас анхааралтай хандах хэрэгтэй. Төсвийн байгууллагад хүндээр нөлөөлөхгүй. Уул уурхайнханд том нөлөө үзүүлэхгүй. Хөнгөн үйлдвэрийнхэнд хүнд тусна” гэж байр сууриа илэрхийлж харагдсан. Эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй байхад татвар нэмэхээс өөр арга алга гэж мөрөө хавчих нь буруу гэх шүүмжлэл ч давтамжтай дуулдсаныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Төрийн тансаглалыг шүүмжилсэн гишүүдийн нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Д.Эрдэнэбат гишүүний “Төрийн зүгээс хувийн унаа, агентлагийн дарга нараа хасахгүй байж, татвар нэмж, иргэдийн нуруун дээр ачаа тохохоо боль” гэсэн шүүмжлэлд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Та бүхний тавьсан өр. Одоо матрын нулимс унагаж, ард түмэнд худлаа хайр зарлаад яах вэ” гэсэн хариу өгнө лээ. Сангийн сайдын хувьд хэтэрхий улстөржсөн жижиг хариулт өглөө энэ тэр гээд шүүмжилж болж л байна. Тэтгэврийн нас нэмлээ гэх шүүмжлэлд “Олон улсын жишгээс тэтгэврийн насаараа хоцрох гээд байна” гэсэн хариу өгснийг нь сонсоод “Олон улсын жишигт хүрэхээр амьдрах, ажиллах, бизнес хийх орчин бүрдүүлж өгсөн бил үү” гэх мэтийн тайлбар өгмөөр санагдсан. Гэхдээ одоо Сангийн сайдыг ийм тийм гэж шүүмжилж, чи, би гэж улстөржиж суух цаг биш.

Төр нь хасмаар тансаглалаа танаж, татвар дээр бизнес эрхлэгч, жирийн иргэдээ туйлдуулчихгүй шиг ухаалаг хандаж, хуучин машин гэх мэт улс даяар нөлөөлөөд байхааргүй татварууддаа анхаарч, аль аль талдаа хохирол гомдол багатай хувилбарыг олоод урагшлахаас өөр зам бидэнд байхгүй.

Валютын сан шаардсан учраас төсвийн тодотголоо ингэж хийхээс өөр гарц олдсонгүй гэсэн тайлбарыг засгийн зүгээс өгч байгаа. Яг үнэндээ эрх баригчид өнөөг хүртэл валютын сан яг ямар шаардлага тавьсныг цагаан дээр хараар бичсэн баримт, нотолгоотой нь хэнд ч харуулаагүй. Валютын сангийнхны тухайд үрэлгэн зардлаа тана, нэмж болох татвараа өсгөх ч юм уу, ямар нэг аргаар төсвийнхөө орлогыг өндөр болго гэсэн ерөнхий чиг өгсөн байх. Лав л төрд зардлаа хэдэн зуун тэрбумаар өсгө гэж зөвлөөгүй болов уу. Дахиад хэлэхэд аль аль талдаа учраа ололцох зам л бидэнд үлдсэн. Мэдэгдэл гаргаад байгаа бизнес эрхлэгчдээс голлох хэдийг нь сонгоод валютын сангийнхантай хэлэлцээрийн ширээний ард сууж яагаад болохгүй гэж. “Төрийн ордонд суугаа тансаг амьдралтай улстөрчид Баянхошуунд зүдрүүхэн амьдардаг Дулмаагийн амьдралыг ойлгохгүй байна” гэж ирээд шүүмжилдэг шиг ОУВС-гийн эдийн засагчдад Монгол гэдэг улсын дотоод зовлон үнэндээ хол сэдэв. Тэр зовлонг нь хэлэх хүмүүсээ хөтөлж аваачаад валютын сангийнхантай уулзуулчихад болохгүй юмгүй. Энэ мэт бодитой гарц олж чадахгүй, хөнжилдөө хөлөө жийлцээд байвал өнөө гоё “Сезамын хаалга” эргэж нээгдэхгүйгээр хаагдана. Хаагдчихвал дампуурлаа зарлахаас өөр сонголт бидэнд үлдэхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *