Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллажээ

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх яаралтай бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд долоо удаа хяналт шалгалтыг ажлын хэсэг болон хөдөлгөөнт эргүүлээр хийжээ.

Зөвхөн шалгалт явуулаад зогсохгүй мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд замын цагдаагийн газартай хамтран 27 эргүүлийн пост, баталгаат бус замууд дээр 53 удаагийн эргүүл, хяналтыг хийжээ.

Тус хяналтаар

  • Багануур дүүргийн эргүүл, постноос 11,
  • Налайх дүүргийн эргүүл постноос 4,
  • Сүхбаатар дүүргийн эргүүл, постноос 3,
  • ХУД-ийн эргүүлийн постноос 7,
  • Багахангай дүүргийн эргүүл постноос 2,
  • Баянгол дүүргийн эргүүл постноос 10 нийт 37 хураагдсан тарвага, тарваганы түүхий эдийг устгалд оруулжээ.

Тарваган тахлын Байгалийн голомт, хяналтын гүнзгийрэл шинжилгээг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдад календарчилсан төлөвлөгөөний дагуу хийж, 130 амьтан олзворлон, 12 гулгидас түүж, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Цуглуулсан шинжилгээний сорьц, материалыг нян харах, нян судлал, ийлдэс судлал, биологийн аргаар шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч Y.pestis илрээгүй, одоогоор голомт тайван, идэвхижилгүй байгааг тандалтаар тогтоолоо.

Мөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үед шаардагдах эм урвалж, халдваргүйжүүлэх бодис, хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтуудаар илэрсэн алдаа зөрчлийг арилган, нөхөн хангалт хийж ажиллажээ.

Тарваган тахлын дархлаажуулалтад эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, тарваган тахлын цэвэр өсгөвөр, туршилтын амьтад болон халдвартай, халдварын сэжигтэй материалтай ажиллагсад, мэргэжлийн хяналтын болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд, тарваганы түүхий эдтэй ажиллагсад болон анхан шатны боловсруулалт хийдэг байгууллагын ажилтан, тарваган тахлын голомтот нутагт геологи, хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнуур бэлтгэл эрхэлдэг хүмүүс, малчид зэрэг 970 хүн хамрагдлсан байна.

Мөн тарваган тахал өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар 1244 эмч эмнэлгийн мэргэжилтэн, 260 албан хаагч, 159 оюутан сурагч, 748 эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгсэд, 5693 иргэдэд сургалт сурталчилгаа хийж, 3986 сурталчилгааны материалыг түгээж, эмч эмнэлгийн ажилтны дунд мэдлэг сэргээх хөгжөөнт асуулт хариултын жүжигчилсэн тэмцээн 2 удаа зохион байгуулж, шалгарсан багийг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр урамшууллаа.

Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдэд тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлт, өвчлөлийн үед авах арга хэмжээний тухай дадлагажих үзүүлэн сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангаж ажиллалаа гэж НЭМГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *