Categories
мэдээ нийгэм

Тариаланчдын зөвлөгөөн болж байна

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан-Уул аймагт болж байна.

Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэллээ.

Үзэсгэлэн, худалдааг нээж ХХААЯамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үг хэлэв. Тэрбээр “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлог, үйлдвэрлэлийн цар хэмжээнд тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх явдал туйлын чухал юм.

Тиймээс зөвлөгөөн, үзэсгэлэнг зорин ирсэн тариаланчид та бүхэн үзэсгэлэнд тавигдсан техник, бүтээгдэхүүнийг биечлэн үзэж, үйлдвэрлэгч, борлуулагчийн зүгээс үзүүлж буй боломж, саналтай танилцан улмаар гэрээ, хэлцэл хийж үзэсгэлэндээ өндөр ач холбогдол өгч оролцохыг урьж байна” хэмээсэн юм.

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сорт, технологийг танилцуулж бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрхэн зохистой хэрэглэх талаар технологи арга зүйн зөвлөгөө өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *