Categories
мэдээ цаг-үе

Тариа хураалт, өвлийн бэлтгэл, хуримын сар эхэлж байхад юун Инчён

БНСУ-ын Инчён хот­ноо Азийн спортын XVII их наадам болж байна. Энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх уг наадамд Азийн 45 орны 9500 тамир­чин 36 спортын төрлөөр өрсөлдөж бай­на. Манай улсын 234 тамирчин спортын 24 төрөлд хүч сорьж байгаа юм. Монголын тамирчид эхний өдрөөс л одтой байж медалийн буухиагаа таслахгүй явж байна. Өчигдрийн байдлаар дөрвөн алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медальтайгаар 15 дугаар байрт жагсч байлаа. Энэ удаагийн наадмыг БНХАУ-ын баг 126 алт, 80 мөнгө, 62 хүрэл медальтайгаар тасархай түрүүлж байна. Харин араас нь зохион байгуулагч БНСУ 54 алт, Япон 37 алт, Казахстан 15 алт, Иран 14 алтан медальтайгаар тус тус нэхсээр.

БНСУ-ын хувьд зохион байгуулагч, талбайн эзэн гэдгээрээ энэ удаагийн наадмыг хошуучлах гэж янз бүрээр үзэж байгаа бололтой. Ер нь ч тэгдэг л дээ. Жижиг, том байна уу хамаагүй тэмцээн л бол тэмцээн. Зохион байгуулж байгаа газар нь аль болох тухайн тэмцээндээ тэргүүлчих санаатай л байдаг.

Монголчууд Инчёноос медаль хүртлээ гэх сай­хан мэдээг “Жүдочдын хоолноос бохир зүйл гарчээ” гэх хачирхмаар мэдээ сэлт дагалдсан нь тухайн үед эвгүй л бай­лаа. Гэсэн ч монголчууд тиймэрхүү явцуу зүйлд нэг их ач холбогдол өгдөггүй учир тэгэсхийгээд өнгөрөөсөн юм. Тэгтэл дараа нь манай далбааг буруу байрлуулсан нь монголчуудын эгдүүг төрүүлэв. Гэсэн ч бид уурсан хилэгнэсэнгүй, энэ чинь зүгээр наадам шүү дээ. Хүмүүс андуурч, эндүүрээ л биз.

Манай багийг ахалж байгаа Б.Бат-Эрдэнэ авар­га тэргүүтэй нөхөд дипломат ёсоорАзийн наадмыг зохион байгуулах хороонд ноот бичиг явуулж, болж буй үйл явдалд албан ёсны тайлбар хүссэн. Ноот бичгийн хариу ч ирсэн.Уг бичигт солонгосчууд болсон явдалд харамсч байгаагаа илэрхийлж, цаашид ийм алдаа дутаг­дал гаргахгүй гээд хоёр орны найрамдалт харилцаа, Азийн ард түмнүүдийн эв нэгдлийн төлөөх энэхүү наадмыг үлдсэн хугацаанд хүчин чармайлт гарган зохион байгуулахаа хичээнгүйлэн бичжээ.

Ингээд болсон явдал намжлаа гэтэл тэгсэнгүй. Манай боксчдыг оноогоор илт дарж, өрсөлдөгчөө хөл дээрээ тогтохгүй болтол нь зодсоор байтал ялалтыг нөгөө талд өгсөн нь хэний ч дургүйцлийг төрүүлж “Энэ Солонгосчууд чинь яасан олиггүй, шударга бус улс вэ” гэсэн дохиог дэлхий нийтэд өгчихлөө.

Японы арлыг шуу­гиулж, монгол эрийн хий­морь жавхааг дэлхийд цуурайтуулсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж болж буй явдалд эмзэглэж байгаагаа илэрхийлэн, цахим ертөнцөд үгээ илэр­хийлснийг япон­чууд олж уншаад хэв­лэл мэдээллийн хэрэгс­лүүд нь цохон тэмдэг­лэж байна. Японы мэдээл­лийн хэрэгслүүд “Солонгосчууд Монго­лын боксчдыг арай хэт­рүүл­жээ. Спортыг оршин тогтоодог шударга бай­дал солонгосоор дуусч байна уу” гэж олон улсад дамжуулж байна.

Манай хойд хөршийн­хөн ч энэ бүхэнд анхаарал хандуулж солонгосчууд монголчуудын ялалт, амжилт бүрийг хэрхэн дарж, нууж байгааг дэлхий нийтэд уламжилжээ.

Гэтэл Өмнөд Солон­госчууд зөвхөн Монголын баг биш Энэтхэг, Иран, Казахстан зэрэг улсуудын багуудад ч эвгүй зан гаргаж, зарим тоглолт тэмцээн дээр шударга биш байдал гаргаад байна.

Монголчууд бид БНСУ-тай үүх түүхээрээ ч, орчин цагт ч тэр ямар нэг сэжмээр холбогд­дог. Тэнд манай олон мянган залуус ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Энд ч олон зуун солонгос­чууд ажиллаж амьдран сууж байна. Уг нь бие биеэ үгүйсгэх улс биш л. Үнэндээ монголчуудын хэдэн хувь Инчёны наа­дамд анхаарал хандуул­сан бол оо. Нэг их тоо гарахгүй л болов уу. Яагаад гэвэл манай тамирчид олимп, дэлхийн аваргаас медалийг ихэрлүүлж, алаглуулаад авчихдаг болсон болохоор ард түмний хувьд зөвхөн олимп, дэлхийн аваргын дэвжээ л хамгийн үнэ цэнтэй мэт болчихсон.

Н.Төгсцогтод зохих ялалтыг өгөөгүй нь тэнд байсан монголчуудын дургүйцлийг төрүүлсэн нь мэдээж л дээ. Рингнээс хэдхэн алхмын зайнаас тоглолтыг нүд салгалгүй ширтэж байсан хүний сэтгэл хөдлөл юугаар ч илэрхийлшгүй сай­хан бас эгзэгтэй бай­даг. Тэгээд яах вэ дургүйцлээ илэрхийлээд ганц хоёр ундааны сав шидчихэж. Гэтэл үүний хариуд солонгосчууд “Тэгээд байвал танай багийг наадмаас хасна” гэж “томорчээ”. Үүгээр ч зогсохгүй БНСУ-ын зүгээс Монголд байгаа нутаг нэгтнүүддээ хан­дан “Та нар орой үдэш ресторан, бааранд орж хооллохгүй байх, харанхуй гудамжаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал царайгаа дал­далж, нүдний шил зүү” гэж анхааруулжээ. Ийм анхааруулга гаргасныг дуулаад хичнээн монгол инээсэн гэж санана.

Бидний хувьд Солон­го­сын соёл заншил, хоол ундыг ойлгон хүлээж авцгаасан. Яагаад гэвэл бид нэг дэлхий дээр амьдран суугаа л улс шүү дээ. Яахав нэг тэмцээн дээр тэд тамирчнаа ялуу­лах гэж хичээгээд олимп, дэлхийн аваргын медальтай, барууныхныг 17-хон насандаа байлдан дагуулчихсан шавилхан боксчин залууд ялалт өгөхгүй гээд оноог нь дараа л биз. Тэрийг дэлхий нийт бүгдээрээ л харсан. Солонгосчуудыг бид ажилсаг, хөдөлмөрч хичээнгүй хүмүүс гэж ойлгодог. Бидэнд байхгүй сайн чанарууд тэнд бий, бий. Бас бид тэднийг эх оронч хүмүүс гэж боддог. Монголчууд бид ингэж л солонгосчуудыг эерүү боддог. Тэгтэл нэг багахан тэмцээнээс болж тэд нэр төрөө унагаан байж улайрч байгаа нь харамсалтай. Н.Төгсцогт рингнээс бууж ирээд хэл­лээ ш дээ “Надад нэг медаль дутаад байсан юм. Тэр нь Азийн наад­мын медаль л даа. Бусад нь бүгд байгаа. Медальтай л харьюу гэж бодсон юм. Гэхдээ яах вэ. Шударга үнэн ялах биз” гээд. Монгол хүнд жудаг гэж нэг зүйл байдаг юм. Тэр нь энэ.

Монголчууд урьсан зочноо хоймортоо суул­гаад, хоол ундны дээжээ өргөн барихдаа цайнд нь өндгөө ч дүрэхээс цээр­лэдэг тийм ариун ёс заншилтай талын уужим сэтгэлтэй хүмүүс. Азийн наадамхан төдийд тамирчныхаа оноог даруулж, хоолоо бузарлуулчихаад уурлаж босч ирдэг мунхаг улс биш ээ. Яагаад гэвэл бид түүхийн янз бүрийн нугачаа зовлонг туулан өнгөрүүлэхдээ элдэв саадыг туулаад л гарчих­сан, гарч чаддаг. Олимп, ДАШТ-д оноогоо даруулах байтугай, медалиа ч луйвардуулаад хоосон ирж ч байсан удаатай.

Гуулин улсын андууд­даа хэлэхэд Монголын баг тамирчдын маань хувьд Инчёны наадам бол хуваарьт ёсны дагуу л оролцож байгаа ээлжит нэг тэмцээн нь. Монголчууд бүгдээрээ шуугилдаад л ажил төрлөө алдан байж энэ наадмыг үзээд байгаа юм алга. Тариа хураалт, өвлийн бэлтгэл, найр хуримын үе эхэлж байхад юун, Инчён. Зав алга. Тийм болохоор Монголд байгаа солонгосчууд минь өмнө нь манай оронд яаж амьдардаг байсан бэ, яг тэр хэвээрээ л байгаарай. Бид наадам төдийхөнд хөөрөөд байдаггүй. Яагаад гэвэл долдугаар сар гараад л манай орны өнцөг булан бүр, тосгон болгонд иймэрхүү наадам зөндөө болдог юм.

Эх оронч байна гэдэг олон медаль авчирснаар хэмжигддэггүй. Харинулс орныхоо нэрийг дэлхийн дайдад бүтэн, бүрэн авч явахыг хэлдэг гэж бид ойлгодог оо.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *