УИХ-ын отгон чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлж, чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “…Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна…” хэмээв. Энэ өгүүлбэрийг онцолсны учир ердөө хоёр сарын өмнө “Алдаанаасаа суралцаж, гажуудлаа засах” маш том боломжийг энэ парламент алдлаа.
Улс хөгжих, мөнгөтэй болох, бизнесүүд өндийх, төгрөгийн ханш чангарах, өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байх, экспорт импорт нэмэгдэх зэрэг эдийн засгийн бүх урсгал ерөөсөө хөрөнгө оруулалттай холбоотой. Гэвч бид хуулиараа, хүмүүсээрээ, үзэл хандлагаараа гадныхныг элдэн хөөчихсөн. Үүнийхээ горыг ч хангалттай амсч ирлээ. Хөрөнгө оруулагчдыг элдэн хөөсөн 2012 оны эдийн засгийн уналтаас хойш бүтэн 12 жил Монгол Улс тогоон дотроо тэмцэлдсэн.
Уг нь өнгөрсөн дөрвөн жил, түүний өмнөх парламент ч, тэр битгий хэл сөрөг хүчнийхэн амаа чилтэл ярьж ирсэн сэдэв бол хөрөнгө оруулалт, түүнийг татах хууль эрх зүйн орчны асуудал байв. Хөрөнгө оруулагчдын хүсдэг гол зүйл тодорхой, таатай, тогтвортой хууль эрх зүйн орчин л байдаг. Тэгвэл энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэчилсэн төслийн хоёр зүйл заалт олны анхаараалд орсон нь товчхондоо Монгол Улс хар, саарал жагсаалтаас гарсан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдаас татах 100 мянган ам.долларын босгыг болиулсан. Нөгөө нь өмнөх хуулийн “эзэмшүүлэх” заалтыг хасч, газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэсэн заалтыг хэвээр үлдээсэн явдал байв. Хөрөнгө оруулагчдын хүлээлтэнд байсан энэ хуулийн төсөл өнөөдрийн хөгжил дэвшилтэй, хүн төрөлхтний мэдлэг соёл дээд цэгтээ хүрсэн нийгэм, цаг үед маш сонин, харанхуй гэмээр шалтгаанаар гацаанд орсон нь хачирхалтай. Тэр хачирхалтай шалтгаанд Монголын өнцөг булан бүрээс шилэгдэн, сонгогдсон улстөрчид, архаг парламентчид хүртэл итгэсэн нь бүр сонин.
Гэхдээ энэ технологи манайд анхных биш. Нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улс урд хөрштэй шууд холбогдож экспорт хийх нарийн царигтай төмөр зам барих гэхэд “Танктай хятадууд орж ирж Монголыг эзэлнэ” гэдэг суртал ухуулга өргөн хүрээнд өрнөж, тэр нь бүр нийтийг хамарснаар төмөр замын төсөл 10 жил гацсан түүхтэй. Энэ эмгэнэлт пи-ар явсаар өргөн царигтай төмөр зам барьж, эцэст нь хилийн наана мухардаад зогсчихсон. Инээдэм гэх үү, эмгэнэл гэх үү.
Гэтэл танк ажиллагааны дараагийн хувилбар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр хэрэгжчихлээ. Арга барил нь ижил. Хуулийн төслийн агуулга, үр дагавар чухал биш төсөл санаачлагч Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Хятадын эрлийз хурлийз, хамсаатан, үгсэн хуйвалдагч, захиалга гүйцэтгэгч, Хятадуудад 100 жилээр газар зарах гэж байна гэж олон нийтийн тархийг угаалаа. Харамсалтай нь энэ тархи угаалтанд олон нийт битгий хэл парламент автаж, хуулийн төсөл гацаанд орж, занданшиж үлдэв. Энэ бол УИХ-ын дарга Г.Занданшатарын дээр хэлсэн “Алдаанаасаа суралцаж, гажуудлаа засах” мэдэгдэл амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжсэний гашуун жишээ. Г.Занданшатарын тэргүүлсэн энэ парламент хэрхэн ажилласнаа дүгнэж буй энэ цаг хугацаанд сануулах ёстой улс орны том эрх ашиг бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байлаа.
Сонирхолтой нэг зүйл бий. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үнэхээр газрыг гадныханд зарахыг санаархав уу. Хэнд ч хардах эрх бий. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар санаачилж, З.Энхболдын даргалсан УИХ батлахдаа “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ЭЗЭМШҮҮЛЭХ, ашиглуулах уг хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан байв.
Товчхондоо Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан, гадаадынханд газар “ЭЗЭМШҮҮЛЭХ” заалтыг Н.Алтанхуяг санаачилж, З.Энхболд алх цохиж 11 жилийн өмнө батлаж байлаа. Тэгвэл сая Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс “эзэмшүүлэх” заалтыг хасч, зөвхөн ашиглуулах гэж үлдээснийг хуульчид, эдийн засагчид, хэрсүү иргэд ойлгоод байгаа ч нөгөө танкны үлгэрийн зохиолчид хуулийг биш хувь хүнийг нь гүтгэн харлуулах кампанит ажлыг өрнүүлсээр өнөөдрийг хүрэв.
Сайд Ч.Хүрэлбаатарын газрыг гадныханд эзэмшүүлж болохгүй, зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглуулах нь үр ашигтай, эх оронч бодлого гэж энэ хуулийн өөрчлөлтийг тайлбарладаг. Түүний энэ байр зөвхөн өнөөдөр ч биш, аль ч цаг үед, аль ч парламентад энэ байр сууриа хамгаалж ярьж хэлж, шүгэл үлээж байж. Тэрээр 2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр газрыг гадынханд “ЭЗЭМШҮҮЛЭХ” заалтыг эсэргүүцэж байсныг тухайн үеийн телевиз, радиогийн фонд, сонины шарласан хуудсанд үлджээ. Цахим орчинд ч тухайн үеийн баримт байна. Тодруулбал, 2014 оны зургадугаар сарын 16-нд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Газрын тухай хуулийн төслийн дараах хоёр заалтаас (Газрын тухай хуулийн төсөл 3.1.6 “газар эзэмших” гэж газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгчтэй байгуулсан гэрээнд заасан зориулалт, нөхцөлийн дагуу өөрсдийн мэдэлд байлгах эрхийг. 15.5 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар олгоно) харахад гадаадын компаниуд өөрийн мэдэлд байлгах газраа худалдаж авч болох юм байна. Засаг дарга нар газраа гадныханд зарах эрхтэй юм болох юм байна” гэж анхааруулсан мэдэгдлийг цахим хуудсаараа хийж байжээ. Өөрөөр хэлбэл, саяхан бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нар сумынхаа газар нутгийг их хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эзэмшүүлсэн асуудлыг “Нүүрсний сонсгол”-ын үеэр мэдэж эрх баригчид, иргэд бүгд гайхаж хоцорсон. Гэтэл одоогоос 10 жилийн өмнө “Яг ийм зүйл болно шүү” гэж Ч.Хүрэлбаатар тухайн үед сөрөг хүчний гишүүн байхдаа анхааруулж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг хуулийн төслөө татаж авах саналыг ч гаргаж байжээ.
Ингээд харахаар их сонин. Газрын асуудал яг л танкны хувь тавиланг давтчихаж байгаа юм. Арга барил нь яг ижил. Төмөр замын төсөл Монгол Улсад ямар их үр өгөөжтэй байсныг таслан зогсоож, “Танктай хятадууд орж ирнэ” гэж гацааж чадсан шиг. Гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай цаг үед хуулийг нь шинэчилж, ялангуяа “гадныханд газар өгөх гэлээ” гэсэн заалтыг нь хуучнаас нь авч хаячихаад байхад эсрэгээр хэрэгтэн болгож харлуулж байгаад улс орны эрх ашгийг уландаа гишгиж орхилоо.
Танк ажиллагаа амжилттай хэрэгжсэн. Үргэлжлүүлээд “газар” ажиллагаа…
Б.ЦЭЦЭГ
3 replies on “Танк ажиллагаа газраар солигдоод… DNN.mn”
Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан, гадаадынханд газар “ЭЗЭМШҮҮЛЭХ” заалтыг Н.Алтанхуяг санаачилж, З.Энхболд алх цохиж 11 жилийн өмнө батлаж байлаа
10 жилийн өмнө Женкогийн танкны үлгэрт итгэж, тархидуулж байсан Монголчууд өнөөдөр ч бас тархидуулсаар л байна. Энэ газар эзэмшүүлэх заалтыг санаачилсан засгийн газарт женко өөрөө ажиллаж сайд хийж байсан шүү дээ…
Бүхэл бүтэн уурхай зарсан хүнп хэн итгэх билээ.