Categories
мэдээ цаг-үе

Танилц: Цэнхэр гаригийн хамгийн нөлөөтэй эрхмүүд

Их Британийн судалгааны байгууллага YouGov жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг тодруулдаг уламжлалтай. Тэдний шалгаруулалтын гол үзүүлэлт нь интернэт санал асуулга. Өнөө жил дэлхийн 41 орны иргэдийн саналыг сонсчээ. YouGov-ын сонгосон 41 улс хүн амынхаа тоогоор дэлхийн нийт хүн амын гуравны хоёрыг эзэлж байна. Онцолж хэлэхэд судалгааны багийнхан орон орны хүмүүсээс “Хамгийн их бишрэн хүндэлдэг эрэгтэй, эмэгтэй хүн чинь хэн бэ” хэмээн асуудаг. Эцэст нь хамгийн олон удаа дурдагдсан хүмүүсийг эрэмбээр нь жагсаадаг юм. Санал асуулга зөвхөн интернэт орчинд явагддагаараа онцлог. Тэгэхээр судалгааны дүн онлайнд идэвхтэй байдаг хүн амыг л төлөөлж чадна гэж YouGov –ынхон хэлж байна. Сонирхуулахад, интернэт хэрэглээ нь 60 хувиас доогуур улсуудад Хятад, Египет, Энэтхэг, Индонези, Пакистан, Өмнөд Африк зэрэг орон ордог юм байна. Ингээд өнөө жилийн хамгийн нөлөө бүхий төр ниймгийн зүтгэлтнүүдийг танилцуулъя.

АХИАД Л ХЯТАД, АМЕРИКИЙН ЭРЧҮҮД

Дэлхий даяар хамгийн их хүндлэгдэж, бишрэгдсэн эрчүүдийн жагсаалтыг “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бил Гэйтс тэргүүлсэн хэвээр байна. Энэ алдартай эрхэм 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг мөн тэргүүлсээр ирсэн билээ. Хоёрдугаар байранд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, гуравт БНХАУ-ын алдартай жүжигчин, Оскарын наадмын тусгай шагнал болох Академийн хүндэт шагналт Жеки Чан жагсчээ. Дөрөвдүгээр байрын эзэн нь БНХАУ-ын дарга Си Жинпин. Тавд нь мөн л Хятадын бизнесмэн, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жек Ма бичигдлээ.

Нөлөө бүхий эрчүүдийн эхний таван байр өмнөх жилийнхээс огт өөрчлөгдөөгүй гэж YouGov –ийнхон онцлов. Цэнхэр гаригийн алдартай таван эрийн хоёр нь америк, гурав нь хятад болсон нь яах аргагүй анхаарал татсан хэрэг гэж тус байгууллагынхан хэлж байна. Билл Гейтс жагсаалтыг олон жил тэргүүлсээр яваа нь хэр зангарагтай бизнесмэн гэдгийг харуулж байгаа юм. Зөвхөн эхний тав ч гэлтгүй эхний 20 байрын эзэд нэг их өөрчлөгдөөгүй гэхэд болно. Учир нь эхний хорьд энэ жил хоёр л шинэ гишүүн нэмэгдсэн нь Шахрукх Хан болон Салман Хан гэсэн Энэтхэгийн хоёр жүжигчин.

ХАМГИЙН НӨЛӨӨТЭЙ ХАТАГТАЙ НАР БОЛ УРЛАГ, СОЁЛЫНХОН

Харин хүндлэгдэм эмэгтэйчүүдийн тэргүүнд АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишел Обама бичигдлээ. Түрүү жил Холливүүдийн жүжигчин НҮБ-ын элч төлөөлөгч Анжелина Жоли тэргүүлж байсан юм. Хоёрт АНУ-ын ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Опра Уинфри жагсав. Гуравдугаар байранд өнөө ч дур булаам хэвээрээ Анжелина Жоли оржээ. Энэ удаа Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет дөрөвт жагссан бол Их Британийн үзэсгэлэнт жүжигчин Эмма Ватсон тавд бичигдлээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Мишель Обама, Анжелина Жоли хоёрын байр солигдож, Хиллари Клинтоны байрыг залуу жүжигчин Эмма Ватсон эзлээд байна.

Энэ жилийн хувьд нөлөө бүхий хатагтай нарын жагсаалтын эхний 20-д таван шинэ эмэгтэй нэмэгдсэн байна. Тэдний хоёр нь дэлхийн хамгийн том гүрнүүдийн удирдагчдын эхнэр буюу тэргүүн хатагтай нар. АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп 19-д бичигдсэн бол БНХАУ-ын тэргүүн хатагтай, дуучин Пэн Лиюань долоод жагсчээ. Хятадын химич, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Тү Юү Юү есдүгээр байранд орсон байна.

89 настай эл эрдэмтэн нь халуун орны хумхаа өвчинг эмчлэх эмийн жорын нээлтийг хийснээр Өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Африк, Өмнөд Америкт олон сая хүний амь насыг аварч байсан эгэлгүй ачтан юм. Өнөө жил Энэтхэгийн жүжигчид дэлхийн шилдгүүдэд шинэ өнгө нэмснийг Энэтхэгийн жүжигчин Сушмита Сен шилдэг хорьд багтаж батлав. Дэлхийн нөлөө бүхийн шилдэг 20 эрэгтэйд Энэтхэгийн хоёр эрэгтэй жүжигчин багтсаныг өмнө онцолсон билээ.

Шилдэг эмэгтэйчүүдийн жагсаалтад Америкийн ток шоуны хөтлөгч Эллен Дежинерес нэмэгдсэнийг онцолъё. Түүний хөтлөн явуулдаг ток шоуг Опрагийн шоунаас ч илүү алдар хүндийг олоод байгаа гэлцдэг. Эллен нь жинхэнэ од төдийгүй дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүний нийгэмд үзүүлэх нөлөөллийн жин маш их гэдэг нь твиттер дагагчдынхаа тоогоор дэлхийд долоод, инстаграмынхаа дагагчдын тоогоор 58-д жагсдаг үзүүлэлтээс нь харагдана. Мөн тэрээр лесби, эхнэр нь Австрали- Америкийн модель, жүжигчин Портия де Росси гэдгийг фэнүүд нь андахгүй мэдэх билээ.

Жил жилийн нөлөө бүхий эрхмүүдийг ажиглаж байхад эмэгтэйчүүдийн хувьд дуучин, жүжигчин, телевизийн шоуны хөтлөгчид гэх мэт энтертайнмент чиглэлийн ажил эрхэлдэг эмэгтэйчүүд тэргүүлж ирсэн байдаг. Харин эрчүүдийн хувьд бизнесмэн, улстөрч, спортынхон дээгүүр бичигддэг. Эндээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь болон амжилтанд хүрдэг карьерыг харж болохуйц байна.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *