“Танихгүй эмэгтэйн захидал” зохиолыг бичсэн Австрийн зохиолч Стефан Цвейг 1881 онд мэндэлсэн этгээд. Тэгэхээр он цагийн хувьд энэ зохиол “хөгшин” гэж тооцогдохоор ч өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүйг бодоход хүний сэтгэл ерөөсөө өөрчлөгдөөгүйг илтгэх мэт. Зохиолч хэдийгээр эр хүн ч эмэгтэй хүний сэтгэлийн нарийн ширийнийг гоц мэдэрдэг байсан нь агуу зохиолчоос гадна сэтгэл судлаач байсантай нь ч холбоотой байлгүй. “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоороо бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Зохиолын үйл явдал 41 настай, алдартай зохиолч эр төрсөн өдрөөрөө шуудан хүлээж авснаар эхэлнэ. Ямар ч хүн гараар бичсэн зузаан захидлыг уншихаас тээршааж мэдэх ч “Намайг хэзээ ч таньж мэдэхгүй чамд” хэмээн эхэлсэн нэр, хаягаа ч бичээгүй танихгүй эмэгтэйн захидлыг уншихад хүргэсэн хүчин зүйл нь хурц цочирдом эхлэл буй за. “Миний хүүхэд өчигдөр нас барчихлаа” хэмээн эхэлдэг мөрүүдээс учиг хөвөрнө. Юуны өмнө бүсгүй захидал бичихэд хүргэсэн шалтгаанаа тайлбарладаг. “Талийгаач хүүтэйгээ ганцаар үлдэж чадахгүй, бас уй гашуудаа автан хашгирч орилж чадахгүй. Тэгэхээр энэ аймшигтай мөчид чамтай биш бол өөр хэнтэйгээ ярих билээ” хэмээн учирлана. Бүсгүй халуурч, өвдөж, хүүгийнхээ араас явахаасаа өмнөхөн эцсийн хүчээ шавхан байж мөнөөх зохиолч эрийг насан туршдаа чин үнэнчээр хайрласан түүхээ зөвхөн ганцхан удаа, эцсийн мөчдөө хүүрнэх ажээ. “Хорвоогийн нэг ч хүн цорын ганц хүүгээ алдчихаад сууж байхдаа худлаа ярихгүй” хэмээн учирлаад, хэлсэн бүхэндээ итгэхийг бүсгүй хүснэ. Зохиолч эрийг анх харсан өдөр түүний амьдрал жинхэнэ утгаараа эхэлсэн хэмээн бүсгүй бичжээ. Зохиолч эр түүний шинэ хөрш болон нүүж ирдэг. 25 настай хөгжилтэй ганган зохиолч эр бяцхан охины шүтээн болсонд гайхах юмгүй байдаг л түүх. Охин залуу эртэй шатан дээр мөргөлдөж, харц тулгарахад зөөлөн манантсан нүдээр харж, ялдам инээмсэглэж “Авхай баярлалаа” гэж хэлсэн нь охины бяцхан зүрхэнд үүрд хадгалагдан үлджээ. Үнэндээ энэ хэдэн хором залууд сэтгэгдэл үлдээсэн нь юу л бол. Харин охиных тэндээс нүүдэг ч насанд хүрмэгцээ хайртай залуудаа биеэ тушаахаар төрөлх хотдоо буцан ирнэ. 1718тай бүсгүй Вена хотод ирээд, даашинзны дэлгүүрт ажиллангаа хуучин байшин руугаа гүйж, залуугийн амьдардаг байрны гадна, гэрэл унтартал цонхон дор нь зогсох ажээ. Залуутай хөтлөлцөн ирдэг олон хүүхнүүдээс харамлахын зовлонг охин эдлэнэ. Мэдээж хүүхэмсэг эр орь залуу сайхан охиныг анзаарах мөч ирсэн. Оройн хоол хамт идэхийг хүсэхэд нь охин “Тийм” хэмээн шууд л зөвшөөрнө. “Манайд очиж юм ярьж суух уу” гэхэд нь “Дуртайяа” хэмээн хариулна. Хайртай залуутайгаа учирсан гурван шөнийн дараа бүсгүй жирэмсэн болсноо мэддэг. Аян замд гарсан залуу эргэж ирэхдээ охиныг мартжээ. Гэсэн ч бүсгүй хүүхдийн эцэгт үнэнийг хэлээгүй шалтгаанаа “Үл таних эмэгтэй, гурван шөнийн тохиолдлын найз, ямар ч эсэргүүцэлгүйгээр эхний хүсэлтээр биеэ тушаасан эмэгтэйд итгэхгүй байсан” гэдгээр тайлбарладаг. Бүсгүй ядуусын үйлчлүүлдэг халамжийн эмнэлэгт зовж зүдэрч байж амаржиж хүү төрүүлжээ. Хайртай залуугаасаа авч үлдсэн ганц нандин дурсгал хүүгээ хүн шиг амьдруулахын тулд тэр биеэ үнэлж эхэлдэг. Сайхан бүсгүйд дурласан эр нэг бус. Эхнэр нь болохыг ч гуйна. Хэрэв тэдний хүсэлтийг хүлээж авсан бол бүсгүй хангалуун амьдарч, хүү нь ч амьд үлдэх байж. Гэсэн ч бүсгүй татгалзсан. Хайртай эрийнхээ эхний дуудлагаар гүйж ирэх эрх чөлөөтэй байхын тулд шүү дээ. Үнэхээр ч тэр залуугийн нүдэнд дахин өртөж, шөнийн жаргал эдэлдэг ч хамаг сэтгэлээ зориулсан хайртай залуу, хүүгийнх нь эцэг түүнийг таньдаггүй. Нэрийг нь ч мэдэхгүй хэвээрээ үлдэнэ. Энэ бүсгүй яагаад ийм тэнэг юм бол. Хайртай гэдгээ хэлэхгүй яасан юм бол, хүүхдээ хөтлөөд очихгүй яагаав дээ хэмээн халагламаар. Гэсэн ч тэр энэ бүхний эцэст танихгүй эмэгтэй хэвээр үлдсэн нь хайртай эрээ гэсэн сэтгэлээс нь үүдэлтэй. Хүүхдийг нь тээснээ хэлсэн бол залуу мөнгө өгөх байсан. Гэхдээ нэгэнтээ гуйлгачинд мөнгө өгч салахын түүс болсон тэр л сэтгэлээрээ хандана гэдгийг бүсгүй ухаарч байжээ. Эрх чөлөөнд умбасан, чөлөөт дурлалтай эр бүсгүйн дурлалын түүхийг сонсож, хүүгээ мэдсэн бол хариуцлага хүлээх сэтгэлдээ хөтлөгдөж, дарамтад орох байсан. Дараа нь бүсгүйг үзэн ядах болно. Үүнийг бүсгүй хүсээгүй. Хамаг ачаагаа өөртөө үүрсээр төгсдөг. Үнэндээ танихгүй эмэгтэйг хүүхэмсэг эр бүтээсэн юм шүү.
Б.Янжмаа