Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Гэртээ бургер хийгээрэй

Орц (Хоёр хүний)

Үхрийн мах-450-500гр

Сонгино-нэг ширхэг

Сармис-хоёр хумс

Сыр-5-6 ширхэг

Улаан лооль-2-3 ширхэг

Салатны навч

150-180гр

Гич-нэг цайны халбага

Кетчуп-нэг цайны халбага

Орегано-1/2 цайны халбага

Розмарин-1/4 цайны халбага

Давс-1/2-1 цайны халбага

Перец-1/2 цайны халбага

Өндөг-нэг ширхэг

Бургер талх-5-6 ширхэг

Хийх арга

Үхрийн бага зэрэг өөхтэй мах сонгож машиндана. Тахиа, гахайн мах ч болно. Махыг тасалгааны нөхцөлд гэсгээсэн байх ёстой.

Гич, кетчуп, давс, перец, нэг ширхэг өндөгний шарыг махтайгаа холино. Мөн розмарин, орегано, сонгино, сармисыг жижиглэн хэрчиж хийгээд сайтар хутгаж холиорой. Ингээд махыг бургер хийх хэмжээгээр тасдаж аваад хавтгайлж гялгар цаасаар хучин 30 минут, боломжтой бол 1-2 цаг сэрүүн газар амраасны дараа шарна. Гэрийн нөхцөлд хайруулын тавганд шарахад тохиромжтой. Хайруулын тавганд бага зэргийн ургамлын тос (оливын тос эсвэл цөцгийн тос ч байж болно) хийж халаагаад махаа шарна.

Ингэхдээ маш зөөлөн гал дээр удаан хугацаанд зөөлөн шарна. Хэт ширүүн гал дээр шарвал мах гаднаасаа түлэгдэж доторх нь түүхийрэх магадлалтай. Мах жигд бор шаргал өнгөтэй болмогц эргүүлж нөгөө талаас нь мөн адил зөөлөн гал дээр удаан шараарай. Харин шарах шүүгээнд шарах гэж байгаа бол 180 хэмд махны нимгэн зузаанаас хамаарч 15-30 минут шарна. Энэ хооронд бургерийн хачраа бэлдэнэ. Салатны навч, улаан лоолийг хүйтэн усанд угаана.

Ингээд бургерийн талхан дээр шарсан мах, салат навч, сонгино, чинжүү, улаан лоолийг хүссэн хэмжээгээрээ хэрчиж тавиарай.

Хүсвэл бага зэрэг гахайн махыг нимгэн хэрчиж шараад хавчуулж болно. Бургерийг заавал ийм тийм гэлгүй өөрийн дуртай зүйлээр хачирлаж болно.

Мэдээж сырийг нэмж давхарлаад, гич, майонез, томатны сүмс зэргээр хачирлаж дээр нь талхаа тавиарай.

Мадлен жигнэмэг

Амралтын өдрөөр хүүхдүүддээ хийж өгөх маш цөөхөн орцтой, хийхэд хялбар мадлен жигнэмгийн жорыг эзэгтэй нартаа хүргэж байна.

Орц

Өндөг-хоёр ширхэг

Элсэн чихэр-100гр

Цөцгийн тос-100гр

Гурил-170гр

Хийх арга

Шарах шүүгээгээ 200 хэмд халаана. Саванд өндөг, элсэн чихрээ хийгээд цагаан болтол нь таван минут орчим хутгаж холино. Дээрээс нь гурилаа бага багаар хийж хутгаарай. Тасалгааны хэмд хайлуулсан цөцгийн тосоо нэмээд зөөлөн хутгана. Зуурмаг нялцгайдуу, урсамтгай болох ёстой. Ингээд өөрт байгаа хэвэндээ зуурмагнаасаа халбагаар хутгаж хийнэ. Мөн өөрийн дуртай жимсээрээ чимэглээрэй. Урьдчилж халаасан шарах шүүгээнд 12 минут жигнээд амттай жигнэмэг бэлэн.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *