Орц (Гурван хүний)
Үхрийн татсан мах-550 гр
Ногоон сонгино-25 гр
Сармис-Хоёр ширхэг
Давс- Нэг цайны халбага
Хар перец-1/2 цайны халбага
Өндөг-Хоёр ширхэг
Бяслаг-250 гр
Хийх арга
Томхон саванд (татсан) үхрийн машиндсан цул мах, өндөг, татсан ногоон сонгино, сармисыг хийж давс, хар перец, улаан чинжүүнээс гадна өөрийн дуртай бусад амтлагчаар амтлаад сайтар холино. Амталсан мах барьцалдсан нялцгайвтар болох ёстой. Пармезан бяслаг сонгоорой. Байхгүй бол хайламтгай, гашуун биш зөөлөн амттай бяслаг байсан ч болно. Бяслагийг жижиг дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. Амталсан махнаас 40-50 гр орчмыг тасдан авч дунд нь хэрчсэн бяслагнаасаа нэг ширхгийг хийж бөөрөнхийлнө. Бөөрөнхий мах хэт зузаан байж болохгүй. Мөн сайтар базаж биежүүлэх хэрэгтэй. Шарах шүүгээг 190 хэмд сайтар халаана. Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэвсэнэ. Эсвэл сайтар тослоод бөөрөнхий махыг жигд өрж шарах шүүгээнд хийж 17-25 минут болгоно. Мах гадна талаасаа борлож бяслаг дотроо хайлах болно. Эсвэл шарах шүүгээнд шарахаасаа өмнө сайн халаасан 450-500 мл ургамлын тосонд махыг хийж эргүүлж тойруулан бор шаргал өнгө ортол шараад тосноос гаргаж 150 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15 минут болгож болно.
Өтгөн сайхан сүмс гаргахын тулд жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг 3-4 минут хуурч дараа нь жижиглэн хэрчсэн лууванг хийж 4-5 минут хуураад 180 мл томатны сүмс хийгээд зөөлөн гал дээр 1-2 минут хуурсны дараа 1/2 цайны аяга ус эсвэл үхрийн, хонины шөл хийж сайтар хутгаж буцалгана. Ингээд сүмсэн дээр шарсан бөөрөнхий махыг хийж зөөлөн гал дээр хоёр минут орчим хуураад галаас гаргаарай. Сүмсийг өөрийн хүссэнээр нэмж амталж болно. Ногоон сонгино, яншуй болон бусад ургамлын гаралтай ногоогоор амталж ч болох юм. Сүмстэй бөөрөнхий махыг чанасан гоймон эсвэл агшаасан будаа, амталж хуурсан ногоотой хачирлаж идэхэд тохиромжтой байдаг.
ШОКОЛАД, ЦӨЦГИЙТЭЙ БИН
Орц (Таван хүний)
Нунтаг какао-25 гр
Baking powder (нарийн боовны исгэгч)-нэг цайны халбага
Гурил-175 гр
Элсэн чихэр-100-150 гр
Давс-1/4 цайны халбага
Сүү-350 мл
Ургамлын тос-Дөрвөн хоолны халбага
Цөцгий-250 мл
Ванилийн сахар-Хоёр цайны халбага
Хийх арга
Саванд гурил, нунтаг какао, нарийн боовны исгэгч, элсэн чихэр, давсыг хийж холино. Дээрээс нь ургамлын тос, сүү, ванилийн сахарыг нэмж хийгээд сайтар хутгана. Ванилийн сахар хийхгүй байж болох ч чихэрлэг амт суларна. Зуурмаг нялцгай болох ёстой. Халааж тосолсон хайруулын тавганд зуурмагийг 60 мл-ээр хутгаж аваад асгаж тараана. Хөдөлгөж хутгах хэрэггүй. Гал хэт ширүүн байж болохгүй. Зуурмаг өөрөө биежиж болох болно. Ингээд 1-2 минут болсны дараа зөөлөн эргүүлж нөгөө талыг мөн адил шарна. Бингүүд адил хэмжээтэй байх ёстойг анхаараарай. Үүний дараа өтгөн цөцгийг элсэн чихэртэй хольж миксэрдээд крем маягийн болгоно. Цөцгийний чихэрлэгийг та өөрөө тохируулаарай. Ингээд бин тус бүр дээр 2-3 цайны халбага цөцгийг түрхэж бингүүдээ давхарлана. Хүсвэл шоколадны крем, жимсээр амтлаарай.
Бэлтгэсэн: А.ЗУЛ