Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Брокколи, гурвалжин будаатай тахианы махан котлет

Орц (Хоёр хүний)

Тахианы цээж мах-хоёр ширхэг

Брокколи -50-60 гр

Гурвалжин будаа -хоёр цайны аяга

Бууцай -70-80 гр

Ургамлын тос -150-200 гр

Өндөг-нэг ширхэг

Талхны хатаамал-нэг цайны аяга

Давс-1/2-1 цайны халбага

Хар перец-1/4-1/2 цайны халбага

Цөцгий-нэг хоолны халбага

Сонгино-нэг ширхэг

Хийх арга:

Брокколиг жижиглэж хүйтэн усанд сайтар угааж хатаасны дараа автомат холигчинд хийж сайтар бутлаарай. Бууцайг нэг хоолны халбага ургамлын тосонд хийж дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь хуурна. Тахианы цээж махыг чанаж зөөлрүүлсэн гурвалжин будаатай (хөц будаа байж болно) холигчинд хийж сайтар холино. Эсвэл тахианы махыг гараар жижиглэн татаад хольж ч болно. Ингээд саванд жижиглэн хэрчсэн сонгино,буталсан брокколи, хуурсан бууцай, гурвалжин будаатай тахианы мах, өндөг, 1/4 цайны аяга талх эсвэл нарийн боовны хатсан үйрмэг, цөцгийг (эсвэл майонез байж болно) хийж давс, хар перецээр тохируулан амтлаад сайтар базаж холиорой. Шанзнаасаа жигд хэмжээтэй тасдан авч хавтгайлаад талхны хатсан үйрмэгт (хатаамал) хоёр талаар нь дүрж аваад халаасан ургамлын тосонд нэг талыг 3-4 минут шарж болгоно. Өөрийн дуртай сүмс, амтлагч, будаа, ногоогоор хачирлан идэж болно.

ШИНЭ НОГООНЫ САЛАТ

Орц (Хоёр хүний)

Салат навч-200-300 гр

Улаан сонгино-нэг багц

Улаан лооль-3-4 ширхэг

Өргөст хэмх-1-2 ширхэг

Тахианы цээж мах-150-200 гр

Давс-нэг цайны халбага

Перец -нэг цайны халбага

Оливын тос-5-6 хоолны халбага

Нимбэгний шүүс-хоёр хоолны халбага

Хийх арга:

Хамгийн түрүүнд салат навчыг сайтар угаагаад дараа нь гараараа тасалж саванд хийгээд дээрээс нь хүйтэн ус хийж 10-15 минут сойх ба уснаас гаргаж хатаана.

Үүний дараа салатанд орох бусад хүнсний ногоог угааж, жигд хэрчиж хийнэ. Шинэ ногооны салатанд та өөрийн хүссэн ямар ч төрлийн хүнсний ногоог хийж болох ба ногоон сонгино, улаан сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хулуу гэх мэт ногооноос сонгож хий болно. Гэхдээ салатанд гурван төрлийн ногоо байхад л хангалттай гэж үздэг ба амин дэмээр элбэг байдаг. Хэт олон ногоог салатанд хольж хийвэл тэжээл нь саармагждаг байна.

Хэрвээ та салатаа илчлэг ихтэй болгоё гэвэл чанасан гахай, тахиа эсвэл загасны махыг бага зэргийн шүүстэй нэмж хийгээрэй. Мөн салатыг эрдэнэ шиш, вандуй, самар, дүпү, олив, чавга зэргээг баяжуулж болно. Салат амтлагч дрессийг хийхийн тулд 5-6 хоолны халбага оливын тос, хоёр хоолны халбага нимбэгний шүүс, нэг цайны халбага давс, нэг цайны халбага хар перец, нэг хоолны халбага жимсний варень (ямар ч төрлийн жимснийх байж болно) хийж холиорой.

Ингээд амтлагч дрессээ ногоонууд руугаа хийж сайтар хутгаад шинэ ногооны амтат салат маань бэлэн болно.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *