Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Амталсан үхрийн хавирга

Орц (Гурван хүний)

Үхрийн хавирга-450-500 гр

Сонгино-нэг ширхэг

Сармис-таван хумс

Лууван-хоёр ширхэг

Төмс-хоёр ширхэг

Ногоон майлз-60 гр

Давс-нэг цайны халбага

Хар перец-1/2 цайны халбага

Томатны соус-нэг хоолны халбага

Ургамлын тос-1/4 цайны аяга

Агшаасан будаа-600-700 гр

Улаан лооль-2-3 ширхэг

Гоньд-нэг цайны халбага

Лаврын навч-нэг ширхэг

Хийх арга

Үхрийн хавиргыг жижиглэн чанахад тохиромжтой хэмжээтэй болгоод давс, перецээр амтална.

Хуурганд орох хүнсний ногоогоо жижиг дөрвөлжин хэрчээрэй. Цагаан будааг агшаана. Ингээд хайруулын тавганд 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад амталсан хавиргыг хийж шарна.

Хавирганы хоёр талаас нь тав, таван минут орчим шарж борлуулаад хайруулын тавагнаас гаргаарай. Үүний дараа хайруулын тавганд хэрчсэн сонгино, лууван, төмс, сармис, майлзыг хийж таван минут орчим хуураад давс, хар перецээр амтална. Дараа нь томатны сүмс хийж ногоог зөөлөртөл дахин хэдэн минут хуурна. Ингээд хуурсан ногоон дээр үхрийн шөл (ус байж болно), жижиглэн хэрчсэн улаан лооль, гоньд, лаврын навч хийж зөөлөн гал дээр 30-40 минут буцалгана. Хэрвээ танд цаг зав байгаа бол зөөлөн гал дээр таглаж тавиад 2-3 цаг буцалгавал шөл ширгэж сүмс маягтай болохын зэрэгцээ үхрийн мах ялз болж хавирганаасаа сугарч унах шахам болдог. Бэлэн болсон хоолоо ногоон сонгино, яншуй, нимбэгний шүүсээр амталж сайхан хооллоорой.

ТАХИАНЫ МАХАН СТҮЖИН

Орц (Дөрвөн хүний)

Тахианы мөч-5-6 ширхэг

Тахианы гуя-3-4 ширхэг

Ус-1,8-2 литр

Сармис-хоёр хумс

Сонгино-тал

Давс-1/2 цайны халбага

Хар перец-1/4 цайны халбага

Лаврын навч-нэг ширхэг

Хийх арга

Тахианы мөч, гуяыг усанд хийж чанана. Чанахдаа давс, хар перец, лаврын навчаар тохируулан амтлаад сайтар буцалгана. 10-15 минут буцалгасны дараа галын хэмийг зөөллөж зөөлөн гал дээр 35-45 минут буцалгана. Буцлах явцад жижиглэн хэрчсэн сармис, сонгиныг хийж амталж хутгана. Хэрвээ та хүсвэл лууван, өргөст хэмх зэрэг өөрийн дуртай ногоогоо шөлөнд хийж болгож болно. Буцлах явцад шөлний дээр тунасан өөх, тосыг шүүж авна. Мөн шөлний хэмжээ аажмаар шингэж шөл өтгөрч эхлэх болно. Удаан болгосон учраас тахианы мах яснаас мултарч амархан сална. Энэ үед тахианы махны яснуудыг салгаж цэвэрлэж аваарай. Ингээд маш зөөлөн гал дээр үе үе хутгаж өтгөн бантан шиг болгоно.

Тахианы мах ялз болж жижиг хэсэг болон, хүрэх төдийд л үйрч байх ёстой. Шөлийг галаас гаргаж хөргөнө. Хөрсний дараа ундааны хуванцар саванд хийнэ. Тасалгааны нөхцөлд сайтар хөргөсний дараа хөргөгчинд хийж хонуулаарай. Стүжин бэлэн болсны дараа хуванцар савыг зүсч савнаас гаргаж авна. Ингээд хиаман хэлбэртэй амтат стүжин бэлэн боллоо. Нимгэн зүсээд нарийн ногоо, ногоон сонгино, яншуй, улаан лооль гэх зэрэг хүссэн ногоотой хачирлан идээрэй.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *