Categories
мэдээ нийгэм

Тамхинаас татгалзах уриалгыг хэрэгжүүлэх “Хор баяртай” төсөлд БСШУСЯ нэгдлээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг багасгах мөн төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг бууруулах зорилгоор холбогдох байгууллагууд хамтран “ХОР БАЯРТАЙ” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, НЗДТГ, ЦЕГ, JCI Монгол байгууллага, Нийслэлийн боловсролын газар нэгдэн удирдах албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.

Манай улсын хүн амын дунд тамхины хэрэглээ анхаарал татах хэмжээнд хүрээд байна. Нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бол эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 23 хувь нь тамхи татаж байна. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 63.1 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэх харамсалтай судалгаа ч байдаг байна.

Санамж бичгийн хүрээнд талууд хүүхэд залуучуудад тамхины хор хөнөөлийг таниулах зорилгоор өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах, “Хор сорогч миний нүдээр” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлах, төрийн байгууллагуудад тамхигүй хамт олон, байгууллага бүрдүүлэх аян өрнүүлэх, өсвөр үе, хүүхэд залуучуудын насны онцлогт тохирсон медиа контент бэлтгэх зэргээр нийгэмд тамхинаас татгалзах уриалгыг хэрэгжүүлэхэд хамтран оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *