Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH
барилгын хогийн цэгт өнгөрсөн лхагва гаригийн 18:00 цагийн орчимд гал
гарсны улмаас зогсоолд тавьсан байсан “Приус 20 маркын автомашин шатсан. Уг машин “Булнайн ар” компанийн хамгаалалтын албаны ээлжийн ахлах А-гийн машин байжээ. Гал барилгын гадна хэсэгт хүрч, галын утаа агааржуулалтын хоолой руу орсноор хүмүүс угаартах аюултай болсон тул тус цогцолборын хамгаалалтын албаныхан барилга дотор байгаа хүмүүсийг гаргаж, галын дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, 19:10 минутад галыг шуурхай унтраасан юм. Галын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтсэн хүн байхгүй.
Гал чухам юунаас үүдэж гарав гэдэг нь
хамгийн чухал. Сүүлийн өдрүүдийн цаг агаарын хэт халалтаас үүдэлтэй ч
байж болох юм. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас галын
шалтгааныг тодруулахад “Шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж
байгаа. Мөн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас галын шалтгаан
тодорхой болоогүй байна” гэв.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар
эл гал тамхичин залуусын хэнэггүйн хар гайгаас үүдэлтэй байх магадлал
өндөр байгаа аж. Учир нь тус оффисын хяналтын камерыг шалгаж үзэхэд
тухайн машины ойр орчимд хоёр залуу тамхилаад зогсож буй нь бичигдсэн
байсан. Тамхиа татаж дуусаад ишийг нь унтраалгүй шидчихээд яваад
өгсөн байжээ. Харин төд удалгүй тамхины иш шидсэн хогийн цэгийн орчмоос
гал гарч, улмаар машин шатсан байна.
Өмнө нь орон сууцныхаа балкон дээрээс
татсан тамхиныхаа ишийг доошоо шидсэний улмаас доод айлууд нь шатаж,
олон хүн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон тохиолдол гарч байсан
билээ. Тиймээс иргэд та бүхэн хэт халуун үргэлжилсэн энэ өдрүүдэд тамхи
татахдаа бусдын эд хөрөнгийг хайрлан хамгаалж, ухамсраа дээшлүүлэх
хэрэгтэй байгааг албаны хүмүүс анхааруулж байна.