Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тамирчдынхаа дээлийн захыг мушгих л үлдлээ

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Дэлхийн долоон тэрбум хүний зүрх, сэтгэлийг соронзон мэт татаж, хөөрч, догдлуулж чаддаг олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо эхлэх хором, мөч бүр ойртсоор. Сонгууль, наадам, АСЕМ гэж бужигнасаар нэг л мэдэхнээ олимпийн наадам эхлэхэд долоон хоног үлджээ. Бөмбөрцөгийн хүчтэнүүд Рио-гийн зүг хүлгийн жолоо залж, аль орны тамирчид Бразилийн тэнгэрт төрийнхөө далбааг хамгийн олон мандуулах вэ, ямар тамирчин дэлхийн рекордыг шинэчлэх бол, хэн гэдэг аавын хүү, охин цойлон гарч ирэх вэ гээд дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадмын талаарх үй түмэн хариулт нэхсэн асуултууд тивээс тив алгасан яригдсаар. Монголчуудын хувьд анх 1964 оны Токиогийн олимпод 21 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол энэ удаагийн Риогийн олимпод тамирчдынхаа түрүүчийг дэлхийн хүчтэнүүдтэй өрсөлдүүлэхээр илгээгээд байгаа билээ. Мөн есдүгээр сарын 7-18-нд паралимпийн 15 дугаар наадамд спортын таван төрлөөр найман тамирчин оролцохоор эрхээ аваад байгаа. 1968 оны Мехикогийн зуны олимпийн тоглолтоос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав хүрэл медалийг чөлөөт бөхийн төрөлд хүртсэнээр олимпийн наадмын хуудаснаа Монгол гэх нэрийг анхлан бичүүлсэн түүхтэй. Монголчууд тамирчдаа ялахад нь хамт ялж, ялагдахад нь ялагдаж сэтгэл зүрхээрээ нэг байж чаддаг ард түмэн. Бидний баярлаж, хөөрч, догдолж, нойроо хугаслан үздэг олимпийн тоглолтод эхлэх мөч өдөр хоногоос бус цаг, минут, сенкунтээр хэмжигдэж байна.

Риогийн зуны XXXI дэх олимпийн наадам наймдугаар сарын 5-21-ны хооронд Бразилийн Деодоро, Барра, Копакабана, Маракана гэсэн дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд болно. Монголчууд спортын тамирчдаа хамгийн их дэмжиж, үнэлдэг ард түмэн. Тэр утгаараа 42 тамирчнаа бүгдийг нь медаль хүртээсэй гэж хүсч байгаа нь нууц биш. Ялангуяа 2008 оны Бээжингийн олимпоос Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртсэнээрээ энэ хүлээлт улам нэмэгдсэн. Наймдугаар сарын тавны өдөр хөшгөө нээх Риогийн олимпод Монгол Улс 13 дахь удаагаа оролцох учиртай. Энэ сарын 20-ны өдөр жүдо бөхийн төрөлд 13, чөлөөт бөхийн төрөлд 10, боксын төрөлд зургаа, хөнгөн атлетикийн төрөлд тав, буудлагын спортын төрөлд гурав, байт харвааны төрөлд нэг, хүндийн өргөлтийн төрөлд нэг, таэквандогийн төрөлд нэг тамирчин эрх авч, усан спортын төрөлд оролцох хоёр нийт 42 тамирчнаа Чингисийн талбайгаас монголчууд үдсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай дэлхий, олимпиос медаль авсан тамирчдад төрийн хайр халамж, магтаал, ард түмний хүндлэл багадаагүй. Одоо та бүхнээс Монголын ард түмэн, Монголын төр их зүйл хүлээж байгаа. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа харамлаагүй. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Халаасандаа байгаа эцсийн мөнгийг та бүхэнд л зориулж гаргаж өгч байгаа. Та бүхнийг Монголынхоо нэрийг гаргаад ир гэж өгч байгаа юм. Монгол гэдгээрээ та бүхэн эхлээд ялгарах ёстой. Хоёрдугаарт хувийн зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Хувийн сахилга батаараа ялгарах ёстой. Ингэж байж та бүхэн илүү амжилтад хүрнэ. Та бүхэнд ялагдах эрх байхгүй. Өмнөх олимпиудаас бараг хоёр дахин олон тамирчин явж байгаа. Монголын ард түмэн, Монголын төр хоёр дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй. Үүнийг та бүхэнд би ард түмнээ төлөөлж, та бүхний төлөө сүү өргөж, та бүхнийг харж энд хүрэлцэн ирсэн Монголын ард түмнээ төлөөлж хэлж байна” хэмээн захиж байсан нь одоо ч тодхон байна. Ховд аймгийн Зэрэг суманд ишиг хариулж явсан хүү өөрийгөө дайчилж чадсанаар Төрийн тэргүүн болтлоо дэвшиж, АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо хамгийн сайн зохион байгуулж чадсанаараа дэлхийд данстай улстөрч гэдгээ батлан харуулсан. Одоо харин үүний залгамж болж тамирчид маань дэлхийд данстай гэдгээ мэдрүүлэх өдрийг бүгд хүлээж байна. Ази, Европийн орнуудын төрийн тэргүүнүүд АСЕМ-аар Монгол Улсыг, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дүгнэсэн бол тэр хүмүүс тамирчдаар нь дахин дүгнэх тэр мөч улам ойртож байна.

Олимп бол хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, дэлхийн улс гүрнүүдийн шинэ түүхийг бичдэг билээ. Бид тамирчдаасаа өндөр амжилт хүсч байгаа ч эсрэгээр нь бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломж, дэмжлэг хэр байв гэдгийг эргэн нэг санахад буруутах юмгүй. Олимпийн эрхээ авсан буудлагын тамирчид мөнгөгүйн улмаас сумаа ч авч чадахгүй байна гэдэг мэдээлэл хэдэн сарын өмнө цацагдаж л байлаа. Ингэж ил болсон нь буудлагын спортын төрөл болохоос бусад спортуудад ч мөн санхүүгийн бэрхшээл багагүй байсан талаар тамирчид нь ярьцгаадаг. Тамирчдын сэтгэл зүй гэдэг бол амжилтынх нь 50 хувь байдаг. Төрийн тэргүүн өмнөх олимпод манай тамирчид эхний өдөр ялагдаж эхлэнгүүт бусад тамирчид сэтгэл зүйгээр унаж байсан талаар цохон тэмдэглэж байв. Риогийн олимпийн наадамд энэ хэдэн тамирчнаа татлаа түлхээгүй оруулчих юмсан гэдэг хүлээлт нөгөө талд бий болжээ. Цохон тэмдэглэхэд жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон нь тамирчдын сэтгэл зүйд нөлөөлж магадгүй талаар спортын сэтгэлзүйчид үзэж байгаа юм билээ. Олимп гэдэг бол жалгын нэг наадам биш. Жалгын хэрүүлээ хэзээ ч хийж болно гэдгийг л хэлэх гэсэн юм. Бид халаасан дахь сүүлчийн мөнгөө тамирчдадаа зориулж чадсан шигээ сэтгэлзүйг нь хамгийн тайван байлгах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Саяхан Сүхбаатар аймгийн Асгат суманд тоос манартал дугуй жийж явсан Б.Тэгшбаяр гэж залуу Дугуйн тойрог замын Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн нь монголчуудад асар их нөөц байгааг хэлээд өгчихлөө.

Монголын тамирчдыг дэлхийн спортын судлаач, шинжээчид хэдийнэ дүгнээд эхэлсэн. 2008 оны Бээжингийн олимпоос боксын төрөлд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэнэ гээд урьдчилсан таамаг гаргасан нь яв цав таарсан. Одоо харин дэлхийн спортын шинжээчид дэлхийн хошой аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийг онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооноос гавьяат тамирчин С.Батцэцэгийн тухай “Батцэцэг-Монгол хатан” хэмээн кино бүтээснээ олны хүртээл болгоод байгаа билээ. Түүний хувьд энэ удаагийн олимпод эмэгтэйчүүдийн 63 кг-ын жиндээ хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Латвийн бөх дэлхийн аваргын хүрэл, европийн дөрвөн удаагийн аварга Анастасия Григорьевна байх нь гарцаагүй. Лондонгийн олимпийн наадамд хүрэл медалийн төлөө энэ хоёр тамирчин барилдаж С.Батцэцэг хүрэл медалийн тавцанд зогсож байсан билээ. Мөн энэ жинд жин бууж барилдахгүй бол Японы домогт бөх Каори Ичо түүний гол өрсөлдөгч байх юм. Өдгөө 30 настай Каори Ичо сүүлчийн олимпдоо орохгүй бол түүний оронд 2015 оны Лас Вегасын дэлхийн аваргын мөнгө, залуучуудын дэлхийн хошой аварга 21 настай Рисоко Кавай ирэх магадлалтай. С.Батцэцэгээс монголчууд гэлтгүй чөлөөт бөхийн спорт сонирхогчид алтан медаль хүртэнэ гэж хүлээж буй нь нууц биш. Чөлөөтийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэх Э.Бэхбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-ын жинд П.Өнөрбат, 86 кг-ын жинд О.Үйтүмэн, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 120 кг-ын жинд Ж.Чулуунбат нар хүч үзнэ.

Чөлөөтийн эрэгтэй тамирчид дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүлээд амжсан. Ялж, ялагдаж үзсэн. Тэдний хүчтэй өрсөлдөгч байна уу гэхээс дутах зүйл огт байхгүй.

Эмэгтэйчүүдийн хувьд 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа хүч үзнэ. П.Орхоны хувьд бага дэлхийн аваргаар өрсөлдөгч бөхчүүдээ 172 удаа дараалан байсан дэлхий, олимпийн 15 алтан медалийн эзэн Японы алдарт бөх Каори Ичог буулган авч чөлөөтийнхний анхаарлын төвд бат орсон. 53 кг-ын жингийн Э.Сумъяагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мэдээж Афин, Бээжин, Лондонгийн олимпийн аварга, дэлхийн аваргын 13 алтан медальт, дэлхийн домогт бөх Саори Ёшида. Ёшида олимпийн алтан медалийнхаа тоог дөрөв болгох хүсэл их байгаа. Мөн Хятадын Сун Янан Э.Сумъяагийн гол өрсөлдөгч байна гэдгийг судлаачид үзэж байгаа аж. Дэлхийн аваргын гурван удаагийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-ын жиндээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байна.

Буудлага спортын хувьд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөнө. О.Гүндэгмаа олимпийн медалийн өнгөө хувиргах боломж байгаа бол Ц.Мөнхзулын хувьд өмнөх олимпоос атгаад алдсан медалиа хүртэх боломж хангалттай бий. Г.Нандинзаяагийн дасгалжуулагч нь түүний аав тул сэтгэлзүйн тал дээр давуу байх боломжтой гэж үзэж байгаа юм билээ.

Лондонгоос мөнгө, хүрэл медальтай ирж байсан боксынхны гол найдвар 60 кг-ын жинд өрсөлдөх Д.Отгондалай, 69 кг-д тоглох Б.Түвшинбат нар юм. Д.Отгондалайгийн хувьд тивдээ аваргалсан бол Б.Түвшинбат Лондонгийн олимпийн шагналт тавдугаар байраа медаль болгох боломжтой. Бусад тамирчдын хувьд бэлтгэл сайн байгаа бөгөөд “ёндоо” нь байвал ганзага дүүрэн ирэх боломжтой юм байна. Монгол Улсын гавьяат багш Д.Банди “Медаль авахгүй шүү гэх хүн алга. Хэн нь ч авах чадвартай. Ганцхан асуудал байдаг. Олон цагийн зөрүүтэй Бразил улсад дасгалжуулагч тухайн тамирчныг хэрхэн таарч тохируулах, манай шүүгчид хэр зэрэг тамирчдаа хамгаалах вэ, олон улсын шүүгчид хэр үнэнч шударга хандаж байна вэ гэдгээс шалтгаална. Мөн тэмцээнд оноо өгөх асуудал байна. Энэ бүгдээс хамаарна. Тэрнээс биш тамирчид бүгд бэлтгэлээ 100 хувь хангалттай хийсэн гэж үзэж байгаа” хэмээн манай сонинд саяхан ярилцлага өгөхдөө онцолж байв шүү дээ.

Жүдо, мэдээж Монголчуудын хувьд хамгийн их найдлага тавьдаг спортын төрөл. Олимпийн наадмын эхний өдөр 60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Ази тивийн аварга Ц.Цогтбаатар барилдана. Дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, Г.Хэрлэн нараас сонгогдон олимпод явсан түүнээс маш өндөр хариуцлагыг шаардаж байна. Төрийн тэргүүний хэлсэнчлэн ялагдах эрх огт үгүй юм. Энэ жинд БНСУ-ын Ким Вон-Жин, ДАШТ-ий мөнгө, Европын наадмын аварга Беслан Мудранов, Японы алдарт бөх дэлхийн аварга Наохиса Такато, Гүржийн алдарт бөх Амиран Папинашвили, Азербайжаны Орхан Сафаров, Фелипе Китадай, дэлхийн шинэ аварга Казахстаны Елдос Сметов, Узбекистаны Диёорбек Урозбоев гээд дэлхийн шилдэг 35 жүдоч Рио-гийн татамид гарахаар боллоо. Харин Г.Болдбаатар, Д.Амартүшвин нар дэлхийн шилдгүүдийг бүгдийг нь ялж байсан. Ах нарынхаа итгэлийг алдахгүй медаль хүртэх нь Ц.Цогтбаатарын үүрэг болоод байна. Наймдугаар сарын 7-нд манай гол найдваруудын нэг 66 кг-д Д.Төмөрхүлэг зодоглоно. Хамгийн сонирхолтой барилдаан гардаг гэх уг жинд Азербайжаны Нижат Шихализада, ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОХУ-ын Михайл Пудьяев, ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Голан Поллак, дэлхийн шинэ аварга БНСУ-ын Ан Баул, Европын аварга Гүржийн залуу од Ваза Маргвелашвили, дэлхийн аварга Украины Георгий Зантария, Японы алдарт бөх дэлхийн гурван удаагийн аварга Масааши Эбинүма нартай эн тэнцүү барилдах туршлага, ур чадвар түүнд бий. Д.Төмөрхүлэгийн хувьд олимп, дэлхийн аваргаас л медаль хүртээгүй яваа. Тэгвэл 73 кг-ын жинд өмнөх олимпоос хүрэл авсан С.Ням-Очир гавьяатыг орхин Г.Одбаяр явсан. Энэ жинд Европын аварга Израйлын Саги Муки, “World Masters”-ийн аварга Денис Ярцев, дэлхийн чансааг тэргүүлж буй Ан Чангрим, Узбекистаны Мирали Шарипов, Лондонгийн олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили, дэлхийн хошой аварга Японы Шохей Оно гээд дэлхийн шилдгүүд түүнийг хүлээж байна. 90 кг-ын жинд Л.Отгонбаатар хэмээх залуу сүүлийн хоёр жилд өөрийгөө таниулаад буй бөгөөд түүнд итгэл хүлээлгэж болно хэмээж байгаа бол -100 кг-ын жинд “найдлага алдаггүй” Найдангийн Түвшинбаяр аварга хүч үзнэ. Хоёр олимп дараалан медаль хүртсэн түүнд монголчууд найдлага тавьж байгаа нь гарцаагүй.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлж, оюутны “Универсиад” наадмын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюүнь, олимпийн аварга, эзэн орны бөх Сара Менезес, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг, 2014 оны дэлхийн аварга Японы Ами Кондо тэргүүтэй шилдгүүдтэй тулна. Түүний хувьд олимпийн наадмаас алтан медаль хүртэх тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм.

52 кг-ын жинд А.Цолмон барилдана. Түүний жинд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Румыний Андреа Читу, эзэн орны бөх дэлхийн аваргын мөнгөн медальт Эрика Миранда, дэлхийн хошой аварга Косовогийн Маялинда Келменди, дэлхийн гурван удаагийн аварга Японы Мисато Накамүра тэргүүтэй шилдгүүд багтаад байна. Сүүлийн таван жилд дэлхийн хүчтэнүүдийн зүрхэнд шар ус хуруулж яваа тамирчин бол ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа. Тэрбээр 57 кг-ын жингийнхээ чансааг тэргүүлж олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото, олимп, дэлхийн хүрэлтэй Францын Аутомне Павиа, Д.Сумъяагийн мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Ди, Бразилийн Рафаэла Сильва зэрэг шилдгүүд мөн л медалийн тавцанд зогсохоор зүтгэх нь гарцаагүй. Дэлхийн аваргын хүрэлтэй, ази тивийн аварга Ц.Мөнхзаяа 63 кг-ын жинд барилдах юм. Лондонгоос шагналт тавдугаар байртай нүд дүүрэн нулимстай ирж байсан түүний хувьд одоо л медальд зүтгэх цаг нь юмсан. Жүдогийн тамирчдыг эх орноосоо мордохын өмнө “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар алтан медаль хүртсэн тамирчинд 111 сая өгнө. Гурван алтан медаль хүртэх боломжтой хэмээн хэлсэн билээ. Ямартай ч олимпийн наадмын цаг, мөч бүрийг догдлон хүлээж буй монголчууд тамирчдынхаа дээлийн захыг нь мушгих л үлдлээ. 2008 онд Сонгуулийн маргаантай холбоотойгоор дэгдсэн үймээний үеэр таван иргэн амиа алдсан өдрүүдийн нулимс, харууслыг олимпоос медаль хүртэж энэ тамирчид л зөөллөж байсан юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *