Categories
мэдээ нийгэм

​“Талын салхи-2019” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно


Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран “Талын салхи” наадмыг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 8,9-ний өдрүүдэд болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:

“Энэ наадам нь тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг дэлхий дахинд сурталчлах, 3 улсын хамтарсан “Цайны зам” төслийг хэрэгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой. Жил ирэх тусам оролцогчдын тоо өсөж, наадмын зохион байгуулалт илүү сайжирч байгаа. 6 сарын 8-ны бямба гарагийн өглөө 11 цагаас Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Нээлтээ хийчихээд мотоциклын цуваа Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог аялал жуулчлалын цогцолбор газарт 2 өдрийн арга хэмжээг зохион байгуулна” гэв.

“Монголын Харли сонирхогчдын холбоо”-ны УЗ-ын гишүүн Р.Мөнхсайхан:

Энэ жил “Талын салхи” фестивалийн таван жилийн ой тохиож байна. Манай наадмыг зорин Ази, Европын орнуудаас ялангуяа Орос, Хятадаас хамгийн их хүн ирдэг. Энэ жил Герман, Франц, Энэтхэг, Японоос зочид ирсэн байна. Жилийн жил цар хүрээгээ тэлсээр төв Азидаа хамгийн олон мотоцикль цугласан том хэмжээний наадам болох төлөвтэй байна” гэлээ.

“Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын ерөнхийлөгч Ш.Сүхбаяр:

“Энэ жилийн наадамд гадаад дотоодын 800 орчим мотоцикль оролцох төлөвлөгөөтэй байна. Монголын бүх ард түмэнд нээлттэй, ямар нэгэн төлбөргүй болохоор та бүхэн хоёр өдөр агаар салхинд гарангаа мото спортыг сонирхож, урлаг соёлын наадам ирж үзээрэй” хэмээн уриалав.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат:

“Замын цагдаагийн алба мото спорт сонирхогчидтой жилийн жилд хамтран ажилладаг. Энэ жил маш олон орны зочид ирж байгаа юм байна. Монгол Улсын нэр хүнд олон улсад яригдах учраас илүү анхаарч ажиллана. Архи согтууруулах ундаа, улсын дугааргүй мотоцикль, хамгаалалтын малгай, хэрэгсэлгүй явах эдгээр болон бусад зөрчлийг бид хянаж шалгах болно” гэлээ.

Мото наадмын талбайд 300 мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь Улаанбаатар чуулга, Харанга, Жонон, Хурд, Нисванис, Булсара, Ice Top, Digital, Rapper Gee, Desantm, NMnN зэрэг дуучдын дууг сонсож, циркийн үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой юм байна.

Б.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *