Categories
редакцийн-нийтлэл

“Талын айл” тайлагдашгүй оньсого мэт монголчуудын философи

Талын айл. 1955 он. 80х120 см. Тос, зотон

Манай сонин өмнө нь дэлхийн урлагийн сонгодог бүтээлүүдээс цувралаар
танилцуулсан билээ. Уг цув­ралыг энэ удаа Монголын дүрслэх ур­ла­гийн сонгодгуудаар
үргэлжлүүлэн хүргэ­хээр бэлтгэлээ. Цувралыг 
уран зургийн сод бүтээ­лүүдээр эхлүүлж эхний дугаартаа ардын зураач, төрийн
шагналт, хөдөлмөрийн баа­тар Ням-Осорын Цүлтэмийн “Талын айл” хэмээх бүтээлийг танилцуулж
байна.

Энэ бүтээлийг олонх хүмүүс Монголын тал нутгийн байгаль, нүүдэлчин
монголчуудын аж байдлыг харуулсан зураг гэдэг. Үнэн хэрэгтээ байгалийн, аж байдлын
гэхээсээ илүү монголчуудын гүн ухааны илэрхийлэл болсон бүтээл билээ. Хязгаар хярхаггүй
уудам орон зай, хязгааргүйн доторх дүрсүүд, алслал, өнгө, бичилт энэ бүгд нь Монголын
тал нутгийн амьдралын хэв маяг, тааварлахад бэрх, нууц далд ухааныг хүүрнэнэ. Зохиомжоороо
хязгааргүйн дундах амьдралыг өгүүлэх мэт хэдий ч эсрэгээрээ, хүний амьдрал дотор
оршин буй орон, цагийн хязгааргүй давтамж, монгол гэрийн дотор оршин байдаг орчлонт
ертөнцийн дүр эндээс харагддаг. Монгол гэр, хоёр бөхтэй тэмээ, алс руу зурайх зам
зэрэг монгол ахуйг бүрдүүлэгч байгалийн зүйлс, туйлын энгийн деталиуд нь, тэнгэр,
үүлсийн дүрслэл дэх онцгой бичилтээрээ далд нууцлаг учир шалтгаант нүүдэлчин иргэншлийн
төрхийг бүтээжээ. Зургийн хавтгай дээрх дүрслэл нь үзэгчид нөлөөлөх агаар амьсгалаараа
оршин байхуйн нэгэн агшны амсхийлт, юуг ч юм хүлээх зуун жилийн хүлээлт шиг, мянган
эриний зогсолт ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Тайлагдашгүй оньсого мэт бүтээл юм.
Гэхдээ уран зургийг унших тухайн уншигч бүр үл тайлагдах ийм оньсоготой нүүр тулдаг
боловч өөр өөрийнхөөрөө тайлах эрх чөлөөг эдэлдэг нь сод туурвилуудын бас нэгэн
мөн төрх, чанар чансаа нь байдаг.   

Үндэстнүүдийн бүтээсэн соёл иргэншил нь өөр өөрийн унаган төрхөөрөө
ялгарч, бие биенээсээ ондоошин онцгойрохдоо ертөнцийг үзэх үзэлдээ суурилсан байх
нь мэдээж. Манай үндэстний бүтээсэн “нүүдэлчдийн өвөрмөц” гэх тодот­голтой соёлын
үндэс суурь нь зүгээр л цаг уур, газар усны таатайг дагаад нүүгээд байсан малчны
ухамсар төдий биш болох нь ялангуяа урлагийн бүтээлүүдээс улам бүр харагдах юм.
Ертөнцийн тухай төсөөлөл, түүнийг үзэх үзэл, түүн дотор хэрхэн амьдрах тухай монголчуудын
зохиронгуйн ухааныг өөртөө агуулсан урлагийн нэгэн сод бүтээл “Талын айл” уран зургийн
хосгүй үнэ цэн юундаа вэ. Байгалиас тасран холдох бус байгальтай найрсан зохирох,
нэгдэн зохилдох зарчмаар явдаг монгол хүний философи. Энэ философийн уран сайхны
илэрхийлэл болсныхоо хувьд “Талын айл” нь Монголын уран зургийн сонгодог бүтээл
юм.      

Өнгөрсөн 2013 оны зургадугаар сард Засгийн газар 1921 оноос хойш
тоологдох  орчин үеийн уран зургийн сан хөмрөгөөс
таван бүтээлийг “хосгүй үнэт бүтээл” хэмээн үзэж уг ангилалд албан ёсоор бүртгэсэн.  Уг таван бүтээлийн нэг нь энэ “Талын айл”, нөгөө
дөрөв нь  Марзан хочит Балдуугийн Шаравын
1922 онд зурсан “В.И.Лениний хөрөг”, ардын зураач Гэлэгийн Одонгийн 1958 онд зурсан
“Ажлын дараа”, төрийн шагналт, ардын зураач Очирын Цэвэгжавын 1958 онд зурсан “Азарганы
ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн 1958 онд зурсан
“Өвгөн хуурч” хэмээх бүтээлүүд.  Орчин үеийн
уран зургийн галерейн сан хөмрөгт өдгөө 3500 гаруй бүтээл хадгалагдаж байгаа гэсэн
албан мэдээлэл бий. Гэхдээ манай улс уран зургийн бүтээлийг урлагийн үнэт өв болохынх
нь хувьд “хосгүй үнэт” хэмээх зэрэглэлд зэрэглэж байгаагүй, ердөө л  “ердийн өв” хэмээн үзэж ирсэн бол энэ таван бүтээлээр
уран зургийг хосгүй үнэт бүтээлийн өвд тооцдог олон улсын жишигт хөл тавьсан нь
энэ.   “Талын айл” нэртэй энэ сод бүтээл нь
77х159см хэмжээтэй, тосон будгийн зураг юм. Бүтээлийнхээ санааг  Н.Цүлтэм гуай хөдөө явж байхдаа олсон гэдэг. Н.Цүлтэм
гуайн амьдрал намтраас сонирхвол, 1924 онд одоогийн Архангай Аймгийн Өндөр-Улаан
суманд төрсөн байна. Ардын хувьсгалын он жилүүдэд төрсөн зураачийн өсч өндийсөн
хүүхэд нас нь монголчууд төр нийгэм, иргэншил соёлын шашин төвт ухамсраас иргэний
ухамсарт, колоничлолоос эрх чөлөөнд хөл тавих шилжилтийн адармаатай он жилүүд байж.
Тухайн үед хүмүүс эрэгтэй хүүхдээ номд суралцуулахаар хий­дэд суулган ламхай болгодог
байсан жишгээр Цүлтэм гуайг до­лоон настайд Хүрээнд авчирч Зүүн хүрээний Жамбаа
гавж гэдэг ламынд суулгасан аж. Гучаад оны дундуур сүм хийдүүдэд шавилан сууж байсан
ламхай нарыг сургуульд оруу­лах аян өрнөх үес 1937 онд лам багшийн гэрийг орхиж
сургуульд орсон тухайгаа Цүлтэм гуай хожмоо дурсамждаа бичсэн байдаг. Уг дур­самжид,
“Нийгмийн амьдралд ардчилсан шинэ ёс тогтож, хувьс­галт өөрчлөлтүүд өргөжих тусам
сүм хийд, лам нарын шашин но­мын ажлыг улам бүр хавчин хяз­гаарлаж эхэлсэн нь мэдээжийн
хэрэг. Жишээлэхэд, сургуулийн хүүхдүүдийг хүрээ Гандангаар явуулж лам банди нарыг
хар болгож сургуульд оруулахыг ятгуулах, лам хүүхдүүдэд түвд номын зэрэгцээгээр
монгол бичиг заах, тэр ч байтугай нэг удаа лам хүүхдүүдийг орос хөлөөвт(Ленинклуб)
аваачиж суулгаад гэрлийг нь унтрааж тас харанхуй болгов. Айж гайхаж суутал гэнэт
өргөн цагаан даавуун дээр хөдөлгөөнтэй батиар зураг гарч, орос хүмүүс гүйлдэж, буудалцаж,
ярилцаж байгаа нь цөм дуугарч байх нь маш сонин гайхалтай байсан бөгөөд тэр нь Зөвлөлтөд
шинэхэн гарсан “Чапаев” гэдэг кино байсныг хожим мэдэж билээ. Сонирхолтой юм үзсэнээ
ах ламдаа ирж ярихад “Ямар л олигтой юм байв гэж, нас буйнд хор барцадтай өлзий
бусын эд” гэж зэмлүүлж билээ. Тэр явдлаас хойхно 1937 оны хавар лам хүүхдүүдийг
монгол бичиг заадаг бүлгэмийн газар дуудаж цуглуулаад хэдэн цэргийн дарга хүүхдүүдийн
нэр овгийг асууж, хоёр хэсэг болгон хувааж дүү бид хоёр ногоон малгайтай дарга нарын
хэсэгт орсон тул биднийг гэр оронд нь ч очуулалгүй нэг ёсондоо дайчлан баривчилж
өндөр хоршооны зүүн талд байсан Дотоод яамны харьяа төв сургуулийн байр, хэдэн дүнзэн
байшинд оруулав. Тэндээс биднийг одоогийн Туул рестораны орчим, Сэлбийн салаа голын
дэргэд байсан хувийн халуун усанд оруулж, биеийг цэвэрлүүлээд дотуур цагаан хувцас
өмсүүлж, хүүхэд бүрийн нас биед тохирсон цэрэг ногоон өмд цамц, ажлын хар гэж нэрлэгддэг
бахиал гутлаар хувцаслаж гаргаснаар До­тоод явдлын яамны харьяа цэргийн бага сургуулийн
сурагчид болж билээ. Манай сургууль хэдийгээр тухайн цагтаа хүн бүхний зүрхийг шимшрүүлсэн
Дотоод яамны харь­яаны дүрмийн хувцас өмссөн, тусгай хангамжтай, эрх дархтай сургууль
байсан боловч бидний азаар хүмүүсийг тагнаж мөрдөх, мэдээллэж матах, тарчилган зовоох
мэтийн чекистийн үндсэн хүчин болгох мэргэжлийн талын ямар ч ном дүрэм заагаагүй,
зүгээр л ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр монгол хэл бичиг, тоо, газарзүй,
жагсаалын сургууль төдийхөн заасан. Тэр ч бүү хэл 1940 оны хавар манай сургуулийг
тарааж, биднийг ердийн дунд сургуулиудад тараан өгсөн юм. Бидний үеийг дундад эртний
шашны сүм хийдийн нэгэн хэвийн хүлцэнгүй уйтгартай амьдралаас ангижруулж, иргэний
боловсрол эзэмших үндэс суурийг тавьж өгсөн бага насны минь нэгэн аз жаргалтай үе
болж үлдсэн анхныхаа сургуулийг хэзээд хайр, сэтгэлтэйгээр бахархан дурсаж явдаг”
гэжээ. Н.Цүлтэм зураачийн дүрслэх урлагийн анхны ажил нь “Цогт тайж” киноны жижиг
хэрэгсэл, зэр зэвсгийн загвар байсан гэдэг. Киноны ерөнхий зураачаар Л.Гаваа, хувцасны
зураачаар Д.Чойдог, Ү.Ядам­сүрэн нар ажиллажээ. Арван зургаатайдаа Бөмбөгөр ногоон
театрт ажиллаж эхлэн, анхны цалин болох гучин төгрөгөө ээждээ аваачиж өгө­хөд ээж
нь ихэд баярласан гэж мөн дурссан байх аж. Хожмын ар­дын зураачид болох Н.Цүлтэм,
Г.Одон гуай, мөн театрын зураач Ц.Доржпалам гуай энэ гурав  1945 онд Москвагийн Суриковын нэрэмжит уран зургийн
дээд сургуульд элсч байжээ. Бидний харж буй, Монголын уран зургийн хосгүй үнэт бүтээл
болох “Талын айл”, “Нэхмэлчид” бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн бол 1984 онд
ардын зу­раач, 2000 онд Монгол Улсын хөдөл­мөрийн баатар цол хүртсэн. Хамгийн сонирхолтой
нь, тэрбээр их урлагт бүтээсэн туурвилуудаасаа гадна нийгэм, соёлын нэн өргөн хүрээнд
ажиллаж амьдарсан. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үндэслэн байгуулж,
Дүрслэх урла­гийн сургуулийг бие даасан сургууль болгон  байгуулсан бол МУЭ-ийг 33 жил удирдсан байдаг.
Уран бүтээлчийнхээ хувьд зөвхөн өөрийн бүтээлд зориулах цаг машид хомс байсан нь
намтрыг нь үзэхэд илэрхий. Хөдөлмөрийн хүндэт медалиас хөдөлмөрийн баатар хүртэлх
манай улсын төрийн бүх одон, медаль, шагнал, цолыг хүртсэн нь бас л нэгэн сонирхол
татам түүх ажээ. Цүлтэм гуайн урлаг судлалын бүтээлүүд болох Монголын сон­годог
урлагийн шилдэг бүтээлийн “Уран зураг”, “Уран баримал”, “Г.Зана­базар”, “Гоёл чимэглэлийн
урлаг”, “Монголын орчин үеийн дүрслэх урлаг” зэрэг номыг өнөөгийн урлаг сонирхогчид
мэдэх байх. Харин зураачийн амьдрал бүтээлийн тухай “Ням-Осорын Цүлтэм” нэртэй ном
англи хэлнээ өнгөрсөн 2005 оны үед гарчээ. Н.Цүлтэм зураачийн өнгөний тухай түүний
хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжингөөс санаа бодлыг нь хуваалцахад,
“Аавын өнгө бол онц­­гой, тослог монгол шинжтэй. “Талын айл” бүтээлийн хувьд, монгол
нутгийн тал, нүүдэлчин ахуйг дүрсэлсэн зохиомжид нь хоёр тэмээ их үүрэгтэй. Үүлс,
тэнгэр, газар, тэмээ гурваар санаагаа дэвшүүлсэн гэж боддог” гэлээ. 

Н.Цүлтэм зураачийн бүтээлүүд дотор
“Борогчингийн замд”, “Буянтай ээж минь” нэртэй тун онцгой хоёр бүтээл бий. Ялангуяа,
“Буянтай ээж минь” нэртэй хөрөг зураг. Зураачийн өөрийнх нь ээжийн хөрөг гэнэ. Нөгөө
л “тослог монгол өнгө” нь, сонгодог бичилтээрээ хараа салгамгүй нан­дин бүтээлүүд
байх бөгөөд энэ хоёр ч мөн Үндэсний Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж
байна.

 Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *