Categories
гадаад мэдээ

Талибан хөдөлгөөн Афганистанд гадны валют хэрэглэхийг хоригложээ

Исламын хэт тулгуур үзэлтэй Талибан хөдөлгөөн Афганистан улсад гадны валют хэрэглэхийг хориглосон байна. Ингэснээр дампуурлын ирмэгт тулсан Афганистаны эдийн засаг улам хүндэрнэ гэж эдийн засагчид болгоомжилж байгаа аж. Харин Афганистаны төр засгийн эрхийг авсан Талибан хөдөлгөөн эдийн засгийн байдал, улс орны эрх ашгийн үүднээс ард түмэн нь Афганистаны үндэсний мөнгөн тэмдэгтээр бүх талын худалдааг хийх ёстой гэж мэдэгдсэн байна.

Талибан хөдөлгөөн Афганы төрийн эрхийг булаан авснаас хойш олон улс Афганистанд өгч байсан санхүүгийн дэмжлэгээ буцаан татаж, зарим улс хөрөнгийг нь царцааснаар тус улсын эдийн засаг хямралтай тулгараад байгаа. Талибаны засаглал тогтохоос өмнө Афганистаны зах зээлд америк долларыг өргөнөөр ашиглаж ирсэн.

Тухайлбал, Афганистаны Пакистан зэрэг хөрш орнуудтайгаа хийдэг хилийн худалдааг америк доллараар хийдэг байжээ. Исламын Эмират улс худалдаачид, бизнес эрхлэгчид гээд бүх иргэнээ худалдаа наймааны бүх гүйлгээнд Афганистаны мөнгөн тэмдэгтээ ашиглаж, гаднын валютаас татгалзах захирамж гаргана гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн уг захирамжийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж түүний мэдэгдэлд онцолсон байна.

Талибан хөдөлгөөн өнгөрсөн 8 дугаар сарын дундуур Афганистанд хяналтаа тогтоосноос хойш Афганистаны хилийн чанад дахь олон тэрбум долларын хөрөнгийг Америкийн холбооны нөөцийн банк, Европын төв банкууд царцаасан. Афган өмнө нь гаднын тусламжаас ихээхэн ашиг хүртэж байсан, өөрөөр хэлбэл гаднаас авсан буцалтгүй тусламж тус улсын төсвийн зардлын дөрөвний гурвыг санхүүжүүлж байсан юм.

Өнгөрсөн сард ОУВС, “Афганистаны эдийн засаг энэ онд 30 хувиар агшина. Ингэснээр тус улсад олон сая хүн ядууралд нэрвэгдэж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл тулгарсан” болохыг анхааруулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *