Өнгөрч буй долоо хоногт улсын хэмжээнд олныг цочроосон онц ноцтой хэрэг гараагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс онцолж байна. Харин хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг олон гарсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт такси үйлчилгээ эрхэлдэг Г гэх залууг үл таних залуус дээрэмдэж, амь насыг нь хөнөөх гэж байсныг цагдаа нар илрүүлжээ. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт сэжиг бүхий машин яваад байгаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаа нар дуудлагын дагуу очиж “Sunny-15” маркийн автомашиныг саатуулж шалгажээ. Таван залуу Ботаникийн цэцэрлэг орчмоос “Ургах наран” хороолол руу явахаар суугаад харанхуй газар руу очоод жолооч Г-ийн хоолойг боомилж, гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэн, зодож танхайрсан байна. Залуус Г-г хүний хөл хөдөлгөөн багатай газарт аваачин амийг нь хөнөөхөөр ярилцаж байхад цагдаа нар ирсэн байна.
Г.АЛТАНХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Хамтран амьдрагч Ц гэх эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 12-нд хэлэлцсэн билээ. Анхан шатны шүүхээс Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй байсан учир дахин шалгахаар болсон юм. Тэгвэл уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, энэ долоо хоногийн даваа гаригт прокурорт шилжүүлээд байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар талийгаач 21 настай Ц-ийн үхлийн шалтгаан нь цөсний цорго цоорсон, гадны нөлөөгөөр хэвлийн хөндийн битүү гэмтэл үүссэний улмаас амиа алдсан гэж гаргасан билээ. Харин удаах шинжилгээний дүн мөн л үхлийн шалтгааныг эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байдаг.
Д.ДОНДОГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ
УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шийдвэрлэж, ял оногдуулсан. Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүхээр өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг харгалзан үзээд батлан даалтад гаргасан байна. Харин түүнтэй хамт 12-13 жилийн хорих ял сонссон Д.Сайнбаяр, А.Батбилэг нарын цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгт 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлээд байсан юм. Тэднийг бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж байгаа юм.
Ц.БАТБАЯР ЖИРИЙН ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИД ХОРИГДОНО
Нийслэлийн Давж заалдах шатны аравдугаар шүүхэд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болов. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2.1 жилийн хорих ял сонссон Ц.Батбаярт оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин түүний чанга дэглэмтэй хорих ангид бус жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Өнгөрөгч долдугаар сард болсон шүүх хурлаас Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулах шийдвэр гаргасан. Мөн тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан билээ.
Э.БААТАР