Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусийн халдвар шинээр авсан, нас барсан хүний тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Мөн БНХАУ-ын Хунань мужид мөн шувууны томуу гарсан. H5N1 томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор тахианы мах болон тахианы махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргасныг танилцуулав.
Хятад улсын халдварын голомт болсон бүс нутагтай хиллэж байгаа улсуудад өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол нэмэгдэж байна. Яах аргагүй хил залгаа гэдэг утгаараа Монгол Улс тодорхой арга хэмжээ авч, шинэ төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Хэд хэдэн шийдвэр гарсан. Үүнд:
- Шувуу, томууны ханиадтай холбогдуулан тахианы мах болон энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох
- Хилийн ихэнх боомтууд хаагдсан. Замын-Үүд, Шивээ-Хүрэн, Гашуун сухайт, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомт маш хүндрэлтэй байгаа. Гадаадад байгаа монголчуудын эх орондоо ирэх хүсэлт нэмэгдэж байна. Хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудал ярвигтай болж эхэлж байна. Эдгээр боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулна. Хилийн боомтууд дээр халдвар хамгаалал ямар байгааг шалгаж, газар дээр нь заавар зөвөлгөө өгөх ажлын хэсэг маргааш нисдэг тэргээр салбар, салбарын төлөөллүүдтэй хамт явах гэж байна.
- Шинэ төрлийн коронавирустэй холбогдуулж салбар дундын шинэ төлөвлөгөөг батлахаар хэлэлцлээ. Маргааш өглөө гэхэд Улсын онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт танилцуулна.
- Дэлхий нийтийн жишигт тусгаарласан нэг эмнэлгийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. ЭМЯ ямар эмнэлгийг тусгаарлаж, зөвхөн шинэ вирустэй холбоотой эмчилгээг хийх вэ гэдэг талаар судлана. Үүний дараа шийдвэр гарна. Шийдвэр гарсны дараа нэг эмнэлгийг тусгаарлаж, өвчилсөн болон сэжигтэй тохиолдлыг хүлээж авна.
- Хил дээр ирж байгаа иргэдийг тэнд нь тусгаарлах асуудал яригдана. Одоогоор шинжилгээ үзэлгээг нь хийгээд оруулж байгаа. Цаашид энэ асуудлыг хил дээр хязгаарлах нарийвчилсан асуудал яригдаж эхлээд байна” гэв.