Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ.
Тэрээр “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон тухайгаа ярьсан байна. Удалгүй амнаас нь хөөс гарч, байдал өөрөөр эргэснийг мэдээд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч залуу амьсгал хураасан байжээ.
Ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Соарес маш эрүүл чийрэг нэгэн байсан ба элдэв хорт зуршлаас хол хүн байсан гэнэ. Соарес ийнхүү санамсаргүйгээр амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө дээрх загварын шоунд оролцох гэж буй тухайгаа инстаграм хуудсандаа нийтэлсэн байв.
Шоуг зохион байгуулагчдын зүгээс харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчөөд гэр бүлийнхэнд нь бүхий л шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдэгджээ.