Categories
гадаад мэдээ

Тайванийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Тайваньд өнгөрсөн бямба гаригт парламентын болон засаг захиргааны тэргүүний сонгууль болж өндөрлөжээ. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр эх газрын Хятадад ойртох бодлогыг эсэргүүцэгч, Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам энэ удаад дахин ялалт байгуулсан байна. Тухайлбал, эрх баригч нам парламентын 113 суудлаас 61 мандаттай болов. Өмнөх сонгуулиар тус нам 68 суудал авч байжээ. Сөрөг хүчин гэгдэх Гоминдан намынхан суудлын тоогоо гурваар нэмэгдүүлж, нийт 38 мандаттай болсон байна. Түүнчлэн таван суудлыг Тайбэй хотын дарга Кэ Вэнжэгийн байгуулсан Тайванийн Ардын нам авчээ. “Шинэ хүч” нам гурван мандат, “Тайванийн төрийн байгууллалтын нам”, “Нам бус эв санааны нэгдэл” нь тус тусдаа нэг нэг суудал авчээ. Парламентын энэ удаагийн сонгуульд 43 намаас 650 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Үүнтэй зэрэгцэж явагдсан Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд одоогийн тэргүүн Цай Инвэнь ялалт байгуулжээ. Тэрбээр энх тайван, эрх тэгш байдал, ардчилал болон яриа хэлэлцээ урт хугацааны тогтвортой хөгжил, сөргөлдөөн асуудлыг шийдвэрлэхэд гол түлхүүр гэдгийг Бээжингийн удирдагчдад хандан сануулсан байна. Цай Инвэнь найман сая гаруй сонгогчийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч, Үндэстэн намын нэр дэвшигч Хань Гоюй 5.5 сая санал авч удаалжээ. Ажиглагчдын онцолсноор Тайвань, Хятадын харилцааны асуудал нь сонгуулийн үр дүнд гол нөлөө үзүүлсэн гэсэн байна.

Цай Инвэнь Тайванийг ирэх дөрвөн жилд удирдахаар болж байна. Тайванийн парламентын шинэ гишүүд хоёрдугаар сарын 1-нд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм байна. Харин Тайванийн засаг захиргааны тэргүүний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 20-нд болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *