Яг одоо Спортын төв ордонд Таэквондогийн насанд хүрэгчдийн 24 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ болж байна. Тэмцээнд Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Булган, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймаг аймгийн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөж байгаа аж.
Энэ сарын 17-ны өдөр Испани улсын “Даедо” компани дэлхий нийтэд Дэлхийн таэквондогийн холбооны тэмцээний дүрмийн өөрчлөлтийг нэвтрүүлсэн цахим шүүлтийн системийн шинэ программыг түгээсэн. Энэхүү цахим шүүлтийн шинэ программыг Монгол Улс бусад улс орнуудаас хамгийн түрүүнд Таэквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-дээ хэрэглэх юм байна.
“Токио 2020” олимпийн наадмын цикл эхэлж байгаатай холбогдуулан 24 дэх УАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж, үндэсний шигшээ баг бүрдүүлэхээрээ энэ удаагийн тэмцээн онцлог аж.
Монголын таэквондогийн холбооны тамирчид ирэх зургадугаар сард БНСУ-ын Мужу хотноо болох хоёр жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна. Мөн аравдугаар сард Их Британийн Лондон хотноо болох Пара-Таеквондогийн ДАШТ-д оролцохоор төлөвлөжээ.