ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Ойрдоо гадаа удаан зогсохоор жинддэг болчихож. Ажлаасаа гараад 50 метр хүрэхгүй алхаад замаас такси барих хоорондоо голд хүйтэн орчих юм. Такси зогсохгүй бол бүр гар бээрж, ам зуурах янзтай. Замын хажууд гар өргөн зогсч байтал миний баруун гар талд дөрөв, таван настай гэмээр хүүгээ тэвэрсэн эмэгтэй гар өргөн зогслоо. Хүүхдийнхээ ам хамрыг нимгэвтэр ороолтоор хальт ороож, хүрэмнийх нь ханцуйг муухан буулгасан харагдав. Такси зогсвол түрүүлээд ээж, хүү хоёрыг суулгая гэж дотроо бодов. Гэтэл “такси” хаяггүй саарал өнгийн жижиг тэрэг миний өмнө ирж зогсоод цонхныхоо шилийг буулгаад “Хаашаа явах вэ” гэж асуув. Би ч нөгөө эмэгтэйг дуудаад энэ такситай явчих гэв. Жолооч “Хаашаа явах юм бэ” гэж дахин ууртай асуух. “Цирк” гэж өнөөх эмэгтэй яарсан янзтай хэлтэл хүүе гэхийн завдалгүй өнөөх машин яваад өгөв. Бодвол тэр зүг рүү явахгүй байсан юм байлгүй. Бидний хажууханд халамцуу хоёр эр мөн л такси барихаар гар өргөж харагдав. Нэг нэгнийгээ зам руу уначихвий гэж байнга татаж чангаах юм. Такси ар араасаа зогсох хэдий ч хэлсэн газар руу явах машин олдсонгүй. Бүгд л “Тийш ээ явахгүй ээ” гэж уцаарлах юм. Уг нь мөнгийг нь өгөхгүй, үнэгүй хүргээд өг гэсэн юм хэлээгүй байлтай. Эсвэл урдаа эхнэр, хүүхдээ суулгачихаад шахаад суучих гэх такси ч байх юм. Такси ч гэж дээ. Гэртээ харих замдаа хэдэн төгрөг олохоор халтуур хийж яваа нөхдүүд. Тэртээ тэргүй мөнгийг нь төлөхөөс хойш үйлчлүүлэгч хаашаа ч явах байсан хүргээд өгөх нь таксины үүрэг. Таксины үүрэг ердөө л энэ. Тэрнээс биш үйлчлүүлэгч нь анкет бөглөөд такси нь танилцаж байж зорчигчдоо авдаг юм байхгүй. Тэгсэн атлаа ганган, годгор охид гар өргөвөл бөөн бөөнөөрөө зогсохыг яана. Тэгээд бас таксиныхаа мөнгийг дандаа нэмж үйлчлүүлэгчдээ элдвээр хэлэхийг яана.
Гадны улс оронд такси үйлчлүүлэгчдээ хашаа явах, хаагуур явах зэргийг нь асуух бус харин ч бууж ирээд барьсан цүнхийг нь хүртэл машиндаа хийгээд хүссэн газар нь хүргэж өгдөг. Тэд үйлчилгээгээ мэдэрдэг, мэддэг. Харин манайхан гуйгаад машинд нь сууж байгаа аятай ярвагнаж, суудлаа ингэчих, наадах чинь машин муухай болгочихвий, миний машин гэр хороолол руу орохгүй гэхчилэн олон юм ярьдаг. Тэгвэл зүгээр л таксинд явахаа болилдоо. Таксины үйлчилгээ үзүүлж л байгаа бол хаашаа явахыг нь битгий асуу.
Д.Даваасүрэн