Яавал хүүхдийнхээ жаргал, зовлонг хуваалцах талаар Хүүхдийн номын “Жангар” редакцийн эрхлэгч Б.Дэлгэрмаа, редактор А.Даваасүрэн, Б.Ундрах, “Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат нар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй ярилцлаа. Мон судар хэвлэлийн газраас жил бүр зохиодог “Соёл гэгээрлийн өдрүүд”-ийн хүрээнд тэд энэ сэдвээр ээж, аавуудад зөвлөсөн юм.
Хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцах нь чухал ажээ. Ээж, аавууд хүүхдээсээ “Юу идсэн бэ”, “Хэнтэй тоглосон бэ” гэж асуудаг мөртлөө “Яагаад гунигтай байгаа юм бэ” гэж асуудаггүй гэнэ л дээ. Томчууд шинэ ном сонгохдоо ихэвчлэн бестселлер болсон номыг худалдаж авдаг бол хүүхдүүд өөрт нь таалагдсан номыг л уншдаг ажээ. Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн жишээ ч энд дурдагдлаа. Алдартай хүүхдийн зохиолчид бяцхан уншигчдаас нь захиа ирдэг. Тэр болгонд нь зохиогч хариу бичдэг гэнэ. Бяцхан хүүд зохиолын баатрынхаа дүрээр мангас зурж илгээжээ. Хариуд нь хүүгийн ээж “Манай хүүхэд таны захиаг аваад баярласандаа идчихлээ” гэжээ. Хүүхдийн зурагт номын хамгийн том шагнал авч байсан энэ зохиолч харин үүнийг “Бяцхан уншигчдаасаа авсан хамгийн том шагнал байлаа” хэмээн тодорхойлжээ. Хүүхэд ийм л чин үнэнч хүмүүс. Хүүхэд юм чинь гэж тоомжиргүй хандаж болохгүй хэмээн хүүхэдтэй ажилладаг эдгээр хүмүүс захьсан шүү.
Хүүхдийн номын редактор А.Даваасүрэн бас нэг түүх ярилаа. “Мон судар” хэвлэлийн газрынхан хүүхдэд үлгэр уншиж өгдөг япончуудын уламжлалт аргаар камишибай буюу гэр театр ажиллуулдаг байна.Тэд энэ цаасан театртайгаа цэцэрлэгийн багачууд болон бага ангийн сурагчид дээр зочилдог. Нэг удаа гэр театртайгаа бяцхан уншигчдад ном уншиж өгөхөөр очжээ. Үлгэрээ уншиж, дуугаа дуулаад явах болсон ч хүүхдүүд “Дахиад уншаад өг” гээд л байж. Тэднийг явахад хүүхдүүд “Баярлалаа” гэцгээжээ. Харин нэг хүү гүйж ирээд, үлгэрч эмэгтэйг үнссэн гэнэ. Сэтгэлээ ингэж л илэрхийлсэн хэрэг.
А.Даваасүрэн “Хүүхдийг жаахан байна, юмны учир ойлгодог болохоор нь ном уншуулна” гэдэг. Гэтэл хүүхэд бага жаахан байхад бүх дадал хэвшил нь суудаг. Энэ насан дээр нь хүүхэдтэйгээ ярилцахгүй юм асуухаар нь “Ээж нь завгүй байна” гээд анхаарахгүй орхичихдог. Хүүхдээ сургуульд орохоор нь гэнэт “Том болчихоод ном уншаач” гээд шахаад эхэлдэг. Хүүхэд шахаж шаардсан юмыг хийх дургүй. Битгий гэсэн зүйл рүү тэмүүлдэг. Эсвэл “Ном уншвал шагнана” гэх байдлаар ханддаг нь буруу” гэлээ. Эцэг эхчүүд асуудлаас зугтах, амарчлах байдлаар хүүхдэд шагнал амалчихдаг. Энэ нь хахуулийн нэг хэлбэр гэсэн юм.
Р.Энхбат захирал “Том хүний зөв, хүүхэд даган дуурайх ёстой” гэх байдлаар хандаж болохгүй. Хүүхдийг өөртэйгээ адил хүн гэж хүлээж авах хэрэгтэй гэсэн юм.
Хүүхэдтэйгээ ажиллана гэж юу вэ?
Өдөржингөө хүүхдээ хооллож, хувцаслаж, “ноцолддог” ээжүүд бий. Гэхдээ л энэ бүхэн хангалттай биш. Хүүхдийнхээ дотоод сэтгэл, мэдрэмж, ухаарлыг нь хуваалцаарай.
Ном, тоглоом хоёр адилхан уу. Хүүхэддээ хэзээнээс эхлээд ном уншуулах нь тохиромжтой вэ?
Нэг настай хүүхдийн хувьд ном тоглоом байдаг.
Хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд номтой нөхөрлүүлээрэй. Балчируудад зориулсан хүрч мэдэрдэг ном, хулдаасан, даавуун ном хүртэл бий. Хүүхдэдээ ном авч өгөөд орхичихож болохгүй. Хэрэв ээж, аав нь уншсан номынх нь талаар хүүхэдтэйгээ ярилцдаггүй л бол тэр ном хэрэггүй, бүр тоглоом ч байж чадахгүй гэж Мон судрынхан ярьж байна.
Бага насны хүүхдэд ном танин мэдэхүйн ач холбогдолтой. Сайн зохиол, сайн зурагтай ном байх ёстой. Ном хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Хүүхэд мэдээ орсон цагаас нь “Ном бол миний амьдралын нэг хэсэг” гэж мэдрүүлэх учиртай. Үүний тулд эргэн тойронд нь ном байх ёстой гэнэ шүү.
Хүүхэд хэзээ жаргалтай байдаг вэ?
Мэдээж эцэг эх нь хамт байвал хүүхэд жаргалтай байна. Гэхдээ хамт байхад учир бий. Хүүхэддээ ном, тоглоом, чихэр, эсвэл гар утсаа өгч сатааруулчихаад өөрөө зурагт үзээд суувал аргалах гэдэг ангилалд хамаараад байгаа хэрэг. Эцэг эх болгон хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг ч өөрийн мэдэлгүй хүүхдээ анхаарлынхаа гадна орхичих гээд байдаг гэмтэй.
Хүүхдийн номын “Жангар” редакцийнхан “365 үдэш” хэмээх том зузаан үлгэрийн номоо хийхдээ эцэг эхчүүд орой бүр хүүхдэдээ үлгэр уншиж өгч, 15-30 хормыг зарцуулаасай гэж хүсчээ. Гэтэл хүүхэд нь орой бүр “Ном уншаад өгөөч” гэж гуйгаад байхаар номыг нь нуучихсан эцэг эх ч таарсан гэнэ.
“Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбатаас энэ сэдвээр тодрууллаа.
-Хүүхэддээ ном сонгохын тулд хамт явах ёстой юу. Заримдаа энийг уншаасай гэсэн номыг маань хүүхэд сонирхохгүй мөртлөө ач холбогдолгүй гэж үзсэн номыг уншаад байх юм. Ийм нөхцөлд яаж хандах ёстой вэ?
-Том хүн бүхнийг мэднэ, хүүхэд юу ч мэдэхгүй. Хүүхдийн хийж байгаа бүх үйлдлийг хянах ёстой. Буруу юм руу орчих вий гэсэн хандлага байдаг. Мэдээж хэрэг хүүхдээ хамгаалж, сайхан юмыг хүүхдэдээ зориулъя гэж эцэг эхчүүд хүсдэг. Гэхдээ “Ах нь сургаж дүү нь сонсдог”, “Ахмадын сургааль алт” гэх мэт хуучны хандлага хүүхдэд хүнд тусдаг. Хүүхэд хүлцэнгүй, том хүмүүсийн хэлж ярихыг сонсоод сууж байх ёстой. Бие дааж сонголт хийдэггүй гэж ойлгох нь түгээмэл. Гэтэл тийм байдаггүй юм байна. Хүүхдээ таньж мэдсэн барууны өндөр хөгжилтэй орнуудад бол томчууд нь хүүхдийнхээ алдахыг хараад баярлаад сууж байдаг. Хүүхэд алдаанаасаа л сурдаг.
Хүүхэд нийгэмшээгүй байдаг. Нийгмийн үнэт зүйл, муу муухайг мэдэхгүй. Хүүхэд зөвхөн зөвхөн өөрийнхөөрөө л хардаг. Өөрт нь юу таалагдаж байна түүнийгээ л сонгохыг хичээнэ. Гэтэл эцэг эх нь багадаа уншиж байсан номоо “Чи энийг унш” гээд байдаг. Гуч, дөчин жилийн өмнөх цаг хугацаа одоогоос асар ялгаатай. Тэр үеийн үнэт зүйл өнөөдрийнхөөс огт өөр. Том хүн бол энэ ном хамгийн их борлуулалттай байгаа юм байна. Үүнийг аваад уншчихад алдахгүй юм байна гэдэг. Мэдээж хэрэг олон хүн уншиж, магтаж байгаа юм чинь сайн л ном байх гэдэг. Заримдаа зөвддөг, заримдаа бурууддаг. Хүүхэд тийм биш. Хүүхэд өөрийнхөөрөө л байдаг. Хүүхдээ өөрийнхөөрөө байхыг дэмжих хэрэгтэй.
-Хүүхэд буруу шийдвэр гаргаж болно шүү дээ. Эсвэл хүмүүжилд нь буруугаар нөлөөлөх ном сонгочихвол яах вэ?
-Хүүхэд хэрвээ сонирхож байгаа бол тэр номыг нь аваад өг. Дараа нь уншсан номынхоо тухай ярина шүү дээ. Таны хэлдгээр хүмүүжилд нь муугаар нөлөөлөх ном бол ярилцаад мууг мэдэж авна. Хүмүүс хүүхдийг дандаа л сайн юмаар дүүргэж байдаг сав гээд ойлгочихсон. Бид нэг логикийг ойлгох хэрэгтэй. Сайн юмнаас дандаа сайн юм гардаггүй. Муу юмнаас дандаа муу юм гараад байдаггүй. Хүүхэдтэйгээ ярилцах учиртай. Хүүхэд итгэл үнэмшлээрээ юманд ханддаг. Энэ үед нь аль болохоор ямар ч зүйлд өөрийнхөөрөө хандах зам руу хөтлөх ёстой. Ингэж чадвал насан туршдаа өөртөө эзэн байна. Харин үүний оронд багаас нь заагаад чиглүүлээд, “Томоотой, үгэнд ордог хүүхэд сайн” гээд байх юм бол шийдвэр гаргах чадваргүй, хүний хэлсэнээр явдаг амьтан болно.
Хамгийн гол нь уншсан номынх нь талаар хүүхэдтэйгээ ярьдаг байх ёстой. Хэрвээ ингэж ярьдаггүй бол ном аваад хэрэггүй. Ямар ном авсан, яагад энэ номыг сонгосон. Би ийм ном авлаа гээд ярьж болно.
Бидэнд нийгмээрээ ярих сэдэв байх учиртай. Айл өрх тулгамдсан асуудлаа ярьдаг биз дээ. Түүн шиг манай нийгэмд ямар асуудал байна гээд ярьж байх ёстой. Тийм сэдвүүдийн дагуу бид “Соёл гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа.