Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу бие нь муудаж III дугаар төв эмнэлэгт хүргэгдээд удаагүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач О-той хамаатан төрөл садангийн холбоогүй ч түүнийг өмгөөлөн Сүхбаатарын талбай дээр 20 дахь өдрөө суулт хийж буй Т.Золбаяртай ярилцлаа.
-Та хэд дэх өдрөө суулт хийж байна вэ. Өөрөө талийгаач О-гийн төрөл садангийн хүн үү?
-Үгүй ээ, талийгаач О-той уулзаж байгаагүй. Хамаатан төрөл садангийн холбоогүй. Суулт хийж эхэлснээс хойш 20 хонож байна. Өглөө 09:00-10:00 цагийн хооронд ирээд 18:00 цаг хүртэл суулт хийж байна. Анх талийгаач О-гийн талаар мөн амь насаа алдсан мэдээг нь сонсоод маргааш өдрөөс нь эхэлж суултаа эхлүүлсэн. Хүний амьд явах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрх ноцтойгоор зөрчигдсөн хэрэг боллоо.
-Яагаад таны дүү, эсвэл үр хүүхэд биш байтал ийнхүү удаан хугацаанд суулт хийж байна вэ?
-Би ч гэсэн 19 настай эрэгтэй дүүтэй хүн. Орой үдэш дүүгээ гарахад хэрэг төвөгт орооцолдох вий гэж санаа зовдог. Би өөрөө ч энэ насыг туулж гарсан. Иргэд аймхай, ноомой, хүлцэнгүй болсон байна. Одоо энэ хэргийг нүдээ аниад, чихээ дараад зүгээр өнгөрүүлж яавч болохгүй.
Хэрвээ тэгэх юм бол дараа нь дахиад ийм зүйл болвол “хүмүүс өмнө нь зүгээр өнгөрүүлсэн юм чинь одоо яагаад шийдвэрлэх ёстой гэж, одоо ч зүгээр өнгөрүүлчихнэ” гэж хандах болно.
Хэн ч хариуцлага хүлээхгүй. Надад л тохиолдохгүй, миний хажуугаар өнгөрч байвал болоо гэсэн сэтгэлгээтэй байж болохгүй. Бид ямар нядлагдах гээд хүлээгдэж байгаа мал уу? Талийгаач О-гийн хэрэг, гомдол эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр ингээд өнгөрч болохгүй. Хэрвээ тэгвэл дараа дахиад л ийм зүйл тохиолдвол иргэд яаж ч чадахгүй гээд улам л дээрэлхэнэ шүү дээ. Талийгаачийн АТГ-т гаргасан гомдол эцэслэн шийвдэрлэгдэх ёстой.
-АТГ-т гомдол гаргахдаа зодуулсан шархны зураг гэх мэт зүйлсээ хавсаргасан бололтой байсан?
-Эгчийнх нь хийсэн хэвлэлийн хурлыг үзсэн. Маш их эмзэглэсэн ба уур бухимдал төрсөн. Олуулаа нийлж байж энэ хэргийг шийдвэрлүүлэх ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Асуудлыг өөр нэг үйл явдал, сенсаци гарах юм бол мартдаг, хойш нь тавьдаг баймааргүй байна. Суулт хийж байгаа нь ардчилсан тайван арга замаар шийдвэрлүүлэх зорилготой юм. Өөрсдийнхөө дураар хууль хяналтын байгууллага авирлаж байгаад маш их бухимдаж байна. Талийгаач О-гийн амьд явах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрх шууд зөрчигдлөө. АТГ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шалгах байгууллага шүү дээ. АТГ-т гаргасан гомдол нь хууль журмынхаа дагуу шийдэгдэх болно гэж итгээд гомдол гаргасан байгаа юм. Гэтэл АТГ нь талийгаач О-г цагдаа нартаа барьж өгчихсөн гэж нийгэм хардаж байна . Нас барахаасаа ч өмнө тэр залуугийн итгэл найдвар нь унтарсан байх. Цагдан хоригдоод бүүр залхаан цээрлэгдчихсэн.
-Түүний хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд зарласан. Энэ үйлдэл дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Цагдаагийн байгууллага нийгэмд хамгийн аюултай газар болчихжээ. Уг нь цагдаагийн байгууллага иргэнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Түүний цагдаагийн бүртгэлийн мэдээллийг олон нийтэд мэдээлсэн нь буруу үйлдэл. Хэрвээ хүмүүс санаж байгаа бол 2021 онд Сүхбаатарын талбай дээр нэг залуу өөр дээрээ бензин асгаж байгаад шатаж нас барьсан. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэл хийхдээ “гэр бүлгүй, CD зардаг, аав ээжтэйгээ амьдардаг” гэх мэт хувийн мэдээллүүдийг нь зарлаж байсан. Тухайн үед би хэвлэлийн бага хурал зарласан. Тус хурал дээр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга нь биечлэн ирж байсан. Хэлсээр байтал дахин хүний нууцыг өөрсдийгөө хамгаалах зорилгоор ингэж олон нийтэд зарлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Талийгаач О-гийн үхэлд буруутай этгээдтэй заавал харицлага тооцох ёстой. Талийгаач О-гийн хэрэг олимпийн нүргээнд дарагдах ёсгүй. Бид ийм дарамтад дасаад, дөжрөөд байж болохгүй. Хүний алтан амь нас шүү дээ.
-Дуртай нь хүний хувийн мэдээлэлтэй танилцдаг баймааргүй байгаа юм?
-Цагдаагийн байгууллага бидний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тийм байтал цагдаагийн байгууллага гэмт хэргээр мөнгө хийдэг байгууллага болсон. Үүнийг маш олон жишээнээс харж болно. Ингээд цагдаагийн байгууллагыг зоосны нүдээр харсаар байвал нийгэм, ард иргэд энэ байгууллагад итгэх итгэлээ алдана. Иргэд болон цагдаагийн албан хаагчид хоорондын харилцаа ч муудна. Мөн цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Хүний эмзэг мэдээлэлтэй танилцах эрх ямар албан тушаалтанд байхыг бид дахин харах хэрэгтэй. Үхчихсэн юм чинь гээд хүний эмзэг мэдээллийг олон нийтэд зарлаж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг олон талаас нь хэлэлцсэн нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байна. Мөн эрх баригч намаас цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг томилдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
-Эцсийн эцэст талийгаач О амьд явах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхээ эдэлж чадсангүй?
-Төр нь Үндсэн хуульд заасан хүний 18 эрхийг хангаж ажиллах ёстой. Бидний эрхийг хангаж ажиллаарай гээд бид саналаа өгсөн. Төр засаг ингэж ажиллаж чадахгүй байна. Ер нь бидний эрхийг хангаж, хамгаалж ажиллах ёстойгоо мэдэж байгаа юм уу. Эсвэл олон нийтийг хамжлага ардаа гэж бодоод байгаа юм уу.