Монгол инженерүүд япончуудтай хамтран “Тэмүүлэл” хэмээх нано хиймэл дагуул хийх төслөө танилцууллаа. Уг төсөл шинжлэх ухаан судалгаа, технологийн туршилтыг сансарт хийх боломжтой кубсат ангиллын хиймэл дагуулыг Монгол Улсад бүтээх замаар сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажээ. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн физикийн тэнхимийн багш, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторын судлаач Т.Төртогтохтой ярилцлаа.
-Нано хиймэл дагуул гэж юуг хэлээд байна?
-Хиймэл дагуулыг хэмжээгээр нь ангилдаг. Хэмжээ гэдэг нь ерөнхийдөө масс гэсэн үг. Улс болгон массыг өөр өөрөөр тодорхойлдог. Нано хиймэл дагуул гэдэг нь зарим улсуудын хувьд 100 кг-аас бага, заримд нь 50 кг-аас бага жинтэй хиймэл дагуулуудыг хэлээд байгаа юм. Нано гэдэг үг нь арвын хасах есөн зэрэг буюу сая дахин бага гэсэн үг. Тэгэхээр том хиймэл дагуулаас төдий хэмжээний бага жижигхэн гэсэн үг. Том хиймэл дагуулууд 2-3 тонн ч байдаг. Түүнээс ч том хэмжээнийх байна. Тэгэхээр харьцангуй жижиг гэсэн үг.
-Тэгэхээр нано нь том хэмжээтэй хиймэл дагуулаасаа давуу талтай гэсэн үг үү?
-Жижиг буюу нано хиймэл дагуул нь сүүлийн хорин жил эрчимтэй хөгжиж байгаа. Яагаад гэвэл технологи өндөр хөгжөөд эхэлж байгаа учир. Үүнийгээ дагаад нано хиймэл дагуул нь маш олон давуу талыг бий болгож байна. Хуучны том хиймэл дагуулууд өртөг өндөр, удаан хугацаанд хөгжүүлдэг. Сансрын нэг газарт нэг орбитоор эргэнэ. Хүн холбогдохдоо хиймэл дагуулаа хүлээж байгаад дээгүүр нь явахаар холбогддог. Жижиг болсноор амархан, олныг зэрэг хөөргөж болно. Маш богино хугацаанд хийгээд хөгжүүлэх боломжтой. Нэг том хиймэл дагуул хийх хугацаанд маш олон жижгийг хөгжүүлнэ.
-Мазаалай хиймэл дагуулыг Японы эрдэмтэдтэй хамтран бүтээгээд сансарт хөөргөсөн. Зургаан даалгавартай явуулаад хоёрыг нь хийж чадаагүй гэдэг. гүйцэлдүүлж чадаагүй хоёр даалгавар нь юу вэ?
-Зураг дарах, төрийн дуулал илгээх гэсэн хоёр даалгаврыг бид хийж чадаагүй гэж үзэж байгаа. Яагаад биелүүлж чадаагүй шалтгаан нь холбооны антены үндсэн систем байсан. Бид анх илгээхдээ тодорхой эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн. Тэр эрсдэлийг байхгүй болгохын тулд нэлээн их цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай. Жижиг хиймэл дагуулын бас нэгэн давуу тал нь эрсдэлийг хүлээн зөвшөөрөөд, технологийг шинээр туршиж болдог. Бидний хиймэл дагуулдаа ашигласан паж антен нь газар дээрх орчны тест сансар хоёр ялгаатай байгаа юм. Яг сансарт гартал чадал нь багасаад, ирэх сигналь нь сул болоод, түүнээс нь үүдэн их хэмжээний зургийг татаж авах чадваргүй болсон.
-Мазаалайгийн биелүүлж чадсан дөрвөн даалгавар нь юу вэ?
-Гурван даалгавар нь олон улстай хамтарсан маягаар хийсэн. Нэг нь шинжлэх ухааны даалгавар. Тэр нь өмнөх хас дамжуулагч элементтэй холбоотой. Сансрын цацрагт өртөнгүүтээ хас дамжуулагч элементийн гүйдэл ихэсдэг. Түүнийг нь бүртгэж авдаг. Бүртгэж авсан мэдээллээ доош илгээх нь зураг шиг мэдээлэл биш юм. Тэр бол нэг их хэцүү зүйл биш. Энэ даалгавраа бол амжилттай хийсэн гэж үзэж байгаа. Мөн газрын станцуудтай холбож ашиглана. Өөрөөр хэлбэл манай хиймэл дагуулыг Африкийн хиймэл дагуул, станц эсвэл Тайланд, Тайваниас хаанаас ч хамаагүй мэдээлэл татаж аваад цацах туршилтууд амжилттай болсон. Мөн хиймэл дагуулын унах хурдыг тодорхойлж, тухайн орбитын агаарын эсэргүүцлийг гаргадаг. Агаарын үрэлтээр хиймэл дагуул яаж унаж буйг тодорхойлдог гэсэн үг. Үлдсэн нэг нь Бангладеш, Япон, Тайвань,Тайландын дөрвөн газрын станц хиймэл дагуулаас нэг дохиог зэрэг аваад ирж байгаа сигналын хугацааны зөрүүгээр хиймэл дагуулын байршлыг тодорхойлох. Өөрөөр хэлбэл GPS байхгүйгээр хиймэл дагуулын байрлалыг тодорхойлно.
-Тэмүүлэл хиймэл дагуул нь Мазаалайгаас технологийн хувьд шинэчлэгдсэн, давуу тал юу байна?
-Ерөнхий хэмжээ гадаад байдлыг нь харвал адилхан. Багц хүчин чадлын хувьд бас ойролцоо. Мазаалай дээр алдаа гаргасан зүйлүүдээ шинэчлэн хийнэ. Найдвартай болгоно.
-Тэмүүлэл бас нэгэн туршилтын хиймэл дагуул гэсэн үг үү?
-Ер нь бол тийм. Гэхдээ Тэмүүлэлийн гол зорилго бол цаашдаа бизнес ч болж болох юм. Монгол Улсын хэрэглээг хангаж болно. Холбоо, зураг дарах зэрэг үндсэн хэрэглээ байхгүй юу.
-Бизнес чиглэлээр хиймэл дагуулыг яаж ашиглах уу?
-Жишээлбэл, газар тариалан байж болно. Ургамлын өвчлөл, хуурайшилт, хаана бордоогоо цацах, хаана услах, чийглэх хэрэгтэй гэдгийг тодорхойлж болно. Долоо хоногийн өмнө энэ газар ийм байсан бол одоо ийм болж гэж харьцуулж, зургуудаа харж болно. Хот төлөвлөлт, ус хөрсний цэвэр, бохир байдал зэргийг хянах гэх мэт хэрэглээнүүд их бий. Гэхдээ Тэмүүлэл тийм зүйл хийх үү гэвэл үгүй. Өөрөө түүнд хэрэглэгдэх технологийг туршина. Эдгээр хэрэглээг хангахын тулд нягтаршил ихтэй технологи хэрэгтэй. Тийм камер тавилаа гэхэд бид хийж чадах уу гэдэг асуудалтай тулгарна.
-Тэмүүлэл төслийг эхлүүлэх хөрөнгийг яаж босгох вэ?
-Эхний ээлжинд бид Тэмүүлэл төслийн хүрээнд бизнесийн байгууллагад маркетинг санал болгож байна. Танай компани өөрийнхөө нэрийн өмнөөс хиймэл дагуул хөөргөж болно. Компанийнхаа дууг цацаж, мэдээгээ сансраас түгээх болно гэх мэтээр санал болгож байгаа. Төсөл маань гурван жилийн хугацаатай тул гурван жилийн хугацаанд манай хиймэл дагуулаар дамжуулан маркетингаа хийж болно. Хиймэл дагуул маань өөрөө туршилтын зориулалтынх учир хэрэглээний дата өгөх боломжгүй. Гэхдээ хиймэл дагуулын датаг тухайн компани ашиглах боломжтой.
-Батлагдсан төсөв хэдэн төгрөг вэ?
-300-400 мянга орчим доллар. Одоогийн байдлаар бакалаврын 18 оюутан, магистрын таван оюутан, есөн мэргэжилтэн нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй баг уг төсөл дээр хамтран ажиллана.
-Төсөл дуусаад хиймэл дагуул бэлэн болбол хэзээ сансарт хөөргөх үү?
-2021 оны эхээр гэж тооцоолоод байгаа. Товлогдсон хугацаандаа хөөрөхгүй байх ганц шалтгаан нь санхүү. Бусад нь бол бэлэн, бид хийж болно гэж үзэж байгаа.
-Монголд хиймэл дагуул хийх боломж нөхцөл хэр вэ?
-Боломж байна. Хиймэл дагуул хийх гар утас хийхтэй адил. Монголд гар утас хийж болно. Гэхдээ гол асуудал нь гар утас ч юмуу ийм төрлийн төхөөрөмжийг олноор нь зарж байж ашиг олдог. Тэгэхээр үйлдвэрлэл хэрэгтэй байдаг. Гэтэл хиймэл дагуул жижигхэн, нэг цогц учир лабораторид хийх боломжтой.
-Сансар судлах тусгай агент байгуулах санал гарч байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Тэр зөвлөл дээрээ очоод чимээгүй болсон. Яг юу болсныг сайн мэдэхгүй байна.