Элсэлтийн ерөнхий шалгалтад гурван хичээлд 800, хоёр хичээлд 749 оноо авсан сурагч Т.Тэнгиснамуунтай ярилцлаа.
-Юун түрүүнд баяр хүргэе. Нийт хэдэн хичээлээр ЭЕШ өгсөн бэ?
-Баярлалаа. Би энэ жил Бритиш сургуулийн 13 дугаар ангийг төгссөн. Тоо болон шинжлэх ухааны чиглэлийн хичээлүүддээ сонирхолтой.Нийт таван хичээлээр ЭЕШ-ын дүнгүүдээ олон улсын шалгалтаар дүйцүүлэн батламжаа авсан. Математик, хими, физикийн хичээлээ Кэмбриджийн “AS” түвшний A үнэлгээгээр дүйцүүлж тус тус 800 оноо авсан. Англи хэлний хичээлээ “SAT English” оноогоо хөрвүүлэн 749, биологио Cambridge IGCSE A* дүнгээр 749 оноо авсан. Хүссэн шалгалтынхаа хүссэн оноог авсандаа их баяртай байна.
-Мэргэжил, сургуулиа сонгосон уу?
-Америк болон Австрали улсын хэд хэдэн сургуулиас инженерийн мэргэжлээр суралцах урилга, тэтгэлэг авсан. Мөн Монгол Улсын их сургуулийн “Багц-3”-ийн математик, физикийн чиглэлийн мэргэжлүүдээс сонгон 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж бий. Инженер, эсвэл математикийн чиглэлээр сурахаар төлөвлөсөн. Бакалавраа Монголдоо, эсвэл гадаадад ч суралцаж магадгүй. Харин магистраа бол заавал гадаадад хийнэ гэж боддог. Цаашлаад докторт суралцахыг хүсдэг. Шийдвэрээ хараахан гаргаагүй байна.
-Өдөрт хэдэн цагийг зарцуулж, ямар арга барилаар суралцдаг вэ?
-Хичээлээ тарж ирээд ихэнхдээ 3-4 цаг хичээлээ давтдаг. Чөлөөт цагаараа сайн амарч, дуртай зүйлсдээ цаг зарцуулдаг. Хичээлээ хийж байхдаа помодоро аргыг ашигладаг. Энэ нь 25 минут хичээлээ хийгээд таван минут амардаг арга. Помодоро аргаараа дөрвөн удаа яваад 30 минутын амралт авна. Тэгээд дахин 25 минут хичээлээ хийж, таван минут амраад хичээлээ хийдэг.
-Англи хэлний хичээлээ хэрхэн бэлтгэсэн бэ?
-Нэгдүгээр ангидаа “Кингс Кидс” сургуульд элсэж англи хэл сурах эхлэлээ тавьж байсан. Түүнээс хойш хичээлээс гадуур бие даан сурсан. Дунд ангидаа “Шинэ эхлэл” сургуульд англи хэлний Б.Цэнд багш маань уран зохиолын эхүүд орчуулуулдаг байсан. Тэр маш их тус болсон гэж боддог. Мөн англи хэлийг өдөр тутамдаа хэрэглэж бичлэг, подкаст сонсох, ярьж давтдаг байсан. Арваннэгдүгээр ангидаа Бритиш сургуульд элсэн англи багш нараас хичээл авахад ойлгох болон харилцахад ямар ч асуудал байгаагүй.
-Дүйцүүлэх шалгалт элсэлтийн ерөнхий шалгалтаас их ялгаатай байсан бэ?
-Олон улсын “Cambridge”-ийн шалгалт дийлэнх нь бичгээр хариулдаг. Энэ нь ЭЕШ-ын хувилбар сонгон бөглөхөөс ялгаатай. Кимбриджийн AS болон A түвшин ЭЕШ-аас хүнд санагдсан. Өмнөх онуудын маш олон материал ажиллаад л байвал сайжирч чадна. “SAT English”-ийн унших эхүүд унаган англи хэлтэй хүүхдүүдэд зориулсан тул хэцүү санагддаг ч математикийн хэсэг нь монгол хүүхдүүд өндөр оноо авах боломжтой байдаг.
-Олон хичээлээр шалгалтад бэлтгэхэд шантрах үе байсан уу?
-Гуравдугаар ангиасаа Олонлог сургуульд орж математикийн сайн суурьтай болж, маш дуртай болсон. Логиктойгоор сэтгэн бодох, ухаж ойлгох зэрэг зан чанаруудыг суулгасан. П.Чимэг багш маань математикийн олимпиадад бэлтгэдэг байсан. Миний сонгон судалсан хичээлүүд байгалийн ухааны хичээлүүд бөгөөд математикийн суурь маань маш их хэрэг болдог. Хэдий хими, физик хэцүү санагдах үе байдаг ч ойлгохгүй зүйлээ ойлгох кайфтай байдаг.
-ЭЕШ-д юу хамгийн хэцүү байсан бэ?
-ЭЕШ-ын сэдэв болон агуулга асуудалгүй байсан. Харин цаанаас нь өгсөн харандаа, баллуур асуудалтай байсан. Энэ талаар олон хүүхэд гомдоллож байна лээ. Мөн өөрийн харандаа, баллуураа авч орохыг зөвшөөрөөгүйд бухимдалтай байсан.
-Үеийн найзууд болон дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
-Эхлээд өөртөө том зорилго тавь. Том зорилгоо олон жижиг зорилго болгон хувааж, сайтар төлөвлөөд хэзээ түүндээ хүрэхээ тодорхойлоорой. Ингээд тууштай хичээж чадвал нэг л мэдэхэд чи том зорилгодоо хүрсэн байх болно. Шантарч болохгүй шүү, амжилт хүсье.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Чанартай боловсрол эзэмшиж Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хүсдэг. Залуус бид л эх орноо өөрчилж чадна гэдэгт итгэдэг. Ямар нэгэн шинжлэх ухааны нээлт хийхийг мөрөөддөг, бас сансарт нисэж үзэхийг хүсдэг. Үргэлж дэмжиж, хөгжих боломж олгодог гэр бүлийнхэндээ талархаж байна.