Олон улсын Йогийн өдрийг угтан “Йог-Эв нэгдэл, Энхтайван” уриан дор Д.Сүхбаатарын талбай дээр арга хэмжээ болж өнгөрлөө. Манай улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яам болон Улаанбаатар хотын захирагчийн алба, йогийн төвүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүд гэсэн албаны хүмүүс хүрэлцэн ирж нээлтэд үг хэлсэн юм. Йогоор хичээллэгсэд болон йог сонирхогчид олноор цугларч, Энэтхэгээс ирсэн багш нартай хамт йог хийж энэ өдөр йогийн ач холбогдлыг илүү танин мэдсэн юм. Манай улсад сүүлийн жилүүдэд йогоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр йог-бясалгалын төвүүд нэмэгдсээр байгаа. Энэтхэгийн Элчин сайд Т.Суреш Бабу “Йогоор тогтмол хичээллэснээр аливаа хүн хэдэн настайгаас үл хамаарч бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл хөгжлийг олж авдаг. Йог нь бидний амьдралын хэвшлийг эерэгээр өөрчилж, сайн сайхан байх түвшинг ихэсгэдэг юм. Йог гэдэг бол шашин биш. Йог бол сайн сайхан аж амьдрахуйн шинжлэх ухаан, бие болон сэтгэлийн зохицол юм. Ялангуяа йогоор хичээллэж байгаа хүмүүс йогийн ач холбогдлыг биеэрээ мэдэрсэн байдаг” гэж хэлсэн юм.
Мөн Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Олон улсын Йогийн өдрийн хүрээнд илгээсэн илгээлтдээ, “Йог нь бидний оюун ухаан, бие махбод, сэтгэлгээг нэгтгэж байна. Сайн сайханд хүрэх зам нь йогоор дамжин хэрэгжинэ. Тиймээс йогийг олон нийтийн хөдөлгөөн болгож хувиргахыг хүсч байгаа бөгөөд даян дэлхийн энхтайван, эв зохицол, аз жаргалын төлөө эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна” хэмээжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “ Йогийн дасгал нь амьсгал, зүрх судасны өвчлөл, ясны сийрэгжилтээс сэргийлэх, цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг бууруулах, бодисын солилцоог сайжруулах, биеийн жинг тогтмолжуулах, оюун ухаан, сэтгэл санааг тайвшруулан залуужуулах, урт наслуулах зэрэг онцгой ач холбогдолтой гэдгийг шинжлэх ухаан баталсан. Хүний эрүүл байх нь өөрөөс нь хамаардаг болохыг тунгаан эргэцүүлж, насандаа тохирсон эрүүл мэндийн мэдлэг чадварыг олж, амьдралдаа хэрэгжүүлэх энэ үйлсэд йогчид та бүхний хувь нэмэр их юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Энэтхэг Улсын ЭСЯ болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье” гэсэн юм.
Б.ОДМАА