Categories
мэдээ цаг-үе

Т.Сосорбарам: Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүй иргэнийг томилох зөрчлүүд тасрахгүй гарсаар байна

Төрийн албаны зөвлөлийн Ахлах референт Т.Сосорбарамтай ярилцлаа.


-Сүүлийн үед төрийн албаны халаа сэлгээ ихэссэн талаарх шүүмжлэх боллоо. Үүнд Төрийн албаны зөвлөл анхаарал хандуулахгүй байна гээд байгаа. Та бүхний зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Улсын Их Хурлын сонгууль болгоны дараа, Засгийн газар өөрчлөгдөх бүр хуулиар болон Засгийн газрын тогтоолоор яам, агентлагийн бүтэц өөрчлөгддөг явдал нь Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын хууль ёсны эрхийг хамгаалахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг. Улсын Их Хурлаар Засгийн газрын бүтцийг өөрчилсөн хууль баталдаг. Энэ хуулийг үндэслэж яам, агентлагийн бүтэц, улмаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймаг, нийлэлийн Засаг даргын харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөж, үүнийг дагаж төрийн албан хаагчид халагддаг, чөлөөлөгддөг. Тухайлбал, Засгийн газрын 2008 оны 65, 2012 оны 14, 2014 оны 327, 2014 оны 382, 2016 оны 03 дугаар тогтоолоор яамдын бүтцийг, Засгийн газрын 2012 оны 43, 2014 оны 387, 2016 оны 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тоог өөрчилж байсан.

Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд ийнхүү өнөөгийн эрх зүйн орчны хүрээнд Төрийн албаны зөвлөл ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч улс төрийн сонгууль тутмын дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд яам, агентлаг, болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, төрийн албан хаагчид шилжилт хөдөлгөөнд орж, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж байна. Үүнээс гадна “бүтцийн өөрчлөлт” гэсэн нэрийн дор төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, халах асуудал үргэлжилсээр байгаа. Энэ нь сүүлдээ байх ёстой хэвийн үзэгдэл мэтээр иргэд, олон нийт, төрийн албан хаагчид хүлээж авах буруу хандлагатай болоод байгааг нуух ёсгүй.

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн Үндэсний аудитын газрын тайланд “Яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг зөрчих тохиолдол нийтлэг гарсан, Төрийн албаны зөвлөлийн санал дүгнэлт гаргахгүйгээр албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон, төрийн албанд жинхлээгүй иргэнийг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон зөрчил байна. Эдгээр зөрчил, дутагдалтай холбогдуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт, томилгоотой холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт удаа дараа тавьсан бөгөөд зөрчил, дутагдлыг арилгах, хууль журмыг дагаж мөрдөх ажил удаашралтай, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна” гэж дүгнэсэн.

Төрийн албаны зөвлөл жил бүрийн үйл ажиллагаандаа, тухайлбал 2014 оны үйл ажиллагааны тайландаа “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийг өөрчлөхдөө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, тооцоо, чиг үүргийн шинжилгээнд үндэслэдэггүй, төрийн албаны төв болон холбогдох бусад байгууллагын санал авдаггүй, хуулиар тодорхойлсон төрийн албаны үндсэн зарчмыг баримтлахгүй явж ирсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх тухай дотоод аюулгүй байдлын үндэс суларч болзошгүй хэмжээнд хүрээд байна” гэсэн дүгнэлтийг гаргаж Төрийн албаны тухай 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу Улсын Их Хуралд тайлагнасан. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд тодорхой амжилтад бүрэн хүрээгүй.

-Яам, агентлагт түр орлон гүйцэтгэгчээр хэдэн хүнийг томилон ажиллуулж байна вэ. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах хугацаа гэж байдаг уу.

-Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”аар тус тус зохицуулдаг.

Энэ хууль тогтоомжид зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх ёстой. Төрийн байгууллагуудад явуулсан хяналт шалгалт, судалгаанаас үзвэл “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”ыг зөрчсөн томилгоо нэлээд байна. Өнөөдрийн байдлаар яамдын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд 42, агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд 89 байна.

Төрийн албаны зөвлөлөөс түр орлон гүйцэтгэгч нарын зөрчилтэй асуудлыг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгдөг боловч, зарим талаар хэрэгжихгүй байна. Энэ нь хууль тогтоомжид төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх хугацааны хязгаарлалт байхгүй байгаатай холбоотой тул шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд сул орон тоо гарсан өдрөөс хойш 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөлд ирүүлэхээр, энэ хугацааг зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай заалтуудыг оруулсан нь дэвшилттэй зүйл болсон.

-Яамдад Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хэдэн хүнийг томилон ажиллуулж байна вэ. Төрийн нарийн бичгийн дарга нарыг хэзээ жинхлэх вэ?

-Өнөөдрийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа.

Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг ирүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд тавигдах шалгуур хангалттай биш байна гэж үзэн буцаасан. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай холбоотой шүүх дээр хэрэг маргаан үүсгээд явж байгаа тул сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байна. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын захиалга Засгийн газраас ирээгүй байгаа.

Гэхдээ энэ гурван яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу томилогдсон байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-Шалгалт өгөөгүй иргэдийг ялсан намын шахаагаар төрийн албаны удирдах албан тушаалд шууд томилж байгаа зөрчилд ямар хариуцлага тооцдог вэ. Зарим тохиолдолд ажлын байрны шаардлагыг нь тухайн хүнд тааруулж өөрчилдөг гэсэн шүүмжлэл байдаг. Ийм байж болдог юм уу?

-Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагын төслийг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 1048 тоот албан бичгээр, 2012 оны 966 тоот албан бичгээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл батлаагүй. Иймээс төрийн албаны удирдах ажилтны томилгоо улс төрөөс хараат, мерит зарчим хэрэгжихгүй байгаа юм. Гэхдээ 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөгдөх Төрийн албаны тухай хуульд “мерит зарчим”, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хуульчилж өгсөн дэвшилттэй зүйл болсон гэж үзэж байна.

Бүх шатны төрийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх ажилтны сул орон тооны захиалга хүлээн авах, нийтэд зарлах, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, дүгнэлт гаргах нэр дэвшүүлэх, томилгоонд нь хяналт тавьдаг. Гэсэн ч томилох эрх бүхий албан тушаалтнууд сул орон тооны захиалгаа ирүүлдэггүй, түр орлон гүйцэтгэгч томилох, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг гэрээт ажилтан нэрээр авч ажиллуулах, ажлын байрны шаардлагыг тодорхой хүнд тохируулах, эсвэл тавигдах болзол, шалгуурыг бууруулах, Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс сонгон шалгаруулж, дүгнэлт гаргаж санал болгосон иргэнийг томилохгүй байх, сонгон шалгаруулалтад тэнцээгүй, эсвэл тэнцсэн ч Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүй иргэнийг томилох зэрэг зөрчлүүд тасрахгүй гарсаар байна.

Дээрх зөрчлийг гаргасан эрх бүхий албан тушаалтныг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах зохицуулалтыг 2019 оны нэгдүгээр сараас мөрдөгдөх Төрийн албаны тухай хуульд шинээр тусгаж өгсөн.

-Төрийн албаны зөвлөлийг хангалтгүй ажиллаж байна гээд татан буулгах ёстой гэдэг зүйл нийгэмд газар авч байна. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа тийм доголдолтой байгаа хэрэг үү?

-Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй, хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хуралд тайлагнан ажиллаж, тодорхой чиглэл аван ажилладаг.

Төрийн албаны зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаа ханган ажиллаж өөрийн чиг үүрэгт хамаарах нөөц боломжоо бүрэн дайчлан ажиллаж байна. Улсын Их Хурлын 2002 оны аравдугаар сарын 31ний өдрийн 70 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны орон тоог Ажлын албаны дарганэг, ахлах референттав, референтгурав, шинжээчхоёр, нягтлан бодогчнэг, бичиг хэрэг, архивын эрхлэгчнэг, даргын туслахнэг, нийт 14 хүний орон тоотойгоор баталсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Зөвлөлийн бүтэц орон тоонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд энэ хугацаанд төрийн албан хаагчдын тоо 52 мянгаар нэмэгдсэн.

Ажлын алба өнөөдрийг хүртэл зохион байгуулалтын бүтцийн нэгжгүй, 14 ажилтантайгаар Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Тухайлбал, ажлын албаны нэг ажилтан гэхэд төрийн албаны шалгалт, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц болон хяналт шалгалтыг улсын хэмжээнд хариуцаж байгаа нь Зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг ч хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *