Энэ онд багтаж нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID) төхөөрөмж олгоно гэдгийг нийслэлээс мэдэгдээд байгаа. Энэ ажлын явцын хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулга авлаа. Есдүгээр сарын 15-ныг хүртэл тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнээс цааш тэгш сондгойгоор ангилж дугаарын хязгаарлалт хийхгүй талаар онцолж байна.
-Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ. Иргэд хаана хандаж гэрчилгээгээ авах вэ?
-Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил үргэлжилж байна.
Эхний ээлжинд Зам тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар гарсан түр журам үйлчилнэ. Энэ журмын төслийг Засгийн газарт хүргүүлсэн, хянаж байна. Түр журам батлагдахад нийтэд мэдээлнэ. Ирэх сард багтаад энэ ажил цэгцэрнэ.
-Цахим гэрчилгээ олгоход иргэдэд тодорхой шаардлага тавих талаар та онцолж байсан. Ямар нөхцөлд цахим гэрчилгээ олгохоос татгалзах вэ?
-Тодорхой хэмжээний шаардлагуудыг түр журмын төсөлд оруулсан, одоогоор хянагдаж байна. Тухайлбал салхины шил хагарсан, ямар нэгэн хуулга наагаагүй байх, үзлэг оношилгоонд хамрагдсан байх, торгуулиа хугацаанд нь төлсөн зэрэг шаардлагууд тавьсан. Түүнчлэн оношилгоонд хамрагдсан ч илтэд үзэмжгүй тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ үзэгдлийг хязгаарлахаар тусгасан. Ерөнхийдөө оношилгоонд хамрагддаггүй, өндөр торгуультай, бүрэн бус тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгохгүй гэж ойлгож болно. Түр журам батлагдахад илүү тодорхой болно.
-Төрийн байгууллагуудад энэ ажил хийгдээд явж байна уу?
-Тийм. Төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа төрийн байгууллагуудад авто машины цахим гэрчилгээ олгоод байна. Энэ ондоо нийслэл цахим гэрчилгээ олгоод орон нутаг руу шилжинэ.
-Жолоодох эрхээ хасуулсан этгээдүүд замын хөдөлгөөнд оролцоод байгаа нь түгжрэлд нэмэр болж байгааг шүүмжилдэг. Цахим гэрчилгээ олгосноор үүнийг хянах боломж бүрдэж байна уу?
-Энэ ташаа ойлголт. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнтэй холбоотой асуудлыг зохицуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл зөрчилтэй байгаа тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Чип суулгана, жолоодох эрхгүй этгээдийг илрүүлнэ гэх буруу ойлголт байна лээ. Тийм биш.
Жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг шууд тодорхойлох боломжгүй байна. Заавал Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын тусламжтайгаар шалгаж байгаа. Харин энэ төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим гэрчилгээ олгосноор тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломж бүрдэнэ. Мөн хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг аваад явах юм.
-Үүнийг та бүхэн түгжрэлийн шийдэл гэж харж байна уу?
-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд хийж байгаа ажил. Хөдөлгөөний ачаалал гэхээс илүү соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож болно. Өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгодог байсан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 59 мянган машинд хотын серитэй дугаар олгосон дүн мэдээлэл байна. Хагас жилийн дотор 60 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Үүнээс үзэхэд импортоор орж ирж буй автомашинуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо хийж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь үр дүнгээ өгч чадахгүй. Үүнтэй холбоотой саналаа холбогдох Үндэсний хороонд танилцуулна.