“Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд нээлтээ хийлээ. Энэхүү хурал нь хоёр өдрийн турш үргэлжилнэ. Хуралд Монгол, Японы олон эрдэмтэд оролцож байна. Тэдний нэг нь Япон улсын Отони их сургуулийн доктор, профессор Такаши Мацукава билээ. Тэрээр “Зүүн Монголын нутагт буй Кидан үсгийн хөшөө бичиг ба хадны бичээсийн тухай” илтгэл тависан юм.
Ингээд доктор, профессор Такаши Мацукаватай ярилцсанаа хүргэе.
–Монголын түүхийг та хэдийнээс эхэлж сонирхож, судалсан бэ?
-Би Токио дахь гадаад судлалын их сургуулийн “Монгол хэлний салбар”-ыг 1983 онд төгссөн. Тэр үед Японд “Торгоны зам” их моодонд орж байсан. Одоо ч гэсэн Японд зам харилцаа хөгжсөн ч гэлээ “Торгоны зам”-ын талаар сонирхсоор байна. Миний хувьд Монголын эзэнт гүрний түүх болон Юань гүрний талаар илүүтэй судалсан. Тэр үед Хубилай хааны зарлигаар дөрвөлжин бичиг зохиогдож байсан. Түүнээс хойш 17-р зууны үед Ойрадын Заябандидагийн үед Тод үсэг гэж зохиогдож байсан. Эдгээр үсгээр бичигдсэн сурвалж бичгүүдийг судалж ирлээ.
-Та монгол хэлээр их сайн ярих юм. Монгол бичиг бас мэдэх үү?
-Би Өмнөдмонголд суралцаж байсан. Монгол бичиг болон кирилл үсгээр адилхан уншиж бичнэ. Аль нь ч надад ялгаа байхгүй.
-Энд Киданы үеийн бичгийн дурсгалын талаар их яригдаж байна. Та энэ талаар судалсан уу?
Кидан бичиг үсэг сайн уншигдаж тайлагдаагүй. Кидан үсэг нь эх үсэг, бага үсэг гэж хоёр хэсэгт хуваагддаг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд байдаг “Донгойн ширээ” цогцолбор дурсгалын малтлага судалгаагаар 13, 14 ширхэг хошуу бичгийн хэсэг олдсон. Түүн дээр Түрэг бичгийн дурсгалууд илэрсэн. Түүний дараа 10, 11 дүгээр зууны үед Кидан хүмүүс нэмж бичиж сийлсэн байна.
-Кидан бичгийн дурсгал хаагуур их тархсан байдаг юм вэ?
-Ер нь бол Киданы дурсгалын бичиг Өмнөдмонголд их байдаг. Мөн Хэнтий аймгийн Батширээт сумын “Рашаан хад” гэдэг газар болон Төв аймгийн салбар уулсад байна. Эх бичиг нь дөнгөж зууны арван хувь нь л тайлагдаж байна. Харин Кидан бага үсэг нь илүү сайн судлагдсан. Зууны тавин хувь нь танигдаж тайлагдаж байна.
–Хадан дээр бичсэн эдгээр бичиг дурсгалууд нь хэр сайн хадгалагдсан байдаг вэ?
-Хар бэхээр бичигдсэн нь маш муу хадгалагдсан. Зарим нь бараг гаргагдахгүй болжээ. 2003 оны үед анх үзэж байсан бичгээ эргээд үзэхэд тэр үеийн байдлаас их дорджээ. Хадгалалт хамгаалалтыг сайжруулах “Их Хэнтий” төслийг Монгол, Японы баг хамтран хийж хэрэгжүүлсэн. Тусгай химийн бодис цацаж тэрхүү дурсгалыг хамгаалах юмуу гэсэн янз бүрийн саналыг дэвшүүлсэн. Гэвч нутгийн хүмүүс ийм маягаар хамгаалах дургүй байна. Яагаад гэвэл “Рашаан хад” гэдэг тэр газраас нүдэнд сайн рашаан гардаг. Энэ нь алт ухаж байгаа хүмүүс байгаль орчин их бохирдуулж байгаатай холбоотой нутгийн иргэд дургүй байна. Тиймээс тэдгээр хүмүүст шинжлэх ухааны талаар ойлголт, зөвлөгөө өгч бичгийн дурсгалыг цаашид хадгалж үлдэх хэрэгтэй гэж бодож байгаа.
-Японд эртний хадны бичгийн дурсгал монголтой адил их байдаг уу?
-Японд ийм хадны бичиг нэг ч байхгүй. Япон бол эртнээс бичгийн соёл хөгжсөн. Тийм учраас цаасан дээр бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр хадны зураг бичиг байхгүй гэж хэлж болно. Японд зургаа дугаар зуунаас эхлэн цаасан бичиг үүссэн. Энэ нь Хятадын нөлөөтэй. Хамгийн анхны олдсон эртний бичиг бол бурхан шашны зориулалттай суварга дотроос гарч ирсэн. Тэр нь яг л маанийн хүрдэн дотор байдаг хуйлсан бичиг шиг байдаг. Тухайн үеийн шашны лам нар л түүнийг бичсэн болов уу гэж би боддог.
О.ӨНӨР