“Сарны нулимс”, “Намрын синдром”, “Зөрлөг” зэрэг уран бүтээлийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Т.Хулантай ярилцлаа.
-“Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр хүмүүсийн сэтгэлд ойр байдаг шүү дээ. Өөрийн тань тоглосон хэд дэх дүр вэ?
-Хамгийн анх “Чиний эзгүйд” киноны Сэргэлэн гэх охины дүрийг бүтээж байсан. Дараа нь “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр дээр ажилласан. Үзэгчдэд киногоо хүргээд урмын үг сонсох сайхан мэдрэмж байсан шүү. Кино маань ч үзэгчдэд сайн хүрсэн. Дүрийн тухайд гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй охиныг гаргасан. Эргээд бодоход сайхан дурсамж шүү. Одоо ч хамтран тоглосон уран бүтээлчидтэйгээ холбоотой байдаг.
-Таны хувьд тайз, дэлгэцийн салбарт аль алинд нь ажиллаж туршлага хуримтлууллаа. Ингэхэд аль нь илүү өрсөлдөөн ихтэй вэ?
-Мэдээж салбар бүр өөрсдийн онцлогтой. Өөр өөр мэдрэмжийг ч өгдөг. Хоёулаа өрсөлдөөн ихтэй. Би драмын урлагт маш их дуртай. Өөрийгөө драмын жүжигчин гэж бодож явдаг. Улсын Драмын Эрдмийн театрыг нэг ёсондоо академи гэж үздэг. Жүжигчин хүнд маш их сургалт олгодог. Тийм ч учраас би их зүйлийг сурч, мэдэж авах зорилготой драмын урлагт хөл тавьж найман жил ажилласан. Харин сүүлийн үед кино урлаг руу түлхүү орж ажиллаж байгаа. Хошин урлаг, драмын урлаг, кино урлаг гэх урлагийн томоохон салбаруудад ажиллаж байсан хүний хувьд залуу жүжигчдэд драмын театрт ажиллаж үзээд, юм сурвал зүгээр шүү гэж зөвлөх их дуртай. Үүний дараагаас кино урлаг руу өөрийнхөө хүсч хийе гэж бодсон зүйлээ хэрэгжүүлэхээр зорьсон. Ер нь эмзэглэсэн санаа, сэдэв, бодол их байсан шүү. Тэр бүхнийгээ уран бүтээлээрээ үзүүлэх юм. Кино урлаг өөрөө энэ бүх боломжийг өгдөг шүү дээ.
-Хэр олон киноны санал ирж байв. Татгалзсан хариу өгсөн дүр бий юү?
-Би уран бүтээлээ сонгохдоо хамгийн түрүүнд хамтран ажиллах уран бүтээлчдээ мэргэжлийн байлгахыг шаарддаг. Мэргэжлийн байлгахыг боддог учраас зохиолын ч тэр, дүрийн хувьд ч тэр надад тааламжтай бус, хамтран ажиллах хамт олон, уран бүтээлчид нь мэргэжлийн бус байх үед татгалзсан хариу өгч байсан.
-Таны тоглосон дүрүүдээс хамгийн их ур чадвар шаардсан нь ямар дүр байв?
-Мэдээж бүтээсэн дүр бүхэн маань ур чадварыг шаарддаг. Театрын тайзан дээр гэх юм бол “Гамлет” жүжгийн Опелиа дүр маш их ур чадварыг шаардсан. Учир нь галзуу хүний сэтгэхүйг судалж, галзуу хүн болж жүжиглэнэ гэдэг амаргүй даваа. Кино урлагт бол одоогоор нээлтээ хийгээгүй байгаа “Хэнд ч хэлээгүй нууц” гэх кинонд Сувдмаагийн дүр байна. Эсрэг дүрийн бүсгүйг бүтээсэн. Урьд нь тоглож үзээгүй дүр гэдэг утгаараа ур чадвар, тоглолт их шаардсан. Кино театрууд нээгдэхээр нээлтээ хийнэ. Ер нь ямар ч кинонд дүрдээ бүх биеэрээ орж, чин сэтгэлээсээ ажилладаг болохоор их ядарсан байдаг. Уйлсан, зовлон шаналалтай дүр бүтээсэн жүжигчдийг хүмүүс их амархан уйлдаг, амархан жүжиглэчихдэг гэж ташаа боддог байх. Би ийм ярианд тун дургүй. Хүний нүдээр нулимс гарахдаа яаж гардаг, ямар их зовлон шаналлыг жүжиглэж үзүүлдэг вэ энэ бүгд тэр чигтээ ур чадвар. Надад оноогдсон ихэнхи дүрүүд драмчилсан, сэтгэлийн шаналгаатай дүрүүд байдаг учраас ажиллагаа болон ур чадвар шаардсан байдаг шүү.
-Эсрэг дүрд тоглох юмсан гэж боддог байсан гэсэн. Тэр бодол, хүсэл тань биелжээ дээ?
-Би Ц.Хүсэлбаатар найруулагчдаа их баярласан. Эсрэг дүрд тоглож үзэх юмсан, надаас ямаршуу чадвар гарах бол гэж боддог байсан. Эхлээд зохиолоо уншсан. Зохиолд нэлээн зовж, шаналсан гол дүр байсан л даа. Тэр дүрийг надад өгөх болов уу гэж бодсон. Гэтэл үгүй шүү. Эсрэг дүр өгсөн. Надаас ийм дүрийн чадвар гарна гэж бодсон юм байхдаа гээд их гайхсан. Дүрээ мэдчихээд өөрийгөө ч сорихыг хүссэн болохоор хамаг чадлаараа ажилласан. Одоогоор кино маань нээлтээ хийгээгүй болохоор өөрийгөө хэр жүжиглэж чадсан, ямар харагдсанаа мэдэхгүй байна. Гэхдээ маш их хичээсэн. Одоо бол түүхэн кинонд дүр бүтээхийг хүсч байгаа.
-Тоглосон дүрүүд тань ихэвчлэн гэнэн цайлган, сахилгагүй, дурлалт бүсгүй байдаг. Амьдрал дээр ч ийм үү. Эсвэл эсрэгээрээ юү?
-(Инээв). Их сонин. Найруулагчид миний дүрийг харахдаа гэнэн цайлган, даруу төлөв, хүний өмнөөс үг дуугарч чадахгүй гэж дүгнээд байдаг. Харин би амьдрал дээр хүний өмнөөс үг хэлж чадахгүй суугаад байх хүн биш шүү дээ. Ер нь их шударга зан чанартай. Гэнэн цайлган зан чанар надад байдаг л даа. Хааяа бас сахилгагүйтэх дуртай. Ийм төрлийн дүрийг бүтээж ажиллахдаа их жаргалтай, яг хүүхэд шиг болчихдог. Ер нь ажлаасаа их баяр баясгаланг авдаг.
-2014 онд өгсөн ярилцлагадаа Ардын жүжигчин С.Сарантуяаг хүндэлж явдаг гэсэн байсан. Тэр хүнийг хүндэлж хайрлах олон шалтгаан бий байх?
-Хүнд нэг тааламжтай хүн гэж байдаг шүү дээ. Аливаа зүйл дээр зөвлөгөө өгдөг, хамтарч ажиллахад ч гар нийлдэг хүн гэж байдаг. Ардын жүжигчин С.Сарантуяа эгч маань яг л ийм хүн. Хүндэлж явдаг шалтгаанууд их бий. Нэгдүгээрт, “Чиний эзгүйд” гэх уран бүтээл дээр С.Сарантуяа эгч маань продюсер хийж байсан. Ингээд анхны дүр болох Сэргэлэнгийн дүрд намайг тоглож чадах уу, тоглохыг хүсч байна уу гэж асуусан. Дөнгөж их сургуулиа төгссөн жаахан охиныг олж хараад, киноны гол дүрд тоглуулсан нь миний хувьд үнэхээр хүндэтгэлтэй хэрэг байсан. Хоёрдугаарт, Улсын Драмын Эрдмийн театрт орж ажиллахыг зөвлөсөн. Мөн олон уран бүтээлд хамтран ажилласан. Маш их үлгэр дуурайл авдаг хүн учраас яахын аргагүй хүндэлж явдаг даа.
-Ойрын хэдэн жилдээ хамтарч ажиллахаар төлөвлөсөн, эсвэл хүссэн уран бүтээлч бий юү?
-Ер нь бүх жүжигчидтэй хамтарч ажиллахыг хүсдэг. Би өөрийгөө их азтай гэж боддог. Кино дэлгэцийн болон драмын тайзнаа урлагийн салбарын мундаг жүжигчидтэй хамтран ажиллаж байсан.
-Өөрийг тань их ажил хэрэгч гэж дуулсан юм байна. Ер нь амьдралдаа ямар дадал, зуршлаар ханддаг вэ?
-Тийм шүү. Би ер нь жүжигчин болоогүй байсан бол хуульч, эсвэл их ажил хэрэгч хүн л болох байсан байх шүү. Ажил хийхдээ их назгайрах, сунжруулах дургүй. Ер нь бол их ажил хэрэгч хүн л дээ. Одоогоор жүжигчнээс гадна кино продюсер, зургийн даргын ажил хийж байна.
-Сайн гэрийн эзэгтэй, сайн ээж гэж хүмүүс ярьдаг. Гэр бүлээрээ чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна?
-Надад ер нь чөлөөт цаг гэж байдаггүй (инээв). Гэртээ байхаараа зүгээр суудаггүй. Гэрээ цэвэрлэнэ, энд тэндэх юмаа янзална. Энэ л миний хувьд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа хэрэг. Бас нөхөртэйгөө театр руу явж кино, жүжиг үзэх дуртай.
-Яг юунаас эрч хүчээ авдаг вэ?
-Ээж болоогүй байхдаа найз нартайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Одоо бол хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, өөр зүйлсэд анхааралгүй зөвхөн хүүхдүүд рүүгээ төвлөрдөг. Хүүхдүүдээсээ л аз жаргалыг мэдэрдэг дээ. Хичнээн ядарсан ч гэсэн хүүхдүүдээ хараад л эрч хүчээ аваад ядаргаа тайлагдчихдаг.
-Танай гэр бүлийн хүн урлагийн хүн шүү дээ. Хоёулаа нэг салбарын хүмүүс байх хэр вэ?
-Хоёулаа нэг салбарын хүмүүс байх их давуу талтай. Нэгдүгээрт, бие биенийгээ ойлгож, ямар нэгэн уран бүтээл дээр ажиллахдаа хоорондоо зөвлөлдөнө. Хоёрдугаарт, манай нөхөр харгүй. Ер нь эмэгтэй жүжигчдийн хувьд энэ тал дээр хэцүү байдаг. Хэрвээ би өөр мэргэжлийн хүнтэй суусан бол уран бүтээлд өөр эрэгтэй хүнтэй хамтран хайр сэтгэлийн холбоотой дүр бүтээнэ. Энэ бүхнийг ойлгох хүн байхад ойлгохгүй ч хүн байна. Манай нөхөр бол энэ тал дээр маш сайн ойлгодог. Тэгээд би их харгүй хүн юм байна гэж боддог. Намайг тэгж хардаад байдаггүй шүү дээ (инээв). Тийм болохоор хамтран ажиллах, зөвшилцөх гээд их олон давуу талтай.
-“Т.Хулан нөхрийнхөө кинонд л тоглоод л, гэрийн эзэгтэйн ажил хийгээд явж байна” гэсэн яриа гарсан байна лээ?
-Нөхөр нь нэг уран бүтээлд ажиллахад автоматаар эхнэр нь тоглоод явна гэсэн ташаа ойлголт байдаг. Би зөвхөн нөхрийнхөө найруулж буй кинонд тоглоогүй. Өөр маш олон найруулагчтай хамтран ажиллаж байсан. Иймэрхүү үзэл бодолд тун дургүй. Энэ нь хоёулаа нэг салбарт ажилладгийн хэцүү зүйл нь. Би өөрөө кино продюсерлаад ажиллаж байхад л “Хулан нөхрийнхөө л кинонд тоглоод гэрийн эзэгтэйн ажил хийж байна” зэрэг өрөөсгөл нийтлэл гарсан байсан. Хүмүүс хов живний л асуудал хөөцөлдөж байна гэж хардаг.
-28 настайдаа ээж болж байсан шүү дээ. Ээж болсны өмнөх, дараах хоёр их ялгаатай байсан биз?
-Тийм шүү. Хүүгээ 28 настайдаа төрүүлж байсан. Өмнө нь ээж болоогүй байхдаа эмэгтэй хүн ээж болно гэдэг, гэрийн эзэгтэй болно гэдэг, амьдрал авч явна гэдэг ямар болохыг мэдэхгүй явсан. Одоо бол хүүхэд гэж хэн болох, ээж хүн ямар хариуцлагатай байдаг талаар мэддэг болсон. Тийм ч учраас гэр бүл, үр хүүхэдгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Арван жилийн өмнөх би хүүхэдгүйгээр хэрхэн амьдарч байсныг одоо бодоход сайн санахгүй байна. Би ээж болсон цагаасаа эхлэн ээжийгээ илүү их ойлгож, илүү ухаан суусан. Эцэг эх, үр хүүхдэдээ өгнө үү л гэхээс авдаггүй. Бүхий л зүйлсээ цаг ямагт зориулдаг. Би ч гэсэн өөрийнхөө бүх зүйлийг хүүхдүүддээ зориулахыг хүсдэг.
С.ЛХАМСҮРЭН
А.ЗОЛЗАЯА