Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Хулан: Амьдрал, дэлгэц хоёр огт өөр


Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Хулантай ярилцлаа.


-Т.Хулан Драмын театртаа эргэж ирлээ гэцгээсэн. Эргээд очиход ямар мэдрэмж төрсөн бэ. Бодож санаж хүлээсэн шиг чинь байв уу, эсвэл огт өөр байсан уу?

-Хичнээн дассан газар ч шинэлэг мэдрэмж төрсөн. Ахмадууд маань тэтгэвэртээ гарсан байна. Одоогоос найман жилийн өмнө ихэнхдээ ахмадуудынхаа дунд ажиллаж байлаа. 2014 онд театраас гараад найман жил болжээ. Театртаа бас яг найман жил ажилласан байдаг. Одоо бол шинэ залуу уран бүтээлчид ажиллаж байна. Ерөнхий найруулагч болон театрын захиргаа маань дунд үеийнхнээ театртаа татан оруулъя гэдэг үүднээс бидэнд санал тавьсан юм билээ. Миний хувьд театртаа ажиллахыг хүсдэг байсан ч хувиараа, гэр бүлээрээ уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрсөн болохоор ч тэр юмуу театраа үгүйлж байлаа. Тийм учраас энэ саналыг баяртай хүлээж авсан.

-Өөрийг чинь театртаа ирсэн болохоор ямар дүр бүтээх бол гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Одоогоор бидний ажлын чиг гараагүй байгаа. Гурав, дөрөвдүгээр сард шинэ жүжгүүд тавигдахад шинэ уран бүтээлд орох эсэх нь мэдэгддэг. Театр-студийн залуустаа зориулаад, Н.Наранбаатар найруулагч Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийг шинэчилж тавьж байгаа. Түүнд оролцох юм. Хүмүүс “Ийм жүжигт тоглох уу, тэр жүжигт орох уу” гээд янз янзаар л асууж байна лээ.

– Таны нөхөр, найруулагч Д.Галбаяр түүхэн уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн. Танд хатны дүр ногдох болов уу?

-Түүхэн киноны зохиол дээр ажилласан. Түүнээс биш яг кино хийгдэх гэж байгаа биш л дээ. Манай хүнийг шинэ уран бүтээл хийхээр хүмүүс “Т.Хулан орох байх” гэж таамаг дэвшүүлдэг. Миний хувьд өөр найруулагчдын уран бүтээлд ч ордог жүжигчин учраас “Би зөвхөн нөхрийнхөө уран бүтээлд тоглодог жүжигчин биш ээ” гэж ам бардам хэлдэг. Нөхөр маань ч “Хулан тоглох ёстой шүү” гэсэн байдлаар ханддаггүй. “Галаа найруулахаар Хулан тоглох ёстой юм уу” гэсэн эсэргүүцэл бас байдаг. Энэ бол нэг их яриад байх сэдэв биш байх. Тэртэй тэргүй өөр найруулагчдын уран бүтээлд ч сонгогдоод ордог болохоор “Би орно” гэж зүтгээд байдаггүй. Манай хүн ч нэг их “чихэх” гээд үзээд байдаггүй л дээ.

-Таны нөхөртэйгөө хамтарч хийдэг контентууд ч хандалт ихтэй байдаг шүү дээ. “Бид ирлээ” гээд найруулагч Н.Наранбаатарын гэр бүлийнхэнтэй хамт хийсэн нэвтрүүлэг үнэхээр сайн юм билээ. Ийм ажлууд цаг, хөлс хүч шаарддаг байх л даа.

-Манай хүн бол “Халамцуу яриа”-г найруулагч, продюсерыг нь өөрөө хийгээд, даагаад аваад явдаг. “Бид ирлээ” нэвтрүүлгийн санааг манай хүн гаргасан юм. Гаргасан санааг нь би хэрэгжүүлье гээд компаниудад хандсан. Нэвтрүүлэг болгоход ажил их ордог. Бид зүгээр л очоод тоглоод явчихдаг юм биш. Нэвтрүүлэг болж гаргахын тулд ажилласан хүмүүстээ хөлс өгдөг. Хөрөнгө оруулалт их шаардана. Нэвтрүүлэг хийх гээд хөрөнгө босгоод явахдаа мөнгө босгоно гэдэг амаргүй ажил гэдгийг ойлгосон. Уран бүтээл бүтэхэд санаанаас гадна хөрөнгө оруулалтаас маш их зүйл хамаардаг. Юмыг эхлүүлэхэд хэцүү. Хандалт ихтэй болсон тохиолдолд “Халамцуу яриа” нэвтрүүлэгт бол компаниуд өөрсдөө хандаад, “Манай энэ бүтээгдэхүүнийг оруулаад өгөөч” гэдэг.

-“Бид ирлээ” нэвтрүүлгийн үеэр Галаа зочноосоо асуугаад байсан л даа. “Танай анхны байшин ямар байсан бэ” гэж. Ингэхэд та хоёрын анхны байшин ямар байсан бэ?

-Би дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байртай болохоор зорьсон юм. Ээж Америкт олон жил ажиллаж, амьдарч байсан. Дүү бид хоёр эмээ, өвөө дээрээ өссөн. Тэгээд ээжийгээ ирэхэд байртай болгохыг хүссэн л дээ. Ээжийнхээ явуулсан мөнгийг ч цуглуулаад, өөрөө ч ажил хийж, хэд хэдэн уран бүтээлд оролцож байсан. Ингэж шинэ байр авч байсан юм. Тухайн үед ээж Америкаас ирээгүй байсан болохоор тэр байранд би ганцаараа амьдрахгүй нь тодорхой. Манай хүн бас “Ээжийг иртэл нь хоёулаа ийшээ орчихъё” гээд шинэ байрандаа орж байсан. Зарим хүн намайг “Мөнгөтэй хүнтэй суусан” гэж ярьдаг юм билээ. Тийм юм байгаагүй. Шинэ байранд ороход абжур, хөшиг тогтоогч хүртэл авдаг шүү дээ. Бүгдийг нь шинээр авч байлаа.


Түүхэн киноны зохиол дээр ажилласан. Түүнээс биш яг кино хийгдэх гэж байгаа биш л дээ. Манай хүнийг шинэ уран бүтээл хийхээр хүмүүс “Т.Хулан орох байх” гэж таамаг дэвшүүлдэг. Миний хувьд өөр найруулагчдын уран бүтээлд ч ордог жүжигчин учраас “Би зөвхөн нөхрийнхөө уран бүтээлд тоглодог жүжигчин биш ээ” гэж ам бардам хэлдэг. Нөхөр маань ч “Хулан тоглох ёстой шүү” гэсэн байдлаар ханддаггүй. “Галаа найруулахаар Хулан тоглох ёстой юм уу” гэсэн эсэргүүцэл бас байдаг. Энэ бол нэг их яриад байх сэдэв биш байх. Тэртэй тэргүй өөр найруулагчдын уран бүтээлд ч сонгогдоод ордог болохоор “Би орно” гэж зүтгээд байдаггүй. Манай хүн ч нэг их “чихэх” гээд үзээд байдаггүй л дээ.


-Тухайн үед Т.Хулан хөөрхөн, цайлган охины дүрд тоглодог. Үзэгчид ч тийм дүрээр л хүлээж авдаг байсан. Бараг хүүхдээрээ шахуу мөртлөө том охины ээж болох шийдвэрийг яаж гаргасан бол гэдэг сонин?

-Хорин хэдтэй охин байлаа. Амьдрал гэж юу байдгийг мэддэггүй байсан болохоор ч тэр юм уу надад тухайн үедээ тэр асуудал санагдаагүй. Нэг их айхавтар шийдвэр гаргах гээд бясалгаад байсан юм байхгүй. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд л амьдралыг ойлгож эхэлдэг юм билээ. Би бол тэгж л бодсон. Анхны төрөлт дээр бол гайхсаар байгаад л таардаг. Хоёр дахь хүүгээ төрүүлэхдээ л ээж болчихсон, хүүхдийг яаж өсгөх вэ, хүн болгох вэ гэдгээ мэддэг болдог юм билээ.

-Орчин үеийн хүүхдүүдтэй харьцахад амаргүй л дээ. Манай үеийнхэн бол дуулгавартай хүүүхдүүд байсан санагддаг. Ээж, эмээгийн үгэнд орох ёстой л гэж боддог. Харин одоогийн хүүхдүүд бол буруу зөвлөгөө өгөөд байгаа юм биш биз дээ гэж бараг эргэлзэж хүлээж авдаг юм биш үү?

-Би бол хүүхдүүдийнхээ эрх чөлөөг хязгаарлах дургүй. Хүүхэд юу хүсч байна, хийж байгаа алхам нь буруу санагдвал өөртөө илүү дүгнэлт хийдэг. Яагаад надад буруу санагдаж байгаа билээ гэж бодож үздэг. Би хэдэн настай билээ, энэ хүүхэд хэдэн настай билээ, одоо ямар үе билээ гэдгийг бодолцдог. Бидний үед ийм байсан, одоо тийм л байх ёстой гэж шаардаж болохгүй. Буруу зүйл дээр нь сайн хэлж ярилцдаг.

-“Халамцуу яриа”-ны зарим дугаарыг үздэг. Сүүлд эмэгтэй хүн халамцахаараа юу ярьдаг бол гээд сонирхож үзсэн. Халамцуу эмэгтэй нөхрийг чинь тэвэрч авахыг олонх эхнэрүүд таалахгүй л дээ. Гэхдээ та энэ бүхнийг яаж хүлээж авдаг вэ?

-Би бол үнэхээрийн ноцтой шалтгаан гараагүй бол иймэрхүү зүйл дээр бол хардахгүй л дээ. Манай хүн бол бүр харгүй.

-Та “Халамцуу яриа”-ны оролцогч бол хэдэн раунд тэсэх бол?

-Би архи уудаггүй. Амархан согтдог. Тэгэхээр ийм нэвтрүүлэгт орох ч үгүй байх л гэж бодож байна.

-“Хадмын хайр” гээд кинонд тоглосон байсан. Энэ кинонд ямар дүр бүтээв, бодит амьдрал дээрх хадмын хайрын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Тэр уран бүтээл дээр Дооёо ах хадам болж тоглодог. Би өөрөө тэр уран бүтээл дээр хойд эх болж тоглож байгаа юм. Миний хувьд тийм хадам ховор гэж бодогдож байсан. Манай үеийнхэн бол гоё хадам болж магадгүй. Манай аав, ээжийн үеийнхэн бол хүүхдүүдээсээ хариуцлага нэхээд сурчихсан. Хүргэн, бэрдээ хүүхдээсээ илүү их шаардлага тавиад байдаг. Бэр, хүргэнээ ойлгож амьдрах хэрэгтэйг тэр уран бүтээл харуулсан. Хадмын хайраас гадна тэр кинонд бас хойд ээжийн хайр гардаг. Би бол бэрүүддээ хайртай ээж байх юмсан гэж бодож байлаа.

-Таны нөхөр мааз, инээж наргисан хүн харагддаг. Гэртээ ч гэсэн тийм наргианч нөхөр үү?

-Үгүй шүү дээ. Амьдрал, дэлгэц хоёр огт өөр. Манай хүн амьдрал дээр фэйсбүүкт байдаг шигээ мааз биш. Би тогтуун байх дуртай хүн. Манай хүн гэртээ тогтуун л байдаг. Хүн найз нөхдийнхөө дунд байх нэг хэрэг, гэр бүлийнхэн дундаа байх бас өөр л дөө. Хүмүүс бол гэртээ Хулан байнга инээгээд байдаг юм шиг төсөөлдөг, би инээгээд суугаад байх юм бол энэ амьдрал яаж явах юм бэ.

-Фэйсбүүкт таны эмээдээ зориулж уншсан “Цэцгэн эрхи” шүлгийг сонсоод уйлах шахсан. Эмээгийн өсгөсөн хүүхдүүд бас өөр байдаг даа?

– Би буурай ээжийнхээ гар дээр өссөн хүүхэд. Анхны зээ нь. Ээж амаржсаныхаа дараа бие нь тааруу байсан. Анхны хүүхэд дээрээ ээж болоогүй байдаг гэдгийг би өөр дээрээ мэдэрч байж ээжийгээ ойлгож байлаа. Эмээ маань намайг өсгөсөн ээж гэж болно. Тийм болохоор буурай ээждээ их хайртай байв. Өнгөрснийх нь дараа их л үгүйлж байна даа. Хүнд үлгэр дуурайл авдаг хүмүүс байдаг. Тэр нь миний буурай ээж байсан. Тэгээд буурай ээждээ зориулж нэг гоё уран бүтээл гаргая даа гэсэн юм.

-Шүлгийнхээ төгсгөлд буурай эмээгийнхээ хөөрхөн бичлэг оруулсан байна лээ. Ач, зээ нартаа нэг их урт ерөөл хэлдэг. Эмээ нар энэ орчлонгийн хамаг л сайхан ерөөлийг үр ач нар дээрээ асгачих хүсэлтэй байх шүү?

-Их л урт ерөөл хэлдэг байлаа. Ерөөлөөрөө хүүхдүүдийнхээ замыг засч байдаг. Эмээ нар хүүхдийнхээ хүүхдүүдэд илүү их хайраа дэвсдэг. Харин хүүхдүүддээ бол жаахан хатуу байх гээд байдаг шүү дээ. Ээж маань ч хүүхдүүдэд маань хэлээ дэвсээд байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *