Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо өчигдөр хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуулийг хийжээ. Нөхөн сонгуульд С.Дэмчиг, И.Мөнхжаргал, Ц.Доржпалам, Т.Батчулуун, Р.Оюунцэцэг, Б.Жавзансүрэн, Д.Лхагвабуд нарын долоон нэр дэвшигч өрсөлдсөн байна. Олонхийн саналаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хүн гэгддэг Д.Лхагвабуд нар тодорч, ҮЗХ-ны гишүүн болсон аж. Гэвч Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Өвөрхангай аймгийн Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны нөхөн сонгуульд өрсөлдүүлээгүй тул энэ асуудлаар гомдол гаргахаар болжээ.
Т.Хасбаатарын хувьд өмнө нь Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгуульд өрсөлдөхөөр мандатаа аваад байсан ч, нэрийг нь бүртгэж баталгаажуулаагүй тул нэр дэвших эрхийг боогдуулж байна гэсэн үндэслэлээр Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргасан юм. Дотоод сонгуулийн хорооноос “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг нөхөн сонгуульд өрсөлдөх боломжоор хангах ёстой” гэсэн албан бичгийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо руу илгээсэн байсан ч оролцуулаагүй нь ийнхүү дахин маргаан дагуулахаар болоод байна.
Онцлоход, Ардчилсан намын гишүүн гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Ардчилсан намаас хөөгдсөн гэсэн мэдээлэл цацагдаад байсан ч намынх нь зүгээс “Т.Хасбаатар Ардчилсан намын гишүүн хэвээр байгаа” гэсэн тайлбар хийгээд буй.