ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус өнгөрсөн бямба гаригт Швейцарын Женев хотноо зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдэгдэхдээ “Коронавирусийн цар тахал нь хүн төрөлхтөний түүхэнд сүүлчийн тахал биш байх болно. Тиймээс улс орнууд эрүүлийг хамгаалах салбараа бэхжүүлж, шинэ нөхцөл байдалд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж уриалжээ. Тэрбээр “Жилийн өмнө ковидын тухай сураг огт байгаагүй талаар төсөөлөхөд бэрх юм. Өнөөдөр дэлхий ертөнц орвонгоороо эргэчихээд байна. Өвчин хяналтаас гарч, нийгэм эдийн засагт асар их хор хохирол учруулаад буй. Үүнд гайхах хэрэггүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд ковидын халдварын талаар нийтэлсэн мэдээлэл, тойм, зааварчилгаа зэрэгт дэлхий нийт цар тахалд огт бэлтгэлгүй байсан тухай нэг бус удаа дурдаж байлаа. Бид үүнээс сургамж авах хэрэгтэй. Онц байдалд хүргэсэн нөхцөл байдлын урхагыг таслан зогсоох ажилд санхүүжилтаа хандуулж, эмнэлгийн анхны тусламжийг хөгжүүлэх хэрэгтэй” гэв.
Д.ЦЭРЭНДОЛГОР