Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Ганболд: Гараар тоолсон ч, машинаар тоолсон ч олон улсын хөндлөнгийн хяналт оруулах хэрэгтэй || DNN.mn

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдтой ярилцлаа.


-Та 2020 оны сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй хэвлэлийн хурал зарлаж, заргалдсан. Сонгуулийн хар машин санал луйварддаг гэдэг нь баталгаажсан хэрэг болчихов уу даа?

-Дандаа бие даан нэр дэвшигчдийн санал таслалтай хэрнээ жагсаалтын нэгт бичигдэж, хоёрт яваа хүнээсээ бага саналтай байсан. Энэ нь гадны нөлөөлөл орж бие даан нэр дэвшигчдийн саналыг хоёрт хувааж, оруулсан луйвар байсан. Бид сонгуулийн дараа бие даан нэр дэвшигчдээрээ нэгдэж, хэвлэлийн хурал зарлан дахин сонгууль явуулахыг хүссэн. Нэгэнт луйвардаад гараад ирсэн хүмүүс үүнийг зөвшөөрөөгүй. Бие даагчид эрх баригч намын эсрэг маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэд суудлынхаа 50-иас илүү хувийг бие даагчдад алдахаас айсан. Би Дарханд нэр дэвшээд нэгдүгээрт явж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа 7,311 болж гэнэт таслал гарч ирсэн. Мянганы бүхэлтэй тоо хэзээ ч таслалтай бичигддэггүй. Тэгэнгүүт хар машин алдаа заагаад миний нэрийг бүр репорт хийгээд устгасан. Ихэнх тойргийн бие даан нэр дэвшигчдэд ийм зүйл тохиолдсон. Цэвэр луйвар шүү дээ.

-Сонгуулийн санал тоологч хар машинд гаднаас нөлөөлдөг гэдэг үнэн болж таарав уу?

-Хожимдсон ч гэсэн 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хар машиныг үйлдвэрлэсэн Канадын “Do­minion voting” компаниас хариу ирсэн. Сонгууль зургадугаар сард болсон доо. Тэр хариу нь нэгдүгээрт, Exsel файлаар үйлдэл хийж нэвтэрсэн гэж байгаа. Тэр хар машин чинь нэмэх л үйлдэлтэй ямар ч Exsel үйлдэл хийдэггүй. Хоёрдугаарт, 30 минутын турш веб серверт нэвтэрч, нэмэх үйлдлүүд хийсэн гэсэн. Энэ нь өөрсдийн саналын тоон дээр нэмсэн гэсэн л үг. Гуравдугаарт, Сонгуулийн ерөнхий хорооноос алдаа гарсныг мэдэнгүүт устгасан гэж байна лээ. Мэдээж нөгөө бидний саналыг хоёрт хуваагаад таслалтай алдаатай тоо гарч ирэхээр бидний нэрийг устгасан байгаа юм. Ингээд нөгөө луйвар хийсэн үйлдэл нь тодорхой.

-МАН сүүлийн хэдэн сонгуульд үнэмлэхүй олон суудал авч яллаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Анх хар машин буюу автомат тооллогын машиныг ашиглаад хэл ам гарч байсан. 2016 онд 65 суудлаар, 2020 онд 62 суудал авсан өнөөдрийн МАН 2015 онд энэ хар хайрцаг хулгай юм аа. Энэ бол луйвар гээд Шилэн Цогоо буюу Цогтгэрэл гэж сэтгүүлч залуу хар хайрцаг руу А гэдэг хүний саналыг хийхээр яаж Б болж гарч ирж байна гэдгийг Америкийн видео нэвтрүүлгийн бичлэгээр үзүүлж байсан шүү дээ. Тэгээд хар хайрцгийг хиймлээр макетаар хийж МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар шатааж байсныг санаж байгаа биз дээ. Үүнийг өөрсдөө луйвар гэдгийг нотолчихсон байхгүй юу. Хүн алгоритм хийгээд үр дүнг нь өөрчилж болдог юм байна гээд нотлогдчихсон. Эрх мэдэлд хүрмэгцээ үүнийгээ өөрсдөдөө зориулаад ашиглаад эхэлсэн. Ийм нөхцөл байдал үүссэн. Үүнийг нотлох ямар ч боломж байхгүй. Эрх барьж байгаа нам өөрөө засгаа байгуулдаг. Тэр засаг өөрөө цагдаагаа томилдог. Өнөөдөр манайх шүүх, хууль, прокурор хараат бус гэдэг боловч бүгд ялсан талын хамаарал бүхий нөлөөнд байдаг болохоор үүнийг бие даасан байдлаас шалгаж нотлох боломжгүй. Ардчиллын амин сүнс болсон ардчилсан хараат бус сонгууль гэдэг ойлголт чинь бүрэн алдагдчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авах нь та бид хоёр зэвсэг бариад Төрийн ордон руу ороод төрийн эрхийг зэвсгийн хүчээр булааж авч байгаатай ямар ч ялгаагүй үйлдэл байхгүй юу. Энэ бол маш ноцтой эрүүгийн гэмт хэрэг.

-Аль 2000 онд нас барсан хүмүүсийн мэдээлэл хадгалаатай байдаг. Хэрэгтэй бол гаргаж ирж нэмдэг гэх. Энэ үнэн юм болов уу?

-Үүнийг детальчилж яриад байх шиг байна. Яриад байх юм бол замбараагүй олон деталь бий шүү дээ. Сонгуулийн үеэр бид зөндөө л ярьдаг. Шударга бус хуурамч, хулхи сонгуулиа та нар болиоч. Энийгээ өөрчлөөч. Энэ сонгуулийг хүчингүйд тооц гэж хэдхэн хүн л орилдог. Гэтэл эрх баригч нам амласнаа биелүүлсэн үү. 100 мянган төгрөгний тэтгэлэг өгөөд чамаас хэдэн саяар нь буцааж авч байна. Янз янзын үнэ тариф, торгууль, татвар хэлбэрээр. Ард түмэн өөрсдөө хүлцэнгүй амьдраад байгаа болохоор манай нийгэм, манай улс орон хөгжихгүй байгаа юм. Тэрнээс энэ бол удирдагчдын буруу огт биш. Ард түмэн өөрсдөө хүлцэнгүй, энэ муухай аархал түрэмгийлэл, мэлзэлтийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа цагт удирдагчид улам цаашилна. Улам зэрлэгшинэ. Улам муухай болно. Өөрсдөө сонгосон эзэд нь мөн бол ард иргэд, иргэний нийгэм өөрсдөө үүнийгээ эсэргүүцдэг. Үүнийхээ төлөө зүтгэдэг, эвлэлдэн нэгддэг. Ийм идэвхтэй байсан цагт эрх мэдэлтэн, дарга нар зөв замаараа коридороор хашигдаж, хийх ёстой ажлаа хийнэ. Энэ бол дэлхийн улс орнуудын л жишиг. Манайх иргэний нийгмийн эзэд нь өөрсдөө хаа замбараагүй тарчихсан. Нүдэн дээр нь янз янзын муухай зүйлүүд болж байхад эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Эсэргүүцэж чаддаггүй. Эсрэгээрээ бид хуваагдаж, нөгөө эрх мэдэлтнүүдээ өмөөрнө, хэрэлдэнэ. Ийм мунхаг ард түмэн болчихоод байна. Энэ мунхаг хүмүүсийг улам дарангуйлж, дээрэлхэнэ.

-Улс орноо бүтэн дөрвөн жил удирдах хүмүүсээ сонгохын тулд давхар хяналт хийж, гараар тоолох аргыг хэрэглэх нь зөв үү?

-Өнгөрсөн 2021 оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар тэгж хийсэн шүү дээ. Хар хайрцгаар тоолчихоод дахин гараар тоолсон. 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал болж, үймээн самуун дэгдсэнийг санаж байгаа юу. Тэгэхэд хар машин байхгүй, гараар тоолж байсан шүү дээ. Адилхан луйвардаж болдог байхгүй юу. Гараар тоолсон ч Дондог гэж бөглөсөн цаасыг Дорж гэж уншаад шидээд байдаг юм. Тэгээд ард түмэн эсэргүүцээд долдугаар сарын 1-ний үймээн болсон байхгүй юу. Миний сонгосон сонголт биш ээ гээд маш олон хүн гарч ирж үймээн болсон. МАН-ын байрыг шатаасан. Санаж байна уу. Гараар ч бай, хар хайрцгаар ч бай хоёулаа маафаантай. Тэгэхээр бид гараар тоолсон ч, машинаар тоолсон ч олон улсын хөндлөнгийн хяналт оруулах хэрэгтэй. Манайхан өөрсдөө хянаж чадахгүй. Монголчууд нэгдүгээрт, жижигхэн, хоёрдугаарт, ахуйдаа барьцаалагдчихсан. Гуравдугаарт, ямарваа нэгэн байдлаар намын харьяатай. За тэгээд аливаа ажлыг ашиг хонжоо гэж хардаг. Тэр гараар тооллогын комиссууд ч байр сав, машин тэрэг, мөнгөн шагналууд аваад улайм цайм будилуулдаг л байсан шүү дээ. Бодит байдал ийм байгаа болохоор машинаар тоолох уу, гараар тоолох уу гэдэг асуудал огт биш. Хөндлөнгийн хараат бус олон улсын хянагч нарыг оролцуулж, тэд нараар тоолуулах хэрэгтэй. Олон улсын IT программын технологийн инженерүүд, хянагч нарыг, аудиоторуудыг хар хайрцагны хянагчаар хөндлөнгийн нөлөөлөлгүй суулгах хэрэгтэй. Ингээд явах юм бол хар хайрцагны саналын мэдээлэл үнэн зөв гараад ирнэ. Тэгээд гараар тоолоход дахиад гадаадын олон улсын байгууллагаас харж байгаад хянаж тоолох хэрэгтэй. Ингэх юм бол манай сонгууль үнэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *