Categories
мэдээ цаг-үе

Т.Галсан: Монгол киноны анхдагч Д.Жигжидийг Монголын төр, түмэн хоёр мартах ёсгүй, мартагдах ч үгүй

Монголын кино урлагийг үүсгэн байгуулж гал голомтыг нь тулан дөл юуг нь бадраасан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай найруулагч Дэжидийн Жигжидийн мэндэлсний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Д.Жигжид анх “Морин цэрэг-танкист”, “Цогт тайж”, “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Манай аялгуу”, “Сэрэлт” зэрэг уран сайхны киноны зургийг авч, “Ардын элч”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Хөх ногооны униар”, “Жаргал даахгүйн зовлон”, “Ард Аюуш” гэхчлэн уран сайхны олон киног найруулсан нь Монголын уран сайхны киноны сорууд болсон бөгөөд ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн юм. Монгол кино үйлдвэрт нэгэн үе энэ их хүмүүнтэй ажиллаж байсан ардын уран зохиолч Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын киноны загалмайлсан эцэг, ардын жүжигчин Дэжидийн Жигжидийн мэндэлсний зуун жилийн ой тохиож байна. Энэ их хүнтэй хамт ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцаач?

-“Ертөнцөд матери анхдагч” гэж нэг үг байдаг шиг монгол кинонд анхдагч нь гарцаа байхгүй Жигжид гуай байдаг. Тийм хүнтэй нэгэн том урлагийн академид тоосонд нь пижигнэж, тоонд нь тоолуулж явсан нь миний энэ насны марташгүй бахархлын нэг юм. Д.Жигжид гуайн киног урьд нь үзэж байснаас биш ямар хүн байдгийг нь мэдэхгүй байлаа. Ардын хувьсгалын тавин жилийн ой буюу далан нэгэн онд юм. Их ойд бэлэг болгож урлагийн байгууллагууд нэг нэг том бүтээл хийж барих ёстой. Л.Ванган, Ч.Чимэд нарын зохиолоор Жигжид аваргын хийж байсан “Түмний нэг”-ийн гуравдугаар анги болох “Тэмцэл” гэдэг киноны зөвхөн ганцхан хэсгийн зураг авахад би хамт байх хувь тохиосон.

-Ямар хэсгийн зураг билээ?

-Ялсан төрийн анхны наадмын зурагт ардын журамт цэргийн сүрт жагсаалыг үзүүлэх болсон. “Номхон борынхон” хэмээх Зөвлөлтийн цэргийн жагсаал байхаас илүүтэйгээр Богд хаан тэргүүтэй, эрх нь жаахан хумигдсан боловч сүсэгтэн олны хувьд амьд бурхан байгаа Жавзандамба хутагтыг наадамд очиход нь наадамчин олон яаж угтаж байгааг харуулах байсан. Цөмөөрөө газар түгдийгээд хэвтчихсэн нь хонь холбочихсон юм шиг харагдаж байдаг даа. Энэ нь мухар сүсэг хөөрхий Монголыг ямар болгочихсон юм бэ гэж гадны хүнд харагдахаар. Гэтэл Ардын засгийнхан Сүхбаатар жанжинтайгаа, Чойбалсантайгаа, Бодоо, Данзантайгаа жавхалзан гарч ирэх үед сая сэрсэн ард түмэн дэрвэж байгаа туг шигээ жагсаж байгаа цэргийнхээ сүр шиг тийм сайхан болохыг авах ийм нэгэн өдрийн ажил байлаа. Гэтэл нар гардаггүй, долоо хоног бороо орлоо. Киноны нэгдүгээр найруулагч нь нар байдаг.

-Тухайн үед олигтой гэрэлтүүлэгч ч байдаггүй байсан биз ээ?

-Одоо бол киноны төхөөрөг сайжирсан учраас тэс өөр л дөө. Ингээд нар хүлээгээд байдаг. Тэр хугацаанд зураглаач нар ч, жүжигчид ч тэр, Жигжид гуай ч тэр бүх юмаа ягшуулчихаад ганцхан нар гялсхийгээд тусахад зургаа авах эгзэгтэй үеийг хүлээж байсан юм. Энд Жигжид гуайг нэг орилоход Налайхын хавийн бүс нуурын бүх хүн зүгээр дэрсхийгээ л, үргэсэн морины чих соотосхийж байгаа юм шиг бэлэн байдалд ордог байлаа. Энэ бол Жигжид гуайн харгис хэрцгийнх биш, их үйл хэрэгт хэд бол хэдэн хүнийг зангидаж чаддаг байсны гайхамшигт дуурайл.

-Та тэр үед юу хийж байсан юм?

-Би Монгол кино үйлдвэрт хар ажилчин нэртэй. Жигжид гуай кинондоо амьд орчин бүрдүүлэхийн тулд “Хайя, Галсан. Тэнд очоод утаа тавь” гэнэ. Тэгээд цаана нь май суунаглаж байх жишээтэй. Эсвэл олон хүний газарт юүлүүр байхгүй бол бас орчин бохирдоно. Эсвэл “Хөөе, чи тэнд нэг гэр барь” гээд зургийн даргад үүрэг өгнө. Зургийн даргад үүрэг өгч байгаа нь Жигжид гуай, Чимэд-Осор ах хоёр л доо. Тийм цагт би Жигжид гуай гэж Арсайн гол, Уйлган голоос төрсөн Дарийн Дамдин аваргатайгаа их төстэй зузаан биетэй, сандрахгүй тайван хүн. Яг кино удирдах үедээ онгод нь орсон бөө маягтай. Ямар сайндаа зохиолч Дашзэгвийн Сэнгээ тэр байдлыг нь

“Эзэн Чингисийн үед

Эрлэг баймаар Жигжид

Эзгүй хээр газар

Зэрлэг баймаар Жигжид

Маанийн номтой газар

Гэсгүй баймаар Жигжид

Манай энэ үед

Эсэргүүн баймаар Жигжид” ч бил үү шог шүлэг хэлсэн байдаг. “Тэмцэл” киноны хйоморт байж байхад гэнэт үүл ярагдаж нар гарч ирдэг юм. Цагааны Цэгмид гуай Богд гэгээн жинхэнэ дүрээрээ амилчихсан юм шиг улаан шарыг намируулан намс намс алхаад л, хуучин төрийн сайдууд ямбаны хувцсаа өмсчихсөн яваад л. Манай яруу найрагч Самбалхүндэв гуай хүртэл тэнд ноёны отго жинс асаачихсан сүрхий явж байдаг. Энэ зураг сайхан болсон. Гэвч, их хэрсүү хүн учраас тэр зургийг долоо найман удаа авлаа. Нар жаргах болоогүй ээ. Тэнгэр оройноосоо онгойвол дахин ордог, хаяанаасаа онгойвол дахин ордоггүйг Хөвсгөлийн тайгын хүн мэдэхгүй хэн мэдэх вэ дээ. Тэгж байтал гэв гэнэтхэн “Хайя, Галсан. Тэр Сүхбаатар жанжныг залаад ир” гэдэг юм. Би чинь зүгээр пир пирхийтэл гүйгээд орсон чинь Сүхбаатар жанжин уйлчихсан, нөгөө будсан нүүр нь халтартчихсан байж байна.

-Дашнамжил гуай тоглодог доо. Яагаад уйлсан юм бол?

-Дашнамжил. Хажууд нь нэг хүн байна. Монголчууд “Инээснийг асуу. Уйлсныг бүү асуу” гэдэг шүү дээ. Асууж болдоггүй. Хажууд нь байгаа хүнийг гаргаж ирээд “Юу болсон юм бэ” гэсэн чинь “Дашнамжилын таван настай хүү нь урьд шөнө нас барчихлаа. Тэгээд би тэрийг дуулгаж ирлээ” гэнэ. Тэгсэн Жигжид гуай “Хайя, нөгөө нөхөр хаачсан бэ” л гээд дуудлаа. Би пөар пархийгээд гүйж очоод хэллээ. Тэгсэн чинь Жигжид гуай нэг зогтуссанаа Чимэд-Осор ахыг дагуулаад гэрт ордог юм. Өнөөх нь тэр хоёрыг харуутаа учиргүй их мэгшиж уйлаад нүүр нүд авах юм байхгүй боллоо. Их наадмын тоосонд будагдсан асар майханч гэсэн тэр хэртэй халтартдаггүй дээ. Нэлээд байж байснаа Жигжид гуай “Жанжаан, Ардын засгийн анхны наадмын парад эхлэх гэж байна” гэсэн чинь Дашнамжил хачин цочих шиг болсноо “Аль вэ, энэ нүүр” гэлээ. Нүүр хувиргагч дор нь будаад нөгөө их нулимс юу бүгд байхгүй болоод явсан даа. Энэ кинонд Дашнамжилын тоглосон дүрийн хэсгүүдээс хамгийн цоглог тэр хэсэг нь тэр байдаг юм. Үр хүүхдээ алдчихсан эцгийн уй гунигийн ёроолоос ялсан төрийн жанжны оргилд хүрэх түлхүүрийг үгээр хэлж чадахыг би ихэд бахдан харж байсан. Орой нь ирээд зургаа харсан чинь тэнд байгаа бүх хүн алга ташаад сүйд болсон. Тэгэхэд Дашнамжил дахиж нэг уйлаад. Тэр нь уй гунигийн нулимс байгаагүй баярын нулимс байсан бол уу. Жигжид гуай их буянтай. Настай хүн чинь модон таяг тулж явдаг даа. Жигжид гуай хоёр сайхан хүүхэн-таяг тулж явна.

-За, тэр нь юу гэсэн үг юм бол доо?

-Сумхүүгийн авгай чинь их сайхан охин байлаа. Батцэцэг. Нөгөөх нь манай зохиолч П.Лувсанцэрэнтэй зүгээргүй гэж сайхан дурсамж бичдэг Баясгалант. Тэр хоёр хүүхэн чинь хоёр талаас нь сугадчихсан, уушиг зүрх хоёр дээр нь хоёр мөөм цогноод, инээсээр явдаг сан. Энэ бол садар самуун биш настнаа түшиж тулах аугаа их хүндэтгэл. Эжий хүн шиг хүнийг банди нар бол аятайхан авч явахгүй чирж мэднэ, бүдэрч мэднэ. Нэг удаа зуслангийн унаанд хүнээ бүртгээд “Жигжид гуай, Галсан хоёр алга байна” гэжээ. Би ч мэдээж нэг өрөөнд өөрийгөө түгжсэн байж таараа. Шатар тоглоно. Эсвэл Лувсанцэрэнгийнхээ өгсөн номын сандаа суудаг байсан. Жигжид гуайг хоёр хүүхэнд түшүүлж ирээд суухад “Жийгээ ирлээ, одоо явдаг хэрэг. Тэр муу эсэргүү Галсантай, Галсангүй яадаг юм, явцгаая” гэхэд Жийгээ буучихсан байгаа юм. “Тэр чинь Монголд надаас хэрэгтэй хүн шүү” гэсэн байгаа юм. Муу нэрт, луу данстыг тэгж хүндэтгэн хэлснээс хойш намайг нүд үзүүрлэх хүн цөөрсөн. Монгол кино үйлдвэрийн нэг мундаг тал нь юу вэ гэхээр ирсэн хүндэт зочны тухай кино хийгээд онгоц буудал дээр хоёр хайрцаг кино гардуулж өгдөг. Дэлхийд өөр тийм улс байгаагүй. Жигжид гуай тийм баримтат кино олныг хийсэн дээ. Жигжид гуайнд очиход үүдэнд нь хорин хэдэн шаахай жагсаалттай. Томоосоо жижгээ хүртэл эгнүүлчихсэн, сүүлийнх нь сөөхий болоод явчихна.

-Олон хүүхэдтэй л айл байж дээ?

-Гутал харж байгаад “Багабиндэр алга шүү” гэнэ. Гутлаар нь л хүүхдүүдээ бүртгэчихнэ. Биндэр, Багабиндэр хоёр хүү нь киноны уран бүтээлчид болсон. Навч гэж нэг охин нь Монголын радиод мундаг сэтгүүлч болсон. Хүний сэтгэлийг их ойлгоно. “Үер” киноны Михайл өвгөнд тоглодог ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт Н.А.Крючковыг ирэхэд манайхан “Их гүрний мундаг жүжигчин их хямсгар амьтан байна байх” гэж бодоцгоож. Тэгсэн тэр хүний эвийг Жигжид гуай аль эрт олчихсон байж. Дүрийнх нь үгийг гэхэд Сэлэнгийн хөвөөнд загас гөхдүүлж цээжлүүлсэн байгаа юм. Тэр бол дуртай зүйлээр нь аргыг нь олж мундаг л ажилласан хэрэг. Сүүлдээ тэр алдарт жүжигчин Жигжид гуайгаас маш их айдаг байж. Тиймээс ч нэг өдөр одооны ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгээр хэлмэрчлүүлж “Өнөөдөр тэнгэр бүрхэг. Би сэтгэл жаахан хямарган байна. Ганц зуу татвал болох уу” гэж асууж байсан. Том хүн Жигжид гуайг тэгж аргадаж байна гэж бодохоор хаа ч хүндтэй аварга байж.

-Жигжид гуай дайнд өөрийн биеэр оролцсон хүн гэдэг байх шүү?

-Энэ онд Халхын голын ялалтын наян жилийн ой болж байгаа. Морьт цэрэг явж байгаа, танкийн цуваа явж байгаа, тэр их элс манхныг давах гэж яаж үйлээ үзэж байгаа, Зөвлөлт-Монголын цэргийн байлдааны бүх зургийг Жигжид гуай, Дэмбэрэл гуай хоёрын авснаар дэлхийн киноны түүхэнд орсон. Азид болсон дайны түүхэн баримт болдог. Жигжид гуайн хорвоод мэндэлсний зуу, Халхын голын дайныг кино хальсанд мөнхөлснийх нь наян жилийн таширласан хоёр түүхэн ой тохиож байна шүү дээ.

-Монгол киног бий болгосон хүнийхээ ойг манай Засгийн газар тэмдэглэхгүй гэсэн тогтоол гаргасан нь мөн ч гунигтай шүү?

-Монгол киноны бүх ачааг одоо Филармони байгаа байшин руу зөөхөд нэг морин тэргэнд ачаа нь багтдаг, тэр морин тэргээ Жигжид гуай хөтлөөд явж байсан түүхтэй тийм хүн гээд бод. Жигжид гуайн киноны дүрд тоглосон жүжигчид гэхэд ардын жүжигчин Дамчаагаас уруудуулаад Н.Сувд гээд маш олон алдар суутнууд байгаа. “Цогт тайж” кинонд гэхэд зураглаачаар ажилласан. Энэ их суутныхаа ойг дээрээс “Нутаг нь тэмдэглээрэй” гээд, нутаг нь “Сум нь тэмдэглээрэй” гээд, сум нь “Үр хүүхэд нь тэмдэглээрэй” гэж байгаа нь Монголын аугаа суутнуудыг мартагдуулах харийн бодлогын золиос болж байгаагийн жишээ шүү дээ. Завхан аймаг сая дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангаа яаж дахин амилуулав. Энэ бол гайхамшигт үлгэр дуурайл. Монгол кино гэж байх юм бол түүний тулгыг нь тулж, галыг нь асаагаад, тооныг нь өргөөд өргөөг нь барьж, хойчийн киночид гэх өнөр бүлийг бүрдүүлж өгсөн Дэжидийн Жигжидийг Монголын төр, түмэн хоёр мартах ёсгүй. Мартагдах ч үгүй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *