УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэр урагштай явж байна вэ?
-2021 онд нэгдүгээр багцын буюу иргэний зориулалттай барилга байгууламжийн ажил эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. 2021 онд цар тахалтай холбоотойгоор Энэтхэгийн компани Тэньжиний боомт дээр ирсэн бараа бүтээгдэхүүнээ татаж авч чадаагүй, ажил удааширсан. Саяхан арав, арванхоёр, нэгдүгээр сард нэгдүгээр багцын ажилд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ татаж авсан юм билээ. Энэ жил иргэний зориулалттай барилга байгууламж бүгд ашиглалтад орно гэсэн тооцоололттой байна. Тухайлбал, гал командын барилга, конторын барилга, ажилчин, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулсан 550 айлын орон сууц бүгд ашиглалтад орно. 2020 онд хийгдсэн ТЭЗҮ-ийн дагуу ажил нь хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Алтанширээт суманд 100 гаруй энэтхэг, 200 гаруй монгол иргэд ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажил их эрчтэй явагдаж байгаа.
-Үүнээс гадна 800 км-ийн цаанаас газрын тосоо татна, нэг сая ам.долларын өр үүснэ зэрэг асуудлууд байна хэмээн мэргэжлийн зарим хүмүүс ярьсан байсан. Энэ тухайд?
-600 км-ийн цаанаас Дорнодын Тамсгаас газрын тосоо хоолойгоор татна.
Үүний ТЭЗҮ нь хийгдчихсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр тендер нь зарлагдаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Тамсгийн газрын тосноос хоолойгоор татна.
Энэтхэгийн Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа. Бид энэ үйлдвэрүүдээ 2025 онд ашиглалтад оруулахаар зорилго тавьчихсан. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Энэ үйлдвэр ашиглалтад орчихвол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, шатахууны хараат байдлаас салах бололцоо, боломж бий болно. Дотооддоо шатахуунаа боловсруулаад хэрэглэгч талд хүргэнэ гэдэг маш том амжилт. Шатахуун бол бүх юмны суурь үнэ болдог. Газар тариалан эрхэлсэн ч, барилга байгууламж барьсан ч, уул уурхайн олборлолт хийсэн ч нэн тэргүүнд шатахуун хэрэг болдог. Тиймээс суурь үнэ гэдэг учир 2025 онд ашиглалтад оруулахаар Засгийн газар нэлээн эрчтэй ажиллаж байна.
-Та хаврын чуулганаар ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?
-Хөдөө орон нутагт ажиллаж байсан долоон гишүүн хамтарч Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Зөрчлийн тухай хуулиар шийтгэлүүд их давхардаж ногддог. Тиймээс давхардсан арга хэмжээг больё гэж байгаа юм. Жишээ нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол нэгдүгээрт, автомашинаа хураалгана. Хоёрдугаарт, торгуулна. Гуравдугаарт, эрхээ хасуулдаг шүү дээ. Тэгвэл энэ хуулиар эрх хасах ч гэдэг юмуу нэг төрлийн торгуулийг ногдуулахаар зохицуулж байгаа.
Хоёрдугаарт, аль болохоор сануулах арга хэмжээг хэрэглэе гэж байгаа юм. Зөрчлийн тухай хуульд байгаа тусгай зүйл ангиудад сануулах арга хэмжээг авъя. Тухайлбал, гарцгүй газраар зам хөндлөн гарах ч гэдэг юмуу, олон нийтийн газар шүлсээ хаях, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэгт сануулах арга хэмжээ авъя гэж байгаа.
Гуравдугаарт, орхигдсон зарим заалтуудыг Зөрчлийн тухай хуульд нэмж оруулж байна. Тухайлбал, сумын байгаль орчны байцаагч байгаль орчны гэдэг ч юмуу, уул уурхайн чиглэлээр байгаль орчинд сөрөг ноцтой олборлолт, ажил явуулахад мэдсээр байж арга хэмжээ аваагүй бол тухайн төрийн албан хаагчид хариуцлага тооцдог байхаар зохицуулж байна. Энэ нь төрийн албан хаагчдыг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр. Хариуцсан ажлаа хийгээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог заалтуудыг оруулж байгаа.
Үүнээс гадна Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дээр ажиллаж байна. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдчихвал Эрдэнэт, Дархан улсын зэрэглэлтэй хот болно. 30 мянгаас дээш хүн амтай сумдын статусыг дээшлүүлэх, хоёр, гурван мянгаас дээш хүн амтай багуудын статусыг тосгон болгох зэрэг өөрчлөлтүүд орж байгаа.
-Үнийн хөөрөгдлийн эсрэг авч хэрэгжүүлэх гарц гаргалгааг та хэрхэн харж байна?
-Дэлхий нийтээрээ л үнийн хөөрөгдөлд нэрвэгдэж байна. Тухайлбал, Туркэд мөнгөнийх нь ханш унаж байна. Дэлхийн бусад орнуудад ам.долларын ханш нэмэгдэж байгаа ч АНУ дотроо ам.долларын ханш нь унаж байна. Европт еврогийн ханш унаж байна. Монголд ч ялгаагүй байна. Энэ мэтээр цар тахал, дайнаас үүдэж бүх улсуудад инфляци хурдтай явагдаж байна. Засгийн газраас үнийг зохистой хэмжээнд байлгах, шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах хууль санаачилж УИХ-д өргөн барихаар боллоо. Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийг зохистой хэмжээнд тогтвортой барих нь чухал байгаа юм. Тиймээс энэ хуулийг дэмжинэ гэсэн бодолтой байна.
Цар тахал, Украин-ОХУ-ын хооронд үүссэн дайн зэргээс гадна БНХАУ-ын хил хаалттай байна. Бид бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас л экспортолж авдаг шүү дээ. Бид хэдийгээр эрдэс баялаг уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож байгаа ч экспортолж чадахгүй байна. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн төрийн компаниудаа олон нийтийн болгох, хувьцааг нь олон нийтэд нээлттэй арилжаалах ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна.
Үүнээс гадна Алт хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй. Учир нь алт бол валют олох хамгийн зөв гарц. Тиймээс Алт хөтөлбөрөө үргэлжлүүлж, алтны компаниудад зээл өгч олборлолтоо нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллах ёстой гэсэн хувь байр суурьтай байна.
Бид нүүрс, төмрийн хүдэр зэрэг мөнгө олдог бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байна шүү дээ. Тиймээс хамгийн хурдан хугацаанд валют олж, валютын нөөцөө нэмэгдүүлэх бүтээгдэхүүн алт байгаа юм. Алтны үнэ дэлхийн зах зээлд түүхэн дээд үнэтэй байна.
Үүнээс гадна манай улсын малын тоо толгой таван төрлөөр өсч байна. Хоёрдугаарт, газар тариалангийн салбар сэргэчихсэн байна. Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ярьж байгаагаар энэ жил газар тариалалт нэмэгдэх нь. Мөн дотоодынхоо хүнсний ногоог 100 хувь хангая гэдэг зорилтыг Хүнс, хөдөө аж ахуйн яам гаргасан байна. Үнэхээр дотоодынхоо хэрэгцээг хангачихвал бидэнд давуу байдал үүснэ.
-Төсөвт тодотгол хийх үү?
-УИХ-ын бүх гишүүд төсөвт тодотгол хийе гэж ярьж байгаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлж, нэн шаардлагагүй бүтээн байгуулалтын ажлыг таная гэж байгаа.