Categories
мэдээ улс-төр

Т.Энхсайхан АН-ын даргын сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

АН-ын даргад нэр дэвшигч Т.Энхсайхан намын даргын сунгаанаас нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр сонгуулийн зардлын мөнгийг нэр дэвшигчид хуваан бүрдүүлж байгаа асуудлыг мөн сонгуулийг мөнгөөр хийж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайхан “2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвших хүсэлт ирсний дагуу дотоод сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн. Тухайн үед сонгуулийн зардал 74 сая төгрөг байсан боловч 93 сая төгрөг болж нэмэгдсэн. Энэ мөнгийг би ах дүү, хамаатан садантайгаа нийлээд дотоод сонгуулийн хорооны дансанд хийхэд бэлэн байна. Гэвч нөхцөл байдал 93 сая төгрөгөөс нэмэгдэх хандлагатай боллоо. Нийт 16 хүн нэр дэвшиж байгаагаас 10 нь шинэ хүмүүс. Эдгээр хүн зардал нэмэгдэхийг сонсоод нэрээ татахаар шийдэж байна.

Хүн хасагдах тоолонд мөнгөн дүн нэмэгдэх юм байна. Тэгэхээр хамгийн сүүлд 4 хүн үлдлээ гэхэд нэг хүний 300 сая төгрөг болох юм байна. Энэ бол өнөөх л өндөр босготой мөнгөний сонгууль болчихлоо. Тиймээс мөнгөний сонгуулийг эсэргүүцдэг хүний хувьд нэрээ татаж байна.

Улс төрч хүн хэзээ мөнгөтэй байсан юм бэ. С.Зориг агсан, О.Дашбалбар гуай хэн мөнгөтэй байсан юм бэ. Сонгуулийг мөнгөөр хийдгээс болж эх орончдод улс төрийн үүд хаалга хаалттай байна. Нэг нэр дэвшигч 93 сая төгрөг цуглуулах шаардлага бий болсон. Улс төрийн намууд мөнгөний сонгуулиа болих хэрэгтэй” гэсэн юм.

АН-ын даргын сонгууль энэ сарын 28-ны өдөр болох бөгөөд сонгуулийн зардлыг 1,2 тэрбум байхаар тооцож, нэр дэвшигчид уг мөнгийг хуваан төлөхөөр байгааг тэрбээр хэллээ.

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-ноос эхлэн сурталчилгаагаа орон даяар хийх бөгөөд 12 хоногийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *