Categories
мэдээ цаг-үе

Т.Энхбаяр: Эрэгтэйчүүд юу ч өвдөхгүй байхад яахаараа эмнэлэгт очдог билээ гэх хандлагатай байдаг

Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.


-Монгол хүний дундаж наслалтыг тодорхойлох судалгааг тоймлон харахад сүүлийн жилүүдэд дундаж наслалт нэмэгдсэн байгаа харагдсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол хүний дундаж наслалт 1992-2018 он хүртэлх сүүлийн 26 жилийн хугацаанд 7,4 жилээр нэмэгдсэн байдаг. Гэтэл үүн дотроо эмэгтэй хүний дундаж наслалт 10,95 жилээр, эрэгтэй хүний дундаж наслалт 5,4 жилээр нэмэгдсэн байна. Хүний дундаж наслалт нь хүний хөгжлийн индексийн гол үзүүлэлт учир амьдралын чанар дээшлэх тусам дундаж наслалт нэмэгдэж байна гэж харж болохоор байна.

-Эмэгтэй болон эрэгтэйчүүдийн дундаж наслалт 9,76 жилийн зөрүүтэй байгаа нь дэлхийн дундажтай харьцуулахад хэр өндөр үзүүлэлт вэ?

-9,76 жил гэдэг бол дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Дэлхийд дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр байгаа улсуудаасаа бид 12-т жагсаж байна. Энэ бол нэлээд өндөр үзүүлэлт юм. Дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр орнууд болох ОХУ болон хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын дундаж наслалтын зөрүү 10,5 жил орчим байдаг. Монгол Улс энэ үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүсдээ хоёрт жагсаж байна. Энэхүү мэдээллүүд нь Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү өндөр байгааг харуулж байгаа юм. Үүнийгээ дагаад бид энэ асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатайг баримт бичгийн судалгаагаар нотолж байна.

-Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаад юу нөлөөлж байна вэ?

-Эрэгтэйчүүдийн болон хөвгүүдийн дундаж наслалт бага байгаагийн шалтгаан нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бага хамрагддагтай холбоотой. Жилд нас барж байгаа хүмүүсийн 56-60 орчим хувь нь эрэгтэйчүүд байгаа. Үүнд зүрх судасны өвчлөл, хавдар хоёр нэлээд зонхилж байна. Гэтэл хавдрын өвчлөлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг (2018) харахаар өвчилсөн хүмүүсийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна, харин эсрэгээрээ нас барж буй хүмүүсээ харахаар эрэгтэйчүүд илүү байгаа. Тухайн өвчлөл нь эцсийн шатандаа ороод эмчилгээгүй болсон хойно эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэхдэг. Гэвч аврахад хэт оройтсон байдаг. Үүнийг товчхон дүгнэвэл эрүүл мэндийн үзлэгт эрэгтэйчүүд тогтмол хамрагдахгүй байна гэдэг нь нотлогдож байна. Тэгвэл хамрагдахгүй байгаа шалтгаан юу вэ гээд үзвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрэгтэйчүүдэд хэр хүртээмжтэй байгаа вэ. гэдэг асуудал руу чиглэж байна.

-Түүврийн болон чанарын судалгаагаар ямар үр дүнгүүд гарсан бэ?

-Баримт бичгийн судалгааг хийж дуусаад бид зайлшгүй түүврийн болон чанарын судалгаагаар зарим асуудлуудыг тодруулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Энэ судалгааг 18-26 насны 9300 орчим залуучуудаас асуулгын аргаар авсан, мөн 18-26 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүлгийн ярилцлагыг авлаа. Судалгааны гол асуулга хорт зуршлын хэрэглээний талаар, эрүүл зөв хооллолтын талаар мөн мэдлэг мэдээллийг хаанаас авдаг, эрүүл мэндийн үзлэгт хэрхэн хамрагдаж байгаа вэ зэрэг асуудлуудыг хөндсөн. Урт насалъя гэвэл эрүүл хоол хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, хорт зуршлын хэрэглээг багасгах, биеийн тамир спортыг дэмжсэн дадал шаардлагатайг 18-26 насны залуучууд бүгдээрээ дэмжиж байгаа. Эрүүл зөв хооллолт бол урт наслахын үндэс мөн гэсэн мөртлөө таван эрэгтэй тутмын нэг нь л зөв хооллолтыг хэрэглэдэг, гурван эрэгтэй тутмын нэг нь л спортоор хичээллэдэг байсан. Мөн сүүлийн нэг сарын хугацаанд энэ насныханы 60-аас дээш хувь нь архи хэрэглэсэн байлаа. Тамхи болон архийг 16, 17 наснаасаа эхлэн хэрэглэсэн дүр зураг дийлэнх харагдаж байв. Дээр нь биеийн тамир спортыг дэмжих үйл ажиллагаа нас болон боловсролын түвшин нэмэгдэх тутам багасч, таргалалт нийт эрэгтэйчүүдийн дунд бий болж байна.

-Судалгааны үр дүнгээс харахад, ямар асуудлуудад зайлшгүй бодлогын шийдэл үгүйлэгдэж байна вэ?

-Төрөөс “жендер ба хөгжил” гэсэн агуулгыг баримталдаг учир Монгол Улс хүйсээр заагласан бодлогын баримт бичиг гаргахгүй. Харин бид эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд нэн тулгамдаж, статистик тоо баримтаар нотлогдож байгаа асуудлуудыг жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого хөтөлбөрөөрөө шийдээд явна. Салбар бүр өөрсдийн чиглэлээр тухайн хүйст тохиолдож буй асуудлуудыг насны бүлгээр, хүйсээр нь ч юмуу авч үзэж болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд бодлогын түвшинд тулгамдаж буй асуудлыг бид жендерийн хөгжлийн хөтөлбөртөө багтаагаад харин салбарууд жишээлбэл, эрүүл мэндийн салбар эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд ээлтэй түргэн тусламжийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг хөгжүүлэх, тодорхой бодлогын түвшинд анхаарах асуудлууд гарч байгаа. Харин нөгөө талаасаа, зам тээврийн харилцаанд оролцож буй хувь хүний хариуцлагаас гадна хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа агентлаг, цагдаагийн ерөнхий газар хамтраад зам тээврийн ослоор эндэж байгаа болон эрсдэж байгаа асуудлыг бодлогын түвшинд анхаарч аюулгүй байдлыг хамгаалах ямар үйл ажиллагаа өрнүүлбэл үр дүн гарах вэ гэдгийг анхаарах шаардлагатай. Мөн эрүүл мэнд, боловсролын асуудал байна. Өнөөдөр манай эрчүүдэд боловсролын түвшнээс нь хамаараад мэдлэг, мэдээлэл байгаа боловч түүнийгээ хэрхэн дадал, хэвшил болгох вэ гэдэг л асуудал байна. Тэгэхээр ийм зөв дадлуудыг хэрхэн бий болгох вэ гэдэг нь чухал. 60 км цагаас илүүтэй хурдаа хэтрүүлбэл аюултай гэдгийг жолооч мэддэг, бүсээ бүслэх хэрэгтэй гэдгийг мөн мэддэг. Харин түүнийгээ зүүж хэвшиж дадал болгоно гэдгийг хөвгүүд, эрэгтэйчүүддээ яаж бий болгох вэ? Мөн эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаг болгохын тулд эмч эмнэлгийн ажилтнууд болон олон нийтийн санаа бодлыг мөн өөрчлөх тэднийг дэмждэг болгоход анхаарах нь зүйтэй. Одоо зөрүүг багасгах чиглэлд тодорхой бодлого явуулж, анхаарахгүй бол энэ чигээрээ яваад байвал зөрүү ихсэх магадлалтай байгаа. Мөн эрэгтэйчүүд эрсдэлтэй хөдөлмөр маш их эрхэлдэг. Тэгэхээр ажил олгогчиддоо, эрсдэлтэй хөдөлмөр эрхлэлтийг инноваци технологийн аргаар хэрхэн шийдэж болох вэ? гэдгийг эрэлхийлэхийг уриалмаар байна. Эрсдэлтэй хөдөлмөрт технологийн шийдлийг ашигласнаар зөвхөн эрэгтэйчүүд ажиллах бус эмэгтэйчүүд ч ажиллах боломж бүрдэх юм.

-Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах байдал хангалтгүй байгаад нэг талаас иргэдийн хэнэггүй зан, хариуцлаггүй байдал нөлөөлж байна уу?

-Ер нь бол хэнэггүй хандлага, хариуцлагагүй байдал нь дундаж наслалтад нөлөөлж байгаа. Тухайлбал, судалгаанд та сүүлийн нэг сар, нэг улирал, нэг жилд ч юмуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан уу гэхэд ихэнх нь нэг ч удаа хамрагдаагүй гэсэн хариултуудыг өгсөн байдаг. Өвчин нь тухайн хүний биед сарын дотор хүндрэх, зарим нь 14 хоногийн дотор хүндрэх зарим нь 2-3 сар амьдраад шууд хүнд шатандаа ордог ч юмуу хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Гэтэл 365 хонож байхад нэг удаа үзүүлсэн эсэхээ ч тодорхой мэдэхгүй байна гэж хариулж буй хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг бид юу гэж дүгнэх вэ? гэдэг хэцүү. Бид судалгаандаа малчны хотонд байгаа залуучуудыг бүрэн хамруулж чадаагүй. Бүлгийн ярилцлагын үеэр эрэгтэйчүүдийн хариулж буй хариултаас харахад бидний юу ч өвдөхгүй байхад яахаараа эмнэлэгт очдог билээ гэдэг хандлага маш их анзаарагдсан.

-Эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, зөвлөгөө мэдээллийн асуудал хэр байна вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын тасаг, кабинет хангалтгүй. Тиймээс бид үндэсний хөтөлбөрт 2021 он гэхэд 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасаг, кабинеттэй болсон байна гэх зорилтыг тусгасан. Мөн эрэгтэйчүүдийн эмч бэлтгэгдсэн байна гэх зорилтыг тавьсан. Гэтэл өнөөдөр нэгээс хоёрхон дүүрэг эрэгтэйчүүдийн тасаг, кабинет ажиллуулж байгаа мөн 2-3 аймаг эрэгтэйчүүдийн кабинет байгуулах гээд эхэлж байна. Мэдээж энэ бол хангалтгүй үзүүлэлт. Мөн эрүүл мэндийн салбар зөвхөн эрэгтэйчүүд өвддөг өвчин байна гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр хөвгүүд эрэгтэйчүүдийнхээ эмчийг бодлогоор бэлтгэх шаардлагатай. Мөн байгуулагдаж байгаа хөвгүүд эрэгтэйчүүдийн тасаг, кабинет нь өөрөө урьдчилан сэргийлэх байдлаар ажиллах хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр эрэгтэйчүүд өвдлөө гэхэд хувийн ганц нэг эмнэлгээр л явдаг. Тэгэхээр нэгдсэн эмнэлэгт нь даатгалаар үздэг эрэгтэйчүүдийн тасаг кабинет байх л шаардлагатай юм. Мөн нөгөө талаасаа эрэгтэйчүүд маань үзүүлдэг, очдог, харуулдаг, стрессээ гадагшлуулах зөв арга замаа олох зэргээр өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *