МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй Монголын самрын экспортод тулгараад байгаа асуудлаар ярилцлаа.
-Самар экспортлогч аж ахуйн нэгжүүдэд МҮХАҮТ гарал үүслийн гэрчилгээг ялгавартай олгож байна гэх асуудлын талаар та тайлбар өгөхгүй юү?
-Юуны түрүүнд, хуулийн дагуу ном ёсоороо хийж буй экспортын гэрчилгээ саадгүй гарч байгаа гэдгийг хэлье. Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч доогуур үнээр гаргадаг асуудал олон жил явж ирсэн.Зарим компани стандарт хангаад, олон улсын жишгээр гэрээлээд, орлогоо бүрэн мэдүүлээд, нийгмийн даатгалаа төлөөд нэмүү өртөг шингээгээд экспортолдог. Харин ихэнх нь хятад ченжийн барааг нэг жилийн настай цаасан дээрх компаниар зуучлан стандарт бусаар боловсруулсан түүхий эдийг хууль зөрчин гаргадаг тул хүссэн хүсээгүй энэ асуудал гарч ирсэн. Үүнийг ил тод болгох талаар бид 2020 оноос хойш ажиллаж байна. Анх 2020 оны есдүгээр сард Монголын самрын холбоо, Засгийн Газар ба Танхимын хамтарсан уулзалт дээр энэ асуудлыг хөндөж “Зарим компани хөрөнгө оруулалт татаад, татвар, НДШ-ээ төлөөд явж байхад зарим нь орлогоо нууж, татвараа төлөхгүй байгаа нь шударга бус, гарааны тэгш бус байдлыг бий болгож байгаа тул цэгцэлж өгөөч” гэдэг хүсэлтийг тавьсан. Тэгэхээр маргаан үүсгээд байгаа компаниуд бол үндсэндээ бичиг баримтын зөрчилтэй л гэсэн үг. Түүнээс биш бүх үйл ажиллагаа нь ил тод, хуулийн хүрээнд явж байгаа компаниудад гарал үүслийн гэрчилгээ олгогдоод явж байгаа.
-МҮХАҮТ бизнесийг дэмждэг байгууллага. Олон жил самар гаргах асуудлыг нэг талд нь шийдчихэж болдоггүй юм уу. Иргэд самар түүх нь буруу гэж үү. Амьжиргаагаа залгуулах хэдэн төгрөг олох гэсэн хүмүүс байна. Байгаль дээрээс түүхдээ л модыг гэмтээлгүй, боловсорч гүйцсэн үед нь түүчихвэл болох юм биш үү?
-Манайх дэмжих байтугай бүр бизнес, эдийн эдийн засгийн орчинг сайжруулах үүрэгтэй байгууллага Би 5000 гишүүндээ амлалт өгч сонгогдсон гүйцэтгэх захирал. БОАЖЯ-наас хоёр төрлийн зөвшөөрөл олгодог. Эхлээд самар түүх квот олгоод дараа нь түүснийг нь экспортлох зөвшөөрөл. Европ, Турк, Солонгос, Япон, Америк зэрэг улс орнууд руу хуулийн дагуу ил тод экспортлогддог. Харин хятадууд хуулийн дагуу бус аргаар экспортлох сонирхолтой байдаг. Ингээд бид энэ талаар ченжүүдтэй уулзсан. Хятад ченжүүд түрүүлж мөнгөө өгч бараагаа бэлдүүлж аваад, ихэнхдээ монгол хүнд хөлс өгч монгол хүний нэрээр гаргадаг. Өөрөөр хэлбэл, яг монголчуудын бараа биш болчихсон байдаг. Тиймээс энэ асуудлыг яг нэг дор өөрчлөөд бүрэн мэдүүлэх хэцүү гэсэн юм. Бид ойлгож байгаа. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжихэд бид ямар нэг аргаар түүхий эдээ зарж мөнгө олохоос өөр арга байгаагүй. Гэхдээ одоо 30 жилийн дараа бид түвшин ахихаас өөр аргагүй болсон. Учир нь энэ ил тод бус байдал нь хяналтгүй байдлыг өөгшүүлж, ой модонд хүнийрхүү хандаж, байгальтай хэрцгий харьцаж хушин ой модыг сүйтгэх нөхцөлийг бүрдүүлснээр бизнесийг тогтвортой бус буюу unsustainable болгож байгаа юм. Тэр хятад ченжүүд чинь бидний ой мод, бидний ирээдүйг тоохгүй шүү дээ. Баримттай л ярья, Гадаад харилцааны яамны 2020 оны статистикаар нийт 5 сая ам.долларын самар экспортолсон тухай илтгэлд нь тусгагдсан байсан. Гэтэл бодит амьдрал дээр тэрнээс 10 дахин их гарсан байгаа юм. Үнэн зөв мэдээлэл байхгүй бол төр засаг зөв дүгнэлт, шийдвэр гаргаж чадахгүй. Нэмүү өртөг шингээсэн экспортыг яаж дэмжихээ ойлгохгүй өдийг хүрсэн байна. Монголчуудаа дэмжье гэхээр бүртгэл байхгүй. Тиймээс бид арга мухардаад 2021 онд ченжүүдэд тавьсан шаардлага нь нийт борлуулалтынхаа 30 хувийг ил тод болго гэсэн. Гэвч зарим ченжүүд зөвшөөрөөгүй, “2022 оноос эхэлье” гэж тохиролцсон. Гэвч 2022 онд дахиад л хуучнаараа явна гэнэ. Бид буулт хийгээд “Үгүй ядаж борлуулалтынхаа 10 хувийг ил тод болго” гэлээ. Гэвч тэд дахиад л зөвшөөрөөгүй.
-Самар гаргахад Хятадын талтай ойлголцохгүй ямар асуудлууд байгаа юм бэ?
-Ингээд хоёр талаас маргаан үүсч байгаа юм. Хятадын талаас “Монголд мөнгөө төлөөд авчихсан байгаа бүтээгдэхүүнээ авъя” гэж байгаа бол манай талаас борлуулалтынхаа ядаж 10 хувийг хуулийн дагуу хийж ил тод болго, тэрийгээ цааш нь баруун руу өндөр үнээр зарахдаа “Хятадад үйлдвэрлэв” гэдгээ больж, “Product of Mongolia” гэж бичиж зар гэсэн шаардлага тавьсан. Манай танхимаас энэ шаардлагыг хүлээн зөвшөөр гээд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байхаар Хятадын талаас мөнгөө өгчихсөн хөрөнгө оруулагчид өөрсдийг нь хохироож байна, Монгол Улстай худалдааны маргаантай байна гээд улсынхаа худалдааны танхим буюу Худалдааг дэмжих хороондоо хандсан. БНХАУ-ын Элчин сайдын яам нь ч энэ асуудлыг зөвшилцөж шийдэхийг албан ёсоор хүссэн. Бидний талаас ч мөн асуудал байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, цар тахлын үеэр Монголын нэлээд олон компани Хятадын компаниуд руу мөнгөө шилжүүлчихээд бараагаа авч чадахгүй, очиж мөнгөө хөөцөлдөж чадахгүйн улмаас хохироод байгааг шийдэж өгөхийг хүссэн.
Ингээд дэлхийн 50 гаруй орон нэгдсэн байдаг Олон Улсын Худалдааны Маргаанаас Сэргийлэх, Зохицуулах Байгууллагаар шийдүүлье гэж хоёр талаас тохиролцсон. Энэ байгууллага нь хоёр талын тавьж буй шаардлагуудыг хангуулах замаар худалдааны маргааныг шийддэг зарчимтай. МҮХАҮТ, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT), Олон Улсын Худалдааны Маргаанаас Урьдчилан Сэргийлэх, Зохицуулах Байгууллагатай (ICDPASO) хамтран ажиллах санамж бичиг байгуулж, олон улсын жишигт нийцсэн, ил тод, шударга, худалдааны орчинг бүрдүүлэх чиглэлд 2028 он хүртэл шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай энэ шаардлагыг хангавал, самрын ургацын улирал буюу есдүгээр сардаа багтаж гадны хөрөнгө оруулагчдын шаардлагыг биелүүлье гэсэн байгаа. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хушин ой модоо сүйтгүүлэн байж самар гаргах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Бид 30 хувь биш юм гэхэд 10 хувийг эхний ээлжинд ил тод болгож, 2028 он хүртэл таван жилийн төлөвлөгөө гаргаад, далд байгаа худалдааг бага багаар ил тод, тогтвортой болгоё гэж зорьж байгаа юм. Тогтвортой бизнес, тогтвортой хөгжил. Одоо л ингэж засаж авахгүй бол хяналтгүй бүрхэг байдал, далд эдийн засаг нь хушин ойг сүйтгээд, бид л хохирч үлдэнэ.
-Нэг мэдээлэл яваад байсан. Таныг самрын зөвшөөрөл өгөх гэж зарим компаниас авлига авсан мэт. Энэ ямар учиртай юм?
-Анхнаасаа л ченжүүд 2021 онд намайг мөнгө нэхээд өөрөө авах гээд байна гэж яриа үүсгэсэн. Магадгүй тэгж хэлээд өөрсдөө хятдуудаасаа мөнгө авчихсан ч юм уу. Би ямар нэгэн мөнгө нэхсэн асуудал үүсгээгүй. Харин экспортод гаргах гэж буй бол татварынхаа ядаж 10 хувийг ил тод болго л гэж шаардаж байгаа. Бидний судалгаагаар, жилд ойролцоогоор 15-20 тэрбумын орлогын албан татвар төлөгдөхгүй хэсэг бүлэг хүний халаасанд орж байна. Анхнаасаа ил тод болгоод тавьсан шаардлагыг хангахыг самрын наймаа хийдэг зарим хүн зөвшөөрөхгүй байгаа учраас л эцэстээ маргааныг шийддэг байгууллагаар дамжихаар боллоо.
Энэ бүх асуудлыг 2021 онд ЗГХЭГ-т болон холбогдох албан тушаалтнуудад баримттайгаар танилцуулсан. 2022 онд ч мөн дахин тайлбарласан. Уул уурхай бус экспортын асуудал, тэр дотроо Хятад руу гарахдаа ил тод бус бүрхэг байгаа талаар хэвлэл мэдээллээр ч олон удаа ярилаа. МҮОНРТ-ийн Татварын албатай хамт хийсэн нэвтрүүлэгт ч би энэ талаар ярьсан, хэлсэн. Ийгл ТВ, Блүүмбэргээр ч удаа дараа ярьсан. Бас “Норд Роуд” компани ч энэ талаар “Өдрийн сонин”-д яриа өгч тайлбарласан байна лээ.
-Энэ бүхэн чинь холбогдох төрийн байгууллагуудын хийх ажил биш үү. Яагаад Танхим энийг хөөцөлдөх ёстой юм?
-Бизнес эдийн засгийн орчинг сайжруулахын төлөө ажиллах нь Танхимын хуулиар олгогдсон эрх нь. Нөгөө талаас, бид гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг төр засгийн байгууллагуудын өмнө хамгаалж, ойлгуулах эрх бүхий байгууллага. Хуулиас гадуур, орлогоо нуусан нь ил тод, зөв ажиллаж байгаа гишүүн үйлдвэрүүдийн үнийг унагаж дампууруулаад байх нь Монгол Улсын экспортын хөгжлийг дахиад 30 жилээр хойш нь татаж байна шүү дээ.
-Нэр бүхий хоёр компанид зөвшөөрөл олгосон гээд байгаа нь ямар учиртай вэ. Экспортлох зөвшөөрлийг ямар шалгуураар олгосон бэ?
-Би түрүүн хэлсэн, бусад улс руу хийгдэж буй экспорт ил тод явдаг тул гарал үүслийн гэрчилгээ чөлөөтэй олгогддог. Хятадын ченжүүд л олон жил явж ирсэн далд аргаараа авах гээд маргаан үүсгэсэн. Наймдугаар сарын 8-нд ICDPASO гэрээ байгуулахдаа бид зөвшилцөхөд бэлэн байгаагаа илэрхийлж нэг хятад нэг монгол компанийг хуучин аргаар нь экспортлохыг зөвшөөрсөн. Энэ есдүгээр сардаа багтаад Хятадын авчихсан байгаа бүх барааг гаргаж дуусгана гэх мэт зүйлийг ярилцаж тохиролцсон.Хятадын ЭСЯ-наас санал болгосон байсан “Арвин Ачит” ХХК нь 100 хувь хятад хөрөнгө оруулалттай. Түүнд нь манай талаас нэг монгол компани бас байх ёстой гэж хариу санал тавьж, түрүү жил 30 хувийг ил тод болгох асуудлыг хамгийн түрүүнд зөвшөөрч, хамгийн өндөр үнээр орлогоо бүртгүүлж гаргасан, энэ жил ч хамгийн эхэнд саналаа өгсөн компанийг санал болгож зөвшилцсөн тул энэ хоёр компанид хуучин аргаар нь экспортлуулсан. Бусад компани, ченжүүдэд жишиг болгож үлгэрлэх замаар маргааны гацаанаас гаргах зорилготой юм. Тиймээс, одоо самрын хятад худалдан авагчид ICDPASO гэрээ байгуулж, Монголын талын нөхцөлийг зөвшөөрч экспортлоод эхэлсэн байгаа.
Худалдааны маргааны байгууллага ингэж зуучлан хэлэлцээр хийж зөвшилцөлд хүргэж өөрсдөө үүрэг хүлээсний төлөө хуулийн үйлчилгээний төлбөр авч байгаа байх. Тэр байгууллага ба хятад эздүүдийн хоорондын асуудал. Бид тэдний дотоод асуудалд оролцохгүй. Хятадууд хуулийн дагуу бус аргаар бараагаа экспортлох асуудлыг зохицуулж өгч буй Монгол дахь зуучлагч нь яагаад өмнөөс нь ингэж санаа тавьж маргаад байгааг би хувьдаа ойлгохгүй байна.Хятадын хөрөнгө оруулагчид ч мөн энэ жишгээр хуулийн хүрээнд ил тод үйл ажиллагаа явуулбал бүх боломж нээлттэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголчууд одоо өөр болж, олон улсын жишгээр, харилцан ашигтайгаар гадаад худалдаа хийж чаддаг болсныг бид харуулах ёстой. Тиймээс одоо ченжүүдэд хоёр сонголт бий. Нэг бол шууд хуулийн дагуу экспортлоод 100 хувь ил тод ажиллаж эхлэх, эсвэл ICDPASO хяналт дор хуучин аргаараа экспортолчихоод, энэ жилдээ тэр экспортынхоо 10 хувьтай тэнцэх хэмжээний барааг хуулийн дагуу ил тодоор бүрдүүлэлт хийж гаргах. Үүнийг ICDPASO хянаж мөрдүүлэх үүрэг хүлээсэн. Ингээд 2028 он хүртэл бага багаар сайжруулъя гэж зохицсон.