-Төр данхайж, социализм руу ухарч эхэлжээ. Энэ эрчээрээ үргэлжилбэл 10 жилийн дараа Монгол улс дампуурна-
– МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй ярилцлаа.
-МҮХАҮТ-аас Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд 10000 залуусыг бизнесийн сургалтад хамруулна гэж зарлалаа. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой зэрэгцүүлэн “Бизнесийн сэргэлт” бодлогыг МҮХАҮТ-аас боловсруулсан. Үүний эхлэл болгож 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулах хөтбөлбөрийг эхлүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын бүх салбар ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө бид ажилгүйдлийн тухай ярихдаа мэргэжил, ур чадварын хомсдлын талаар ярьдаг байсан бол өнөөдөр мэргэжил чадвар шаардахгүй ажлын байранд ч ажиллах хүн олдохоо болилоо. Яагаад ийм болчихов гэхээр, нэг талаараа төрөөс явуулж буй халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотой. Ээж аав, эмээ өвөөгийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бусад халамжинд дулдуйдаад болгоод байгаа тул бүхэлдээ идэвх нь суларсан гэсэн судалгаа гарсан. Нөгөө талаас, эдийн засгийн орчин таагүй учраас, ажил бизнес эрхлээд ч нэмэргүй гэсэн гутранги хандлагатай, ирээдүйдээ итгэлгүй байгаа гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Тиймээс МҮХАҮТ-аас залуусдаа бизнес эрхлэх талаар практик мэдлэгийг түгээх, урам зориг өгөх, туршлага хуваалцах, бичил ба жижиг бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулсан юм.
-10 мянган залууг тэгээд ямар сургалтад сургах вэ. Гадаадад сургах юм уу. 10 мянга хүрээд л зогсох уу?
– Хөтөлбөр арваас нэг нь гэсэн хэлбэрээр гурван үе шаттай явна. Эхний ээлжинд 10000 залууг Бизнесийн Удирдлагын хөтөлбөртэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, олон улсын лиценз бүхий “P-MBA” (Personal MBA) сургалтанд хамруулна. Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас (5 бүсээс) 50:50 харьцаатай сонгон суралцуулна. Мөн эр эм хүйсийн харьцаа тавь тавин хувь байна гэж тооцож байгаа. Олон улсад Бизнесийн магистрын сургалтын жилийн төлбөр дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй адилтгах хэмжээний мэдлэгийг бид 10000 залууд түргэвчилсэн хугацаанд олгох нь ээ. Эхний шатандаа амжилттай суралцсан 1000 залууг сонгон авч, англи хэлтэй орнууд болох Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад олон улсын бизнесийн сургалтад хамруулна. Тухайлбал, БНЭУ-ын Засгийн газрын (ITEC буюу “Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны” хөтөлбөрийн хүрээнд тусгай хөтөлбөрийг БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран боловсруулж, эхний ээлжинд 200 хүнийг сургахаар ярьж тохироод байна. Мөн бусад улс орны ЭСЯ, олон улсын байгууллагуудтай ярьж байна. Маш нааштай хүлээж авч байгаа. Гурав дахь шатанд нь бид энэхүү 1000-аасаа 100-200 хүнийг сонгон шалгаруулж, тэднийг шинээр бизнес эхлүүлэх боломжоор хангана. Өөрөөр хэлбэл 100-200 жижиг бизнесийг бид бойжуулна. Сургалтын бүртгэл эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхэлнэ. Дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллана. Яаж хэрхэн бүртгэхийг манай Бизнес академиас МҮХАҮТ-ын вэб сайт, пэйж хуудсаар дамжуулан мэдээлнэ. Энэ хөтөлбөр маань жил бүр 10000 залуус гээд үргэлжилнэ.
-Гурав дахь шатны 100 хүний гарааны бизнесийг МҮХАҮТ санхүүжүүлнэ гэсэн үг?
– Тэгнэ. Тоног төхөөрөмжөөр хангах, хөрөнгө оруулагч олж ажлыг МҮХАҮТ хариуцна. Өөрөөр хэлбэл, “шарк танк” шиг нэвтрүүлгийг амьдрал дээр өргөн утгаар хэрэгжүүлнэ гэсэн үг. Ийм боломж нь бий. Энэ жил 9 сарын 1-нд бид “Бизнес Сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд “ЖДҮ-ийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспо”-г БНХАУ, БНТУ, БНСУ орнуудын холбогдох талуудтай хамтран Монголд зохион байгуулна. Мөн манай Судалгааны институтээс “Монголын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгаа”-г бодит мэдээлэл дээр суурилан нээлттэй санд байрлуулна. Энэ судалгааны дүнд үндэслээд ямар салбарт бизнес эрхлэх боломжтойгоо тодорхойлчихож болно гэсэн үг. Зэрэгцээд ЖДҮ тоног төхөөрөмж, түүхий эд зэрэг нь ямар үнэ ханштай байх зэрэг мэдээлэл нь “ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспо” дээр бэлэн байж байх нь. Тэгээд тэр тоног төхөөрөмжөө зээл тусламжаар авах боломжийг нь бид бүрдүүлж өгдөг ч юм уу, олон талаас нь судалж, цогц байдлаар харж ажиллаж байна.
-Яагаад гэнэт одоо ийм хөтөлбөр зарлаж байгаа юм. Сонгууль угтсан шоу юм биш үү?
-МҮХАҮТ төрийн байгууллага биш. Улс төрийн байгууллага бүр биш. 6000 гишүүнийхээ эрхийг хамгаалдаг, бизнесийн эрүүл зөв шударга орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах тусгайлсан “Танхимын тухай хуулиар” олгогдсон эрхтэй, хувийн хэвшлийнхнийхээ дуу хоолой болж, манлайлан ажилладаг байгууллага. Бидний үндсэн чиг үүргийн нэг. Тиймээс сонгуультай холбох ямар ч утгагүй. Өнгөрсөн оны сүүлээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдож, үүрэгт ажилдаа орсон. Шинэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт багтсан зүйлийн нэг нь “Эдийн засаг дахь бичил, жижиг, дунд бизнесийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх”. Энэ үзэл санаа дээр суурилж “Бизнесийн сэргэлт” бодлого боловсруулагдсан. Энэ дагуу л хийгдэж байгаа ажил. Төр нь улам данхайгаад, албан тушаалтнууд нь авлигадаа бялуурч бааварлаад, хувийн хэвшлийн хийж болох ажлыг хүртэл төр шүүрч авч хийдэг, хувийн хэвшлийн оролцоотой ААН-д Засгийн газар БЭТ томилдог буруу жишиг хүртэл тогтлоо. Компанийн тухай хууль нь байсаар байтал аль БНМАУ-ын үеийн хууль ашиглаад Төр хүч хэрэглэдэг боллоо шүү дээ. Энэ бол бодит түгшүүр. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд гэхэд татварын хувь хэмжээ 3,2 дахин, Төрийн өмчит компаниудын хөрөнгө 12 дахин нэмэгдсэн байна.
– МҮХАҮТ том компаниудын эрх ашгийг хамгаалдаг гэсэн гомдлын үгс сонсогддог. Гэтэл том компаниуд чинь төртэй нийлж хулгай хийж байгаа нь саяхны сонсголуудаар нийтэд ил болоод байна шүү дээ.
– МҮХАҮТ 6000 гишүүнтэй. Топ 10-аас эхлээд нэг хүнтэй жижиг ААН ч гишүүн. Бүгд ижил нэг л саналын эрхтэй. 10000 залуу сургах хөтөлбөр маань гэхэд жижиг дунд бизнесийн хөгжилд илүү чиглэсэн. Өнөөдөр том компаниуд нийт идэвхтэй компаниудын гуравхан хувь. Гэвч тэдний хөрөнгө, төсвөөс авч буй тендерийн дүн 90-ээс дээш хувь. Томчууд төрийн тэндэр, том төслүүдэд албан тушаалтнуудтай хуйвалдан оролцож, ашиг олж байгаа талаар бүгд л сонсголуудаар ил тод сонслоо. Авсан тендер төслүүдээ зөвхөн дангаараа хийх гэж үздэг нь ч бас үнэн. Танхимын судалгаагаар, том компаниуд авсан тендер, төслүүдийнхээ зарцуулалтын 90 хувийг өөртөө шингээж, 10-хан хувь нь л жижиг дундууд руу хуваарилагдаж байна. Баялгийн шударга бус хуваарилалт өрнөж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу “Социализм” манай нөхцөлд дампуурдаг юм байна гэдгийг бид 1990 онд ойлгоод татгалзсан шүү дээ. Гэтэл одоо хурган дарга нар эргээд Социализм руугаа алхаад эхэлчилсэн. Бодвол арай өөрчлөөд “Сошиалисм” гээд англи уран гоё нэр өгөхөөр мөрөөдөж байгаа биз. Энэ байдлыг өөрчилж байж эдийн засаг эрүүлжинэ. Үгүй бол 10 жилийн дараа бид дампуурна. Үүний нэг эхлэл нь Танхимын “Бизнесийн Сэргэлт” бодлого. Ер нь хөгжсөн орнууд Энтерпренер самбаа, санаачилга, оролдлогоо дэмжиж л хөгжсөн түүхтэй. Тодруулбал, 1970-аад он АНУ-ын хувьд эргэлтийн жил буюу дэлхийн анхны удирдлагын капитализмыг тэргүүнд тавихаа больж энтрепренер самбаа, оролдлогыг дэмжсэн анхны улс болсон. Энэхүү хөдөлгөөнөөс л бидний мэдэх Apple, Nike, Xerox, Starbucks, Home Depot зэрэг компаниуд төрөн гарсан байдаг. Ажлын байруудыг маш ихээр бий болгодог тул Америкийн эдийн засгийн салшгүй нэг хэсэг бол энтрепренерүүд байдаг. Тиймээс Энтрепренерүүдийг дэмжих зорилгоор 10000 залууг Бизнесийн мэдлэгтэй болгох ажлыг эхэлж байгаа юм. Цаашлаад энэ хөтөлбөр дөрвөн жил үргэлжилж, илүү олон тооны залуусыг сургах, олон жижиг дунд бизнесийг дэмжих, магадгүй Apple шиг том компанийн эхлэлийг ч тавина гэж итгэж байна.
П.ЖАРГАЛ