-УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-ХҮН, Т.Доржханд гэдэг хүн хэн нэгний дохиураар гарч ярьдаг тийм улстөрч, улстөрийн хүчин биш –
-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы онцлог юу байх бол?
-Энэ удаагийн хаврын чуулганаар гурван асуудалд төвлөрч ажиллах бодолтой байна. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, хоёрдугаарт, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл, гуравдугаарт, манай улсад нүүрлээд байгаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хулгай хийдэг бугшсан асуудалд анхаарч ажиллана. Бид төрийн мөнгийг шамшигдуулдаг, иргэдийн боломжийг хулгайлдаг асуудлыг хэзээ ч мартаж, уучилж болохгүй. Бид ЖДҮХС-гийн мөнгийг мартсан шигээ Хөгжлийн банкны асуудлыг мартаж хэзээ ч болохгүй. Энэ удаагийн хаврын чуулганаар парламентын зүгээс Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, тов тодорхой дүгнэлт гаргаж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох чиглэл, зөвлөмжийг өгмөөр байгаа юм. Түүний дагуу тус банкнаас олгосон чанаргүй, барьцаагүй, хууль бус зээлтэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүн бүртэй хариуцлага тооцох ёстой. Хөгжлийн банктай дандаа улс төрийн албан тушаалтан байсан, одоо байгаа хүмүүс холбогдсон.
Тийм учраас тэдэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг бид шаардаж байна. Миний хувьд дээр дурдсан гурван асуудалд яагаад түлхүү анхаарч ажиллах ёстой вэ гэхээр Монгол Улсын дараагийн 10-30 жил яаж хөгжих, тогтолцоог шийдэх амин чухал асуудал гэж харж байгаа. Хувь гишүүнийхээ хувьд санхүүгийн салбарын шинэчлэлийн асуудлаар үргэлжлүүлж ажиллана. Нийгмийн даатгалын иж бүрэн стратегийг бий болгох тогтоолын төслийг боловсруулж байна. Мөн өмнө нь УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хамт мэдээлэл хийж байсныхаа дагуу улс төрийн ажилтан албан тушаалтан, тэр дундаа УИХ-ын гишүүд, сонгогдсон албан тушаалтнууд тойргоо усалдаг, торддог, бэлэг сэлт, боов боорцог, эд өлгийн зүйл тараадаг байдлыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн барина. Мөн хавтгайрсан шагнал урамшууллыг цэгцлэх цаг нь болсон. Манай улсад төрийн өндөр шагналаар шагнуулаагүй хүн үлдэхгүй нь. Социализмаас өвлөгдөж ирсэн буруу жишгийг халж, улс орныхоо төлөө чин үнэнчээр хөдөлмөрлөсөн хүмүүст үнэ цэнэтэйгээр авах ёстой шагналыг нь өгдөг болох шаардлагатай байна. Цаашлаад шагнал авсан хүмүүст санхүүгийн хөшүүргийн хувьд тодорхой дэмжлэг дагалдуулж, шагналын төрлийгг хязгаарлах саналтай байгаа. Энэ мэтчилэн хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төслүүд санаачлахаар ажиллаж байна.
-Та нэг нам, нэг хүн засагладаг биш ардчилсан парламентын тогтолцоогоо бэхжүүлэхгүй бол Орос, Украин, Казахстанд үүссэн нөхцөл байдал манайд үүсэхийг үгүйсгэхгүй гэж хэлсэн. Бид яагаад заавал парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Би саяхан АНУ-д очих үеэрээ геополитик судалдаг монгол судлаачидтай уулзаад ирсэн. Мөн олон улсын байгууллагынхантай ч уулзсан. Олон улсад сонин сонин нөхцөл байдал үүссэн байна. Миний бие ОУВС-д ажиллаж байхдаа Африк, Латин Америкийн орнуудыг хариуцан ажилладаг байсан. Африкийн олон оронд өнөөдөр дэглэм өөрчлөгдөж, нэг хүний засаглал тогтсон байна. Шулуухан хэлэхэд, нэг хүнтэй ажиллах нь олон хүнтэй ажилласнаас хялбар гэсэн зарчим ажиллаад байх шиг байна. Сүүлийн 10 жил Африкт ямар улс түлхүү хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа эрчимжүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэр бодлогын нөлөөнд их автсан байна. Үүний үр дүнд авлигаар асуудлыг шийдэх хандлага нэмэгдсэн байна. Өнгөрөгч оны сүүлээр америкчууд дэлхийн улс орнуудыг судлаж ардчилсан дэглэмтэй улс хэд байгааг ангилсан байдаг. Дэлхийн 200 гаруй улс орноос 110 нь ардчилсан дэглэмтэйд тооцогдсон. Үүнд манай улс багтсан. Гэтэл 2015 оны байдлаар дээрх үзүүлэлтэд 140-150 орон багтаж байсан. Гэтэл өнөөдөр энэ үзүүлэлт буурч дэлхийн хоёр улсын нэг нь ардчилсан, нөгөө нь авторитар дэглэмтэй болчихоод байна. Гол асуудал нь нэг хүн дангаараа ноёрхдог, засагладаг, дарангуйлал тогтоодог байдал цаашид дэлхийн энх тайван байдалд сөргөөр нөлөөлж, дайн байлдаан, мөргөлдөөн гаргаж байна. Энэ байдал явсаар хоёр том орны дунд оршдог Монгол Улсын хувьд аль талд нь байх, аль нь бидэнд ашигтай байх талаар бодох цаг хугацаа өнөөдөр ирчихээд байна. Дэлхийн улс орнууд бүгдээрээ нийлж нэгдээд 1945 онд НҮБ-ыг байгуулсан. Дайн байлдаанаа зогсоож, энх тайван байдал үргэлжилсний үр дүнд дэлхийн эдийн засаг 8-10 дахин тэлсэн. Хүн төрөлхтний дундаж наслалт 10-20 жилээр нэмэгдэж, өвчлөл буурсан. Хүчтэй нь хүчгүйгээ эзэрхийлдэг, газар нутгийг нь булаадаг, өмч хөрөнгийг хураадаг хүйтэн дайныг давтаж болохгүй. Хэрэв аль нэг хүчирхэг улс манай улс руу дайрвал биднийг хамгаалах хүн байна уу?. Энэ агуулгаар нь аваад үзвэл манай улс ямар ч тохиолдолд ардчилсан нийгмээ бэхжүүлэх ёстой. Ямар ч тохиолдолд дайныг үл тэвчдэг, энх тайвныг эрхэмлэдэг улс байх учиртай. Тэгвэл цаашид бид энэ байдлаа хадгалахын тулд Монгол Улсын төр нь ардчилсан байх шаардлагатай. Ардчилсан төрийн шинж нь олуулаа нийлж шийдвэр гаргадаг,шийдвэр гаргаж байгаа хэсэг нь нийт иргэдээ төлөөлдөг, тэднээсээ сонгогддог буюу парламентын засаглал манай улсад хамгийн тохиромжтой засаглалын хэлбэр юм. Парламентын засаглалтай байх нь чухал юм бол парламентын засаглалыг бэхжүүлэх ёстой.
-Тэгвэл парламентыг бэхжүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ?
-Парламентыг бий болгодог зүйл бол хувь хүн биш, улс төрийн намууд. Монголчууд сүүлийн 30 жил улс төрийн нам биш, хувь хүн нь чухал гэдэг тархи угаалтад автсан. Үүнийг би хувь хүнийхээ хувьд гадны улсын нөлөөгөөр явсан тархи угаалт гэж дүгнэдэг. Харин цаашид парламентын ардчилал бэхэжсэнээр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Монгол Улс парламентын бүгд найрамдах улс байна хэмээн 1992 онд батлагдсан Үндсэн хуульд тодорхой заачихсан. Гэтэл энэ заалт Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаатай зохицуулалтаас болоод бүрэн хэрэгжихгүй байн. Өөрөөр хэлбэл, манай улсад парламент нь иргэдээсээ сонгогддог. Гэтэл дахиад нөгөө талд нь Монгол Улсын төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь иргэдээсээ сонгогддог холимог тогтолцоогоор явж ирсэн. Үүний үр дүнд үе үеийн Ерөнхийлөгчид Засгийн газартайгаа эрх мэдлээ булаацалддаг, өөртөө эрх мэдэл нэмдэг, “хуулийн хонгил” үүсгэдэг, бизнесүүдийг шахдаг, дарамталдаг, өрсөлдөгч улстөрчдөө, улс төрийн хүчнээ, хууль шүүхийн байгууллагаар чирдэг, дарамталдаг, “намнадаг” байдлаар 30 жил явж ирлээ. Энэ байдлаа одоо больё оо. Парламентынхаа систем рүү эргэлт буцалтгүй орохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2027 оноос эхлээд парламентаас сонгодог болох нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Парламентын гишүүдийн тоо цөөхөн юм чинь парламентад олонх болсон намаас нэр дэвшсэн хүн ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай юм биш үү. Ийм байдал үүсвэл харин нэг нам шат шатанд засаглал, дарангуйлал тогтох юм биш үү?
-Дан УИХ-аас сонгоно гэвэл олонхын Ерөнхийлөгч л сонгогдох магадлалтай учраас ийм тохиолдолд УИХ-ыг өргөтгөсөн хэлбэрээр буюу НИТХ, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас буюу тэдгээрийн нийт иргэдээс сонгогдсон 10 мянга орчим хүн бий. Эдгээр иргэдээсээ иргэдийн төлөөлөгчдийг оролцуулсан гэх мэт хувилбар бүхий үндэсний хэмжээний чуулган, хуралдаанаас төрийн тэргүүнээ сонгодог байж болно. Үнэндээ өнөөдөр УИХ-д МАН олонх болсон хэдий ч орон нутагт МАН, АН 50:50 хувьтай засаглаж байгаа. Манай ХҮН-ын тухайд Нийслэл, дүүргийн ИТХ-уудад нийт суудлын 10-15 хувийн суудлыг нь эзэсэн байна. Тиймээс цаашид олон намын төлөөлөл бий болоод ирэхээр тэнцвэр тогтоно. Тиймээс нэг намын дарангуйлал, нэг намын төлөөлөл бүх шатанд гарч, төрийн тэргүүнээр сонгогдоно хэмээн болгоомжлох шаардлага
байхгүй.
-Таны хэлж байгаачлан Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Тэгэхээр ҮХНӨ оруулах шаардлагатай гэж та үзэж байна уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнийг яаралтай хийх ёстой. Тэр дундаа ҮНХӨ-өөр дөрвөн заалт нэмж оруулах хэрэгтэй гэдгийг энэ он гарсны дараахан парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн бүх намууд уулзаж, ярилцаад нэгэн дуугаар санал нэгдсэн.
-Ямар дөрвөн заалт юм бол?
-Нэгдүгээрт, пропорцианаль систем нэвтүүлэх буюу сонгуулийн тогтолцоогоо бүрэн эсвэл хэсэгчлэн хувь тэнцүүлсэн тогтолцоо болгон өөрчлөх холих хэрэгтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, УИХ давжаа байгаа учраас хэдхэн хүний шийдвэрээс олон зүйл хамаарч байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй гэж үзсэн. Нэг парламентын гишүүн иргэдээ төлөөлөх зохист харьцааг тодорхойлдог куб язгуурын аргаар гишүүдийн тоог 150-д хүргэвэл тохиромжтой гэсэн судлаачдын дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Гуравдугаарт, Засгийн газрын тэргүүн нь Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хамгаалахын тулд өөрөө кабинетаа бүрдүүлнэ хэмээн 2019 онд ҮХНӨ-өд тусгасан. Гэтэл үүний хажуугаар Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-аас томилогдож болно хэмээн дээрх заалттай зөрчилдсөн заалт оруулчихсан. Тиймээс цаашид Ерөнхий сайд хэн нэгнээс хамаарахгүйгээр кабинетаа бүрдүүлдэг эрхийг нь өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хүсвэл 100 хувь дан дээлтэй ч байж болно, давхар дээлтэй ч байж болно, эсвэл холимог ч байж болно гэсэн үг. Сонголтыг нь Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Дөрөвт нь дээр хэлсэн Ерөнхийлөгчийг УИХ-ыг өргөтгөсөн үндэсний хэмжээний чуулганаас сонгодог болгох асуудал. Ийм дөрвөн чиглэлээр ҮХНӨ-ийг яаралтай хийх ёстой гэдэг дээр улс төрийн бүх намууд санал нэгдсэн. Нэмээд хэлэхэд, дээр дурдсан асуудлууд 2019 онд ҮХНӨ оруулах үед угаасаа яригдаж байсан. Гагцхүү тухайн үедээ дан болон давхар дээлтэй байх гишүүдийн тоон дээр тохироогүй, УИХ-аас гарсан ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарсан ажлын хэсгийн хоорондын зөрүүтэй саналаас болоод дээрх тов тодорхой, нэн шаардлагатай дөрвөн асуудал орхигдсон. Тиймээс одоо ҮХНӨ-ийг дахин хийх хэрэгтэй. Үр дүнд нь бид парламентын систем рүүгээ эргэлт буцалтгүй шилжинэ. Түүгээр дамжуулж ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, бизнесийн эрх хангагдах
суурь бий болно.
-Үнэндээ ҮХНӨ-д оруулах асуудал олон парламентын нүүр үзэж байж, 2019 онд биеллээ олсон. Тухайн үеийн парламентыг олон жил дуншсан ҮХНӨ оруулсан нь түүхэнд тэмдэглэгдэх гавьяа хэмээн магтаж байсан. Гэтэл ҮХНӨ оруулснаар хоёр жилийн дараа дахиад л өөрчлөлт оруулах талаар ярьж байна. Зарим иргэд МАН ҮНХНӨ асуудлыг дахиж хөндөж чадахгүй байгаа учраас өөр нам, эвслийн төлөөллөөр дамжуулж ҮХНӨ оруулахыг санаархаж байна хэмээн хардаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тодорхой хариулъя. Анх 2021 оны аравдугаар сард чуулган эхэлж байхад миний бие энэ асуудлыг ХҮН-ын судлаачидтайгаа хамтраад тавьсан. Тухайн үед энэ саарал ордонд “Наад асуудал чинь бүтэхгүй. Саяхан ҮХНӨ оруулчихаад дахиад юу гэж өөрчлөлт оруулах вэ. Угтаа дэмжих асуудал мөн үү гэвэл мөн, гэхдээ хийхгүй” гэдэг асуудлыг УИХ-ын гишүүдийн 90 хувь нь хэлж байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд миний бие төрийн тэргүүнээс авахуулаад, УИХ-дын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын бүх гишүүд, АН-ын бүлгийн дарга, удирдлага, гишүүдтэй уулзаж ойлгуулахыг хичээсэн. Он гарсны дараа уулзсан хүмүүсийн дийлэнх нь ҮХНӨ дэмжсэн. Учир нь Казахстаны асуудал гарсан. Казахстанд нэг хүн төрийн эрх барьдаг. Тэр хүний буруу шийдвэрээс улбаалж, газар нутаг, улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг алдах хэмжээнд хүрсэн. Ингэж болохгүй биз дээ. Өнөөдөр Украин, Оросын асуудал ч хурцадмал байна. Хойд хөршид мөн л нэг хүн засагладаг. Нэг хүний гаргасан шийдвэрийн үр нөлөөг нийт иргэд нь үүрч байна. Гэтэл олуулаа шийддэг бол ийм асуудал үүсэхгүй. Өнөөдрийн байдлаар олон гишүүн ҮХНӨ оруулах асуудлыг дэмжиж байгаа. Тиймээс удахгүй ҮХнӨ оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх байх. Яахав онол ярьдаг, янз янзын байдлаар ургуулан боддог хүмүүсийн хувьд МАН ХҮН намаар дамжуулж ҮХНӨ оруулахыг санаархаж байгаа мэтээр ярьж байгаа. Тийм юм байхгүй. Харин ч МАН ҮХНӨ оруулах асуудалд маш их дургүйцэж байсан. Харин эсрэгээрээ АН сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх сонирхолтой байсан. Бусад улс төрийн намууд бүгд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх саналтай байгаа гэдгийг дахин хэлье. Энэ бол нийтлэг асуудал. Дахин хэлэхэд ХҮН, Тогмидын Доржханд гэдэг хүн хэн нэгний дохиураар гарч ярьдаг тийм улс төрийн хүчин, улстөрч биш. Надтай мэтгэлцмээр байгаа хүмүүс олон нийтийн өмнө мэтгэлц. Хардаж байгаа бол хүндэтгэж үзнэ. Хэрэв Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж байгаа бол хэн нэгэн муулж, буруушааж байгаагаас үл хамаараад улс орныхоо үндсэн эрх ашгийн төлөө хатуу зогсоно. Хамтарч ажиллах зүйл дээрээ хамтарч ажиллана.
-ҮХНӨ-тэй холбоотой ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны асуудал бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг олон хулгайн нэг нь. Тэгвэл ЖДҮХС цөлмөдөг, төрийн мөнгийг шамшигдуулдаг, улс орныг хөгжүүлэх ёстой банкийг цөлмөдөг, хулгай дээрэмд холбогддог эрх мэдэлтнүүдийг цаашид төрд алхуулахгүйн, “хөл гарыг нь таслах”-ын тулд юу хийх ёстой юмн бэ. Зарим нэг хүмүүс хариуцлага хүлээж албан тушаалаасаа буусан нэр зүүгээд эргээд илүү их мөнгөтэй газрын дарга болдог, гадаадад Элчин сайдаар томилогддог нь нууц биш болсон шүү дээ?
-Анх УИХ-ын гишүүн болохдоо илэрхийлж байсан байр суурь минь тов тодорхой бөгөөд хэвээрээ байгаа. “Би төрийн санхүүч хүн. Төрийн хулгай дээрэм өнгөрсөн 30 жил цэцэглэсэн. Үүнийг таслан зогсооно” хэмээн иргэдийн итгэлийг хүлээж, энэ саарал ордонд орж ирсэн. Зогсооно. Зогсоохын тулд таны асуусан асуулттай 100 хувь санал нэг байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй хариуцлага тооцоод суудлаас нь буулгахаар эргээд мөнгө төгрөг, агуулах савны хажууд очоод суучихдаг. Эсвэл гадагшаа Элчин сайдаар томилогддог, янз янзын гавьяа шагнал хүртдэг. Энэ юунаас болоод байдаг вэ гэхээр намын буруу тогтолцоо, системээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд гишүүддээ хариуцлага тооцдоггүй. Зөвхөн албан тушаалд нь хариуцлага тооцдог байдлаар явж ирсэн. Тиймээс Хөгжлийн банкны асуудалд холбогдсон, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүст хоёр төрлийн хариуцлага тооцъё. Нэгдүгээрт, төрийн мөнгөнөөс хулгай хийсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хариуцлага тооцож, улсыг 100 хувь хохиролгүй болго, Хөгжлийн банкианд буцаан тушаа, мөнгө нь байхгүй бол барьцаанд байгаа хөрөнгө мөнгийг нь зарах хэрэгтэй. Хоёрдугаарт, таны хэлсэнчлэн дараагийн боломжуудыг хааж, “хөл, гарыг нь таслах” хэрэгтэй байна. Нөгөө талаар төрийн томилгоонд ордог, энэ тэнд шагналын албан тушаалд томилогддог, мөнгөнд ойртдог байдлыг хязгаарлахын тулд улс төрийн хариуцлага тооцох учиртай. Улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, улс төрийн нам нь түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн иргэнийг ямар нэгэн байдлаар төрийн албан тушаалд томилдоггүй байх, бусад улс төрийн хүчнүүд хүлээж авдаггүй болох ёстой. Ердөө л энэ.